Гучин хоёр цагаан шүд

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Гучин хоёр цагаан шүд

Бидний элэнц хуланц шүдний сойз, шүдний ооны тухай өчүүхэн төдий ч ойлголт байгаагүй. Кариес гэж юу байдгийг ч тэд мэддэггүй байсан. Харин тэдний хэрэглэж ирсэн модон чигчлүүр, нүүрс нь өнөөгийн шүд арчилгааны хэрэгсэлтэй яаж дүйхэв. Гэсэн ч шүдний эмч нар таны гучин хоёр цагаан шүд супер орчин үеийн тоноглолоос илүүтэй энгийн шүдний оо, сойзыг хэрхэн хэрэглэж буйгаас шууд хамаардаг хэмээн нотолж байна.

Шокаладнаас болгоомжил !
Бид хүнсний бүтээгдэхүүнийг калорлог, калорлог биш хэмээн ангилдаг. Харин шүдний эмч нар шүдээ эрүүл байлгахыг хүсч буй хэнд ч арай өөр өнцгөөс зөвлөж байна. Тэдний ангиллаар бол шүдний кариесыг идэвхижүүлдэг, халтай нэг хэсэг хүнсний бүтээгдэхүүн байхад, нөгөө хэсэгт нь шүдэнд ямар ч хортой үйлчилгээ үзүүлэхгүй бүтээгдэхүүн багтаж байна.

Шүд хорхойтуулдаг ангиллын хүнсний бүтээгдэхүүнд хамгийн түрүүнд шокалад, зөгийн бал, чавга, төрөл бүрийн хатаасан жимс, банана, чихэр, гурилан бүтээгдэхүүн, дээр нь мэдээж элсэн чихэр орж байна. Шокалад гэхэд л аманд орсон цагаасаа эхлэн амны хөндийн бичил биетүүдтэй "нөхөрлөж" тэднийг үржүүлж эхэлдэг юм.

Гэвч гэм хоргүйд тооцогдох хүнсний жагсаалт нь илүү урт болох бөгөөд жагсаалтыг сүү, тараг, цөцгийн тос, бүх төрлийн ногоо, чихэрлэг багатай жимс, хар гурилан бүтээгдэхүүнүүд тэргүүлнэ. Мэдээж хэрэг, гэм хоргүй хүнс гэхээр хооллосны дараа шүдний завсарт шигдсэн үлдэгдлүүд нь бактерийг үй түмээр нь үржүүлэхгүй гэсэн хэрэг огтхон ч биш. Үлдэгдлүүд нь шүдийг аажимдаа алгуур өвчлүүлдэг. Тиймээс ямар нэг хүнсний бүтээгдэхүүнийг онц аюултай, аюулгүй хэмээн ангилах нь аливаа эрсдэлийг бууруулсан хэрэг биш юм. Амаа усаар зайлснаар асуудал шийдэгдэнэ гэж өөрийгөө хуурах хэрэггүй. Гол нь, юу ч идсэн бай дараа нь таны аманд түүний амтыг сануулах юу ч үлдэх ёсгүй. Ингэхийн тулд шүдний сойз, торгон утас, бохь алиныг ч хэрэглэж болно. Сонголт хийх нь таны хэрэг. Гэхдээ бүгд өөрийн гэсэн онцлогтой.

Танд тохирсон шүдний оо хамгийг чухал
Египетээс хамгийн эртний шүдний оог олсон гэдэг. Тэр нь МЭӨ 3000-5000 онд хамаардэг юм. Тэд тун хачирхалтай аргаар буюу шатаасан өндөгний хальс, уушгин чулууны нунтаг, үхрийн туурайны үнсний зуурмагаар "оо" –г хийж байж. Түүнээс хойш олон зууны туршид хүмүүс савангаар шүдээ цэвэрлэж иржээ. Орчин үед бол харин өргөн сонголт бүхий өчнөөн олон төрлийн оо худалдаалж байна. Гэхдээ өөрийн шүдэнд тохирсон сонголтыг шүдний эмчийн зөвлөгөөний дагуу хийх хэрэгтэй.

Тэд таны шүдэнд төдийгүй таны уудаг усны онцлогт тохируулан зааварчилгаа өгөх болно. Фтор, йод, кальци – энэ бол мэдээж сайн, гэхдээ микроэлементүүд биед илүүдэхийн адил дутагдахдаа ч хүсээгүй үр дагаврыг учруулдаг. Шүдний оо таныг кариесаас хамгаалж чадна хэмээн зуун хувь найдсаны хэрэггүй. Оо хэрэглэх нь шүд хорхойтож эхэлж буй явц зогсчихно гэсэн хэрэг огт биш. Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн нээлтээр оонд агуулагдах фтор, түүний найрлага нь шилдэг урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Энэ бодис нь эмаль шүдний бүрхүүлийг бэхжүүлж өгдөг.

Оо хэрэглэснээр шүдний чулууг зайлуулж болох уу?
Мэргэжилтнүүд "тийм" гэсэн хариулт өгөхөөсөө эргэлзэж байна. Ингэхийн тулд өдөрт 4-5 удаа шүдээ угаах хэрэгтэй болно. Ингэж хүчилж олон удаа угаах нь чулуунаас салахаас илүүтэй шүдний пааланг гэмтээх аюултай. Шүдний ооны найрлагад цинк, пирофосфат гэсэн чулуу үүсэх явцыг удаашруулдаг бодис агуулагддаг байна.

Буйлнаас цус гарах үед эфирийн тос, витаминаар баяжуулсан шүдний оо хэрэглэвэл тун тохиромжтой. Ямар ч байсан хэсэг хугацаанд цус гаралтыг тогтоож чадах ч уг шалтгааныг нь арилгаж чадахгүй. Тамхи их татдаг хүмүүсийн хувьд цагааруулах үйлчилгээтэй шүдний оог илүүтэй сонгон хэрэглэ. Гэхдээ дэндүү урт хугацаагаар эсвэл ойр ойрхон их хэрэглэвэл шүдний пааланг гэмтээж мэдрэмтгий болгодог.

Синтетик үстэй шүдний сойз хамгийн сайн
Амьтны үсээр хийсэн шүдний сойз нь бичил биетүүдийг өөртөө агуулж байдаг тул тохиромжгүй. Тэгэхээр та амны хөндийгөө элдэв бичил биетүүдийн үржиж торнидог үүр уурхай болгохыг хүсээгүй бол мэдээжийн хэрэг синтетик үстэй сойзыг сонгох хэрэгтэй. Тэгэхдээ:
-Сойзны урт нь шүд болон буйланд хэт их ачаалал өгөхөөргүй дунд зэрэг байвал тохиромжтой. Зөөлөн үстэй сойзийг буйлны үрэвсэлтэй үед л хэрэглэх хэрэгтэй.
-Шүдний сойз нь шүд хоорондын зай, завсрыг сайн цэвэрлэх боломжтой байх
-Сойзны төгсгөл хэсэг нь хагас дугуйрсан л байх хэрэгтэй
-Арзайсан сойзоор шүдээ угаах нь буйланд халтай
-Шүдний сойзыг гурваас дээш сар хэрэглэж болохгүй. Илүү урт хугацаагаар хэрэглэсэн сойз элдэв халдвар тээгч болдог.
-Хэрэв таны буйл үрэвсэлтэй бол уян хөдөлгөөн бүхий иштэй зориулалтын сойз хэрэглэ гэсэн эдгээр зөвлөгөөг заавал мөрдөөрэй.

Торгон утас
Сойз нь шүдний гадаргуугийн 30-аас илүү хувийг цэвэрлэж чаддаггүй. Тиймээс шүдний эмч нар торгон утсыг шүдний завсар хоорондохыг цэвэрлэхэд хэрэглэж байхыг санал болгодог. Хэрвээ мяндас нь хэт нарийхан биш бол буйлыг гэмтээх магадлал бага болно. Мяндас нь олон давхар, нэг бүдүүн ширхэгтэй, хайвтгай, дугуй, цардсан, цардаагүй гээд янз бүрийн байдаг. Торгон утсаар л сойзны хүрч чаддагүй тэр хэсгийг цэвэрлэх бүрэн боломжтой болдог байна.

Бохь
Энэ бол шүд цэвэрлэх бас нэгэн хэрэгсэл. 60-70 оны үед бохь нь жинхэнэ жигшүүрт зуршил мэт ойлгогдож байсан бол харин 90-ээд оноос биеэ авч явах соёлын салшгүй нэг хэсэг болон хувирсан түүхтэй. Яагаад гэвэл:
– Хооллосны дараа цаг хагас хэртээ бохь зажилахад ходоодны шүүс ялгарч хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлж өгдөг. Гэхдээ ходоодны хүчил ихтэй хүн тун болгоомжтой хэрэглэх хэрэгтэй юм.
– Бохь зажилснаар эрүүний яс бэхэждэг байна. Гэхдээ яг энэ зорилгоор бол алим түүхий лууван идэх нь илүү дээр.
– Бохь нь маш сайн урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
– Сахар орлуулагч бүхий бохь нь кариесыг зогсоож чаддаг. Үйлчилгээ нь тун энгийн . Дундаж настай хүний амны хөндийд дунджаар 50 тэрбум орчим бактер байдаг байна. Харин шүлсэнд эмалийн хүчлийг саармагжуулдаг минерал бодисууд агуулагдаж байдаг. Харин бохь зажилснаар шүлсний бүтэц найрлага нь өөрчлөгдөж, шүдний бүрхүүлийг бэхжүүлэх олон тооны минерал бодисоор баяжуулж өгдөг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж