Мөн хуралдаанаар Монголын банкуудын холбооны төлөөллийг хүлээн авч мэдээллийг нь сонслоо. Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийг идэвхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан зарим заалт эдийн засгийг тэтгэж байгаа арилжааны банкуудыг элгээр нь хэвтүүлэх эрсдэл дагуулж буйг Монголын банкуудын холбоо мэдээлж, МАН-ын бүлгээс дэмжлэг хүссэн байна. Мөн улсын эдийн засаг хямрах бүх нөхцөл бүрдсэн, төр засгийн бодлогогүй үйл ажиллагаа үүнд нөлөөлж байгааг ч тэд онцолжээ. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийг идэвхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчид болон Монголбанкны удирдлагуудын мэдээллийг бас сонсож, асуудлыг тал бүрээс нь сайн судалж байж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа гэлээ. Мөн баялаг бүтээгчид, томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь дахин сонсохоор төлөвлөж байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон. Энэ долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын нэгдсэн хуралдаанд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Энэ мэдээлэл нь УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчиж байгаа учраас хуулиа мөрдөхийг шаардсан шаардлагыг УИХ-ын даргад өгөх аж.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол царцаасан 243 объектын талаарх аудитын дүгнэлтийг өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ын бүлгээс завсарлага авсан шалтгааныг тайлбарлав. Энэ асуудлаар МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа гэв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "2012 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ-аас баталсан 60 дугаар тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүрэг хэрэгжээгүй. Тухайлбал, энэ тогтоолын 1.3-т "Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг УИХ баталж байхаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж 2012 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх" гэсэн заалт хэрэгжээгүйг бүлгийн дэд дарга Д.Оюунхорол онцлов. Түүнчлэн 2014 оны төсвийн хуульд "0" дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хугацаа удааширсан шалтгааныг тогтоож дөрөвдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүл гэсэн үүргийг УИХ-ын 63 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн ч биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороо энэ асуудлыг санаачлан УИХ-д оруулж ирж байгаа нь Төсвийн хууль зөрчиж байна. Тийм учраас Ардын намын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан" гэв.Төсвийн тухай хуулийн 9.1.2-т заасны дагуу УИХ зөвхөн төсвийг батлах үүрэгтэй бөгөөд төсвийг төлөвлөх, төсвийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх асуудал нь Засгийн газрын чиг үүрэг байхаар хуульчлагдсан. Гэтэл УИХ гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлэх чиг үүргийг шууд хийж төсвийн хуваарилалтыг тогтоож байгаа нь хуультай зөрчилдөж байна. Засгийн газар УИХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийг удаа дараа биелүүлэхгүй байна. Хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрийг Засгийн газар нь хэрэгжүүлдэггүй болсны бодит жишээ нь Төсвийн хуулийг дагалдаж гарсан УИХ-ын 60, 63 дугаар тогтоолын хангалтгүй хэрэгжилт гэж бүлэг үзжээ.
Мэдээллийн дараа бүлгийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслөөс "Шударга ёс" эвслийн бүлгийн авсан завсарлагыг юу гэж дүгнэж байгаа вэ?
-Манай бүлгийн хувьд хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Ер нь УИХ-ын гишүүд хуулийг 90 хоног уншаад шийдэлд хүрэхгүй байна гэж байхгүй. АН-ын бүлгээс 65 хоног завсарлага авсны дараа орж ирж байгаа хуулийн төсөл дээр эвслийн бүлэг тодорхой эрх ашгийн үүднээс завсарлага авсан гэж бид харж байгаа. Засаглалын хямрал улс орны эдийн засгийн хямралд хүргэж байгааг бид цаг алдалгүй засч залруулах ёстой.
-Хэрвээ Засгийн газар огцрохгүй бол УИХ-ыг тараана гэж яригдаж байсан. Энэ асуудал бүлэг дээр яригдсан уу?
-Улс орны эдийн засгийг доройтуулсан албан тушаалтнуудад хариуцлага ярих эрх нь нээлттэй байгаа. Энэ асуудлыг үе шаттай ярина. Эхний ээлжинд хууль эрх зүйн асуудлаа шийднэ, цаашлаад Монголбанк, УИХ-ын асуудал яригдана. УИХ ажлаа хуулийн дагуу явуулах чадамж байна уу, үгүй юу гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ асуудлаар ярих цаг болсон. Парламентын ардчилал устаж, зөвшилцөл үгүй болсон, олонхиороо хүч түрж хуулийг уландаа гишгэдэг болсон. Сөрөг хүчний бүлгийн гишүүд нэг байнгын хороонд, "давхар дээл"-тэй гишүүд 2-3 байнгын хороонд харьяалагдаж байгаа. "Давхар дээл"-тэй, ажлаа хийж чадахгүй түүртэж яваа Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа УИХ байх уу, үгүй юу гэдэг асуудал аяндаа яригдана.
-Эдийн засгийг идэвхжүүлэх төсөлд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг бүлгийн хуралдаанаар ярилцсан. Өнөөдөр эдийн засгийн уналтыг яаж тогтоох вэ гэдгийг хэлэлцэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн. Монгол Улсын улс төр нь гадаадад өрийн сүлжээнд байна. Гадаадын банкийг Монголд оруулж ирэх асуудалд нухацтай хандах ёстой гэсэн байр суурьтай байна.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах гишүүд нь ярилцъя гэсэн. Энэ асуудалд нухацтай хандах ёстой.