Монголын тамирчин, ОУХМ Н.Бат-Эрдэнэ мэргэжлийн муай-тай боксчдын дунд цуврал болон зохиогддог WMC I-1 ангиллын тэмцээний аваргын төлөө дөрөвдүгээр сарын 28-нд тоглоно. Хонгконгийн “Стар” спорт ордонд болох энэхүү тэмцээнд ОУХМ Н.Бат-Эрдэнэ 60 кг-ын жингийн аваргын төлөө Тайландын тамирчин Юдкумрантай хүч үзнэ. Манай тамирчин Н.Бат-Эрдэнэ өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн Тайланд улсад бэлтгэлээ базааж, Кох самуй, Аюуттаяа, Паттаяа зэрэг хотод болсон мэргэжлийн халз тулаануудад амжилттай оролцоод байгаа юм. Тэрээр мэргэжлийн рингэнд 14 удаа тулалдсан харьцангуй туршлага багатай тамирчин юм.
Харин ОУХМ Н.Бат-Эрдэнийн өрсөлдөгч Юдкумран мэргэжлийн муай-тай боксын WMC I-1 ангиллын тэмцээний гурван удаагийн аварга юм. Юдкумран мэргэжлийн рингд нийт 241 удаа халз тулаан хийсэн аж.
Мөн энэ тэмцээнд ОХУ-ын Наталъя Дячкова "Мишээл" клубын нэрийн өмнөөс тулалдахаар болсон юм. Манай дасгалжуулагч О.Алтанпүрэв ОХУ-ын тамирчинг дасгалжуулан оролцоно.
Б.БИЛЭГ