Залууст батламж гардуулав

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

Оюутолгой компани болон Залуу удирдагч соёл солилцооны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдан манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамж сургалтуудыг амжилттай дүүргэсэн нийслэлийн ерөнхий боловсролын 27 сургуулийн 46 залуу манлайлагч батламжаа гардан авлаа.  

Тус компани Монголын шилдэг оюутан залуусыг дэмжиж, тэднийг дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 20 оюутан гадаадын, 135 оюутан дотоодын тэтгэлэгт хамрагдаад байна. Тиймээс сурагч оюутнуудыг улам чадавхижуулах зорилгоор ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Батламжаа гардан авсан Чингэлтэй дүүргийн Гадаад хэлний төрөлжсөн 23 дугаар дунд сургуулийн 11-Г ангийн сурагч О.Хулан “Би энэ хөтөлбөрт хамрагдахын тулд өөрийн хүсэл мөрөөдлийнхөө талаар эссэ бичсэн. Миний эсээ шалгарч хөтөлбөрт хамрагдсанаар өөрийгөө илэрхийлэх, бусдыг манлайлах, багаар ажиллах гээд олон чухал зүйлд суралцаж авсандаа туйлын баяртай байна” гэв. Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн 11-В ангийн сурагч Т.Амартүвшин “Би гэр хорооллын сургуульд сурдаг. Манлайллын хөтөлбөр нь бидэнд өөрийгөө танин мэдэх, өөртөө итгэлтэй болох, бусдыг манлайлах чадваруудад сургаж маш их эрч хүчийг өглөө” хэмээн өгүүлж байна.  

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж