Огцруулах үндэслэлд Х.Тэмүүжин тайлбар өглөө

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

Огцруулах үндэслэлд Х.Тэмүүжин тайлбар өглөө

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухай үндэслэлээ танилцууллаа. Гишүүн  О.Баасанхүү Засгийн газрын гишүүнийг огцруулахаар гурван үндэслэл тавьсан байна. Нэгдүгээрт, хууль зөрчиж, хариуцлага алдсан. Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалттай эмнэлгийн зориулалтыг дур мэдэн өөрчилж,  шийдвэр гаргахдаа УИХ-ын  бүрэн эрхэд халдаж, 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоол Засгийн газраас гаргуулсан нь Төсвийн тухай хууль зөрчсөн. Түүнчлэн Засгийн газрын 122-р тогтоолын дагуу эмнэлгийн доторхи эмнэлгийн тоног төхөөрөмжийг эвдэж, 3,2 тэрбум төгрөгийн аппаратыг эвдэж, хариуцлага алдсан.  Хоёрдугаарт, хариуцсан салбараа удирдах чадваргүй.  Сайд Х.Тэмүүжин нь сайд шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын ажлаа удирдан зохион байгуулж чадахгүй байна. Тухайлбал, 2011 онд 19 мянга 197 гэмт хэрэг улсын хэмжээнд бүртгэгдэж байсан бол 2012 онд 22 мянга 89, 2013 онд 25 мянга 312 болж нэмэгдсэн байна. Гэмт хэргийн нөхцөл байдлаас харахад хариуцсан салбараа удирдаж чадахгүй гэж үзэж байна. Гуравдугаарт,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа нь хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, хүний эрхийн асуудал хөндөгдөж байна зэрэг үндэслэлүүдээ танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хууль зүйн байнгын хороо хуулийн хугацаанд энэ асуудлыг хэлэлцэж  эхэлсэн. Гэхдээ байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой тодорхой мэдээлэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хэлэлцэх бүрэн мэдээлэлгүй байна. Тиймээс энэ асуудлыг гишүүд мэдээлэлтэй болсны дараа хэлэлцэх  горимын саналаар санал хураалгаж өгөхийг Хууль зүйн байнгын хорооны даргаас хүссэн" юм. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Гишүүд мэдээлэлгүй байгаа учраас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрөө мэдээлэл хийх ёстой байх. Түүний дараа бүрэн мэдээлэлтэй болоогүй бол горимын саналаар санал хураая" гэсэн санал гаргасан. 

Ингээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн огцруулах үндэслэлүүдэд тайлбар өгсөн юм. Тэрээр хэлэхдээ,  Нэгдүгээрт, Төрийн тусгай хамгаалалттай эмнэлгийн зориулалтыг дур мэдэн өөрчилж, Төсвийн тухай хууль зөрчсөн гэсэн байна.  Энэ шийдвэрийг Хууль зүйн сайд дангаараа биш Засгийн газар гаргадаг. Төсвийн захиран зарцуулах хуультай холбоотой. Хэрэв хууль бус гэж бодож, УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж үзэж байгаа бол Аудитын шалгалт хийж, дүгнэлт гаргуулах боломжтой. Хоёрт, 3,2 тэрбум төгрөгийн  MRI /Эмирай гэж монголчлон дууддаг/ аппарат эвдсэн гэж байгаа боловч энэ аппаратыг барилгын ажил дуусаагүй үед ажиллуулах нь үргүй зардал гарна гэж үзсэн учраас түр хугацаагаар зогсоосон байгаа. Энэ аппаратад ямар нэг гэмтэл гарсан зүйл байхгүй. Гуравт, хариуцсан салбараа удирдах чадваргүй гэж гэмт хэрэгтэй холбоотой статистик тоо гаргасан байна. 2013 онд гэмт хэргийн гаралт өссөн нь үнэн. Энэ нь  хоёр шалтгаантай. Тодруулбал, нийгэм, эдийн засагтай шууд холбоотой. Мөн цагдаагийн байгууллага зөрчил, гэмт хэргийг тусад нь бүртгэж, шаардлагатай тохиолдолд зөрчлийг гэмт хэргийн бүртгэлд шилжүүлдэг байсан. Үүнээс болж  өмнөх жилүүдэд хуурмаг статистик гардаг байсан учраас гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлийг цагдаагийн байгууллага дээр нарийн бүртгэдэг болсон. Өөрөөр хэлбэл, ирсэн гомдол бүрийг бүртгэж байхаар болсон.  Мөн нутаг дэвсгэрт цагдаагийн хүртээмжийг нэмэгдүүлээд ирэхээр иргэд гомдлоо их гаргаж байгаа нь гэмт хэргийн тоо нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа. Дөрөвт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр олон асуудал ярьсан байна. Үүн дээр хүний эрхийн байгууллагаас олон гомдол ирдэг. Хүний эрхийн стандарт хангахгүй байгаа шүүмжлэлийн дагуу 1500 хоригдлын хорих байрыг барихад хоригдлуудыг ажиллуулах байдлаар хохирол барагдуулах, нийгэмшүүлэх ажлыг шинэтгэлийн хүрээнд хийсэн. Өөр ч олон ажил бий гэлээ.

Сайдын тайлбарын дараа Д.Ганбат гишүүний горимын саналаар санал хураалгаж, хуралдаанд оролцсон нийт 15 гишүүний 13 нь дэмжсэнээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж