Мөн энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар Монголын Үндэсний Олимпийн хорооны урилгаар манай оронд айлчилж байгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Биеийн тамир, спортын агентлагийн дарга Владислав Матвеевич Бумбоскин, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын газрын дэд дарга Ли Жи Ёо нарын хамт хүрэлцэн ирсэн юм.
Ч.Наранбаатар дарга Африкийн олон оронд спортын ордон барьж ашиглалтад оруулсан туршлагатай Хятадын “Шанхайн барилгын ерөнхий групп “маш сайн ажиллаж байгааг энэ үеэр дуулгасан. Мөн барилгын төслийг хариуцан ажиллаж байгаа хятадын талын захирал Жон Зи Вэй, энэхүү спортын ордон ашиглалтад орсноор тив дэлхийн хэмжээний спортын тэмцээн уралдааныг зохион байгуулан явуулах бүрэн боломжтойг хэлээд, барилгын ажлыг энэ оны найман сарын дундуур эхний ээлжинд хүлээлгэн өгч, есдүгээр сард бүрэн ашиглалтанд оруулах боломжтойг танилцууллаа.
Энэхүү ордон нь БНХАУ-ын 111 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил 95 орчим хувьтай байна. Тус спорт ордон нийт 5045 хүний суудалтай, тоглолт явуулах гол талбайн хэмжээ нь 2950 м2 хэмжээтэй, 260м2 хэмжээтэй бэлтгэлийн хоёр жижиг заал болон нийт 134 өрөө тасалгаатай юм байна. Үүнд, албан тасалгааны болон аж ахуйн зориулалтаар ашиглах 32, нийтийн бие засах 35, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах болон хэвлэл мэдээллийн 30, тусгай зориулалт болон техникийн 37 өрөөтэй.Мөн спортын ордонд уралдаан тэмцээн явагдахаас гадна соёлын арга хэмжээ явуулахад зориулагдсан гэрэлтүүлэг болон акустикийн орчин үеийн шаардлагад нийцсэн нөхцөлтэй байхаар шийдэгдээд байгаа талаар УИХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.