
Монгол орны төдийгүй бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих ажилд иргэний нисэхийн салбарынхан хамтран ажиллахаар боллоо. ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Санамж бичигт тусгаснаар Тусгай хамгаалалттай газар нутагт гарч болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон түймэр гарсан тохиолдолд талууд хамтран ажиллахаар болжээ. Хамгаалалтын захиргааны зүгээс Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг гаргаж өгөх ба энэ дагуу нь ИНЕГ-аас түймрийн мэдээг цаг алдалгүй Хамгаалалтын захиргаанд мэдэгдэж байх юм.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутагт нислэг үйлдэхдээ агаарын тээврийн компаниуд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авсан эсэхэд хяналт тавих ажээ. Түүнчлэн нислэгийг зөвшөөрсөн татгалзсан талаарх мэдээллийг ажлын нэг хоногт багтаан шийдвэрлэж байхаар болжээ. Байгалийн гамшиг болон гал түймэр гарсан, хүний амь нас аврах, эсвэл гэмт хэрэгтэнг илрүүлэх, эрэн сурвалжлах зэрэг зайлшгүй шаардлагатай үед урьдчилсан зөвшөөрөлгүй нислэг үйлдэж болох ба эдгээрээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам төвшинд нислэг үйлдэхийг хориглох талаар санамж бичигт тусгасан байна.