
“Өмнө нь жагсаал цуглаан зохион байгуулахдаа индэр засч, түүн дээр өндөр тушаал горилогсод цагаан хоолой барин, төрийн эрх баригчдыг шүүмжлэн “цамнадаг” байсан. Харин өнөөдрийн жагсаал үгээ олон нийтэд, төрийн өндөрлөгүүдэд хүргэхээр цугласнаар ялгаатай” гэдгийг тайван жагсаал зохион байгуулагчид, оролцогчид хэлж байна.
-Та бүхний санал, гомдлыг төрийн өндөрлөгүүд сонсч байгаа болов уу гэх асуултад,
-Сонстол, шийдвэрлэтэл тайван жагсаал хийж сануулсаар байх болно гэж Монголын түрээслэгчдийн нэгдсэн холбооны гишүүн тун итгэлтэйгээр хариулж байна.
Хаврын улиралд жагсаал, цуглааны тоо нэмэгддэг. Үүнийг бид “хаврын синдром” гэж нэрлэдэг. Хэдийгээр эх оронд дутагдаж, хэрэгтэй байгаа зүйлсийг жагсаалаар олон нийтэд хүргэдэг ч нь цуглааныг санаачлагч нь улс төрийн шоу хийсэн тохиолдол нь олон.
Харин өнөөдрийн “Монголын нэг өдөр” сандалтай, тайван жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Монголын нийгмийн амьдралын нэг өдрийн зургийг байгаагаар нь ямар ч хачиргүй дэлгэн харуулъя. Хоорондоо ярилцъя. Эх баригч, шийдвэр гаргадаг албан тушаалтан, нийслэлийн өндөр хар байшин /Нийслэлийн Захирагчийн ажлын алба/, Төрийн ордонд суугаа хүмүүсийг бүгдээрээ танилцаасай. Юу нь болохгүй байгаа, яагаад бидний шийдвэр бодит амьдралд нийцэхгүй буруу байгаа юм гэдгийг олж харахад нь туслах гэсэн юм. Иргэдийнхээ үгийг төрийн өндөрлөгүүдэд сонсгоно. Иргэд энд ирж үгээ хэлж байна. Хүн бүр өргөдөл, гомдол бичиж байна. Тэр хүмүүсийн өргөдөл гомдлыг бүгдийг бичгээр хүлээн авна. Холбогдох газар хүргэх болно гэлээ.

Өнөөдрийн жагсаалыг яагаад сандалтай зохион байгуулж байгааг сонирхвол,
-Би олон удаа жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Жагсаалд оролцох хүмүүсийн дийлэнх нь өндөр настан ирдэг. Тэд удаан зогсч чадахгүй. Ядраад явчихдаг. Тэгэхээр тэдэндээ асуудлаа сонсч, ярилцах, хэлэлцэх, дотроо шүүн тунгаах бололцоог олгохын тулд сандал тавьсан юм гэлээ.
"Монголын нэг өдөр" жагсаалд оролцож буй иргэд олон төрлийн уриа, лоозонг барьжээ. Заримаас нь онцлон дурдвал, “Малгүй болсон монголын иргэд энэ орны иргэн мөн үү”, “Монголчууд аа, газрын баярлаг руугаа байгалаа сүйтгэн байж өргөн фронтоор дайрч болохгүй”, “Соёлын сайд та Сууц өмчлөгчдийн холбооны соёлгүй байрны зовлонг мэдэх үү”, “Олон намын систем, олон шашны урсгал энэ нийгэмд хэрэгтэй юу”, “Тэтгэвэр нэмсэн нь хөгшчүүдийг доромжилсон. Бага тэтгэврийн хэмжээг нэмэх хэрэгтэй байна” гэсэн уриа лоозон барьсан байна.
“Түрээсийн хуулийг яаралтай баталъя. Мөнгө хүүллийг зогсооё” гэсэн лоозон барьсан Монголын түрээслэгчдийн нэгдсэн холбооныхонтой уулзлаа.
Тус холбооныхон “Түрээслэгчид бид хол ойр, том жижгээс үл хамааран стандарт хангаагүй талбайд олон шалгууртайгаар, өдөр бүр айдсын дарамттайгаар борви бохисхийлгүй ажилладаг. Амрах завгүй, гэр бүл, үр хүүхдүүддээ ч тухтай зав гаргаж амжихгүй ажилладаг мөртөө түрээслэгчийн эрх, ашгийн дагуу ажилладаг. Түрээслэгч ажлын байрнаас үндэслэлгүйгээр хөөх, түрээсийн үнээ үндэслэлгүйгээр нэмэх, түрээсийн гэрээгээ зөрчих бол энгийн үзэгдэл боллоо. Тиймээс түрээсийн хуулийг яаралтай баталж өгөхийг эрх баригчдаас шаардахаар гарын үсэг цуглуулж байна” гэлээ.
Ийнхүү өдрийн 12:00 цагт эхэлсэн тайван жагсаал 14:30 цагийн үед хүмүүс нь цөөрч эхэллээ. Төрийн өндөрлөгт санал, гомдлоо хүргүүлэхээр зорьсон энэ тайван жагсаал үр дүнг дөрөвдүгээр сарын 16-ны лхагва гаригт хэвлэлийн хурал зарлаж, тайлагнах аж.