Энэ үеэр МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх “МХЕГ бусад төрийн байгууллагуудыг бодвол ЗТЯ-тай илүү ойр, нягт хамтран ажиллаж ирсэн. Энэ эрч хүчээ алдахгүйгээр ажиллах боломж байна. 2014 оны эхний гурван сарын байдлаар орон нутагт 220 мотоцикль осолдож, 20 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Түүнчлэн Монголын замын нөхцөлд таарахгүй хуучин дугуй импортоор ихээр оруулж ирж байгаа нь осол гарахад нөлөөлж байна. Энэ мэтчилэн хоёр байгууллага хамтрын ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлагатай байна” гэлээ.ЗТЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Бямбажав “Хуучин тээврийн хэрэгсэл, автомашины дугуй, зэргийг импортоор оруулахгүй байх чиглэлээр БНСУ-тай хэлэлцээр хийж байна. Манай улсад усан замын тээвэрт хяналт тавих ажил орхигдож байгаа гэдгийг хэлмээр байна. Одоо тээврийн хяналтын хуудас байгаа боловч авто замын зураг төслийн ажил дээр тавих хяналт муу байгаа. Энэ тал дээр МХЕГ дорвитой ажил хийж, хяналт шалгалтыг замын зураг төслийг хийж байх үед нь тавимаар байна. Замын чанар муу гэж яригдаж байгаа нь зураг төслийн ажилд тавих хяналт сул байгаагаас шалтгаалдаг. Авто замын хяналтын хуудастай болох хэрэгтэй” гэсэн юм.
Сүүлийн жилүүдэд замын чанар муугаас зам тээврийн осол гарах нь ихэссэн, импортоор машины хуучин дугуй, хятад мотоцикль маш их орж ирж байгаа нь осол зөрчлийн багагүй хувийг эзэлж байгаа. Тиймээс Хятадаас импортоор оруулж ирж байгаа хятад мотоцикль, БНСУ-ын хуучин машин, сэлбэг хэрэгсэлд хяналт тавихаар Зам, тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн авто тээвэр, авто зам, төмөр замын тээврийн улсын байцаагчдын хяналтыг сайжруулж, тогтмол хяналт тавьж ажиллуулах ажлыг улам эрчимжүүлэх ёстой юм байна.
Ийнхүү Зам, тээврийн яам болон Мэргэжлийн хяналтын газар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар зам, тээврийн салбарт хийх хяналт шалгалтыг өндөржүүлэх ажил эхэлсэн талаар албаныхан онцоллоо.