Дараах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оржээ

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

Дараах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оржээ

1. Хүнсний тухай хууль 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан ба баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэх тухай зохицуулалт уг хуульд нэмэгджээ.

2. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ба хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал, хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэхээр заажээ.

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах, сэргээн засах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний зардлын 70 хувийг нөхөн олгох, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйлчилгээний болон эдгээр байгууллагад тавих стандартыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран боловсруулж, Стандартчиллын төв байгууллага батлах зэрэг зохицуулалт бүхий заалтуудыг нэмсэн.

4. Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан ба ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоог боловсролын, нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролын үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, сэтгэл зүйч, сувилагч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулах, ерөнхий боловсролын тусгай сургууль нь сэргээн засалтын кабинет, танхимтай байх,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга эзэмшсэн байх зэрэг зохицуулалтуудыг нэмж оруулсан байна.

5. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, эмч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болох ба нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог боловсролын нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтоох, сургуулийн өмнөх боловсролын тусгай цэцэрлэг нь сэргээн засалтын кабинет, танхимтай байх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга барилыг эзэмшсэн байх тухай нэмэлт заалтуудыг оруулжээ.

6. Боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багшид хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7.8-д заасан нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр олгож байхаар нэмэлт зохицуулалттай болжээ. 

7. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зүйл, заалтыг нэмж оруулсан.

8. Нийгмийн халамжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ, өдрийн үйлчилгээг үзүүлэх, тухайн хүүхдийг хөгжүүлэх төв, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг холбогдох стандартын дагуу зохион байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн халамжийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран шийдвэрлэх ба иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл өгөх, өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд үр дүнтэй хамруулах зорилгоор эрүүл мэнд, боловсролыг дэмжих зэрэг нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай зуучилж өгөх зэрэг зохицуулалт бүхий хэсэг, заалт нэмэгдсэн байна.

9. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан ба үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ автобусыг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх ба 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж