Д.Оюунхорол: Төр хувийн хэвшилдээ нэрмээс болмооргүй байна

Хуучирсан мэдээ: 2014.04.13-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: Төр хувийн хэвшилдээ нэрмээс болмооргүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Су.Батболд, Д.Сумъяабазар нараас Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүнд хандаж тавьсан асуулгын хариуг сонслоо. 
УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тавьсан асуулга нь уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой байв. Уул уурхайн сайдын мэдээллээр Монгол Улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран Нарийн сухайт, Бороо, Төмөртэй ордуудыг тогтвортой байдлын гэрээгээр, Оюутолгойн ордыг хөрөнгө оруулалтын гэрээгээр тус тус ашиглаж байна. Харин газрын тосны салбарт нийт 21 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас нэг нь дуусгавар болж, 21 нь хүчин төгөлдөр байгаа аж. 
Харин сүүлийн үед хамгийн их анхаарал татах болсон Оюутолгойн  далд уурхайн санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой асуудлын тухайд Засгийн газрын зүгээс анх тохирсон өгөөжийн харьцааг аль болох эвдэхгүй, өөрчлөхгүй байх шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьж буй юм байна. 
Асуулгад өгсөн дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Ганбат, С.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Оюунбаатар, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар асуулт тавьж, мөн саналаа хэллээ. 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:-Асуулгын дүнд энэ салбарт дэмжлэг үзүүлэх, нөлөөлөх улс төрийн шийдвэрүүд гарна байх гэж ойлгож байна. Газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан тогтвортой байдал, бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн асуудлыг хэлэлцэж байх үед янз бүрийн маргаанууд гарч байсан. Гадна дотнын аж ахуйн нэгжүүд уул уурхайн салбарт олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэтэл Засгийн газар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдээсээ санал авч байна уу. Хөрөнгө оруулагчдаа сонсохгүйгээр хуульдаа өөрчлөлт оруулах шийдвэрүүдийг гаргаж, эрх зүйн орчныг өөрчлөөд байгаа нь гаднын хөрөнгө оруулалт 54 хувиар буурах, эдийн засаг уруудахад нөлөөлж байх шиг. 
Монголын эдийн засгийн амин сүнс болсон том төсөл бол Оюутолгой. Сайн муу гэж олон талаас нь их шүүмжилдэг ч энэ төслийг хөдөлгөсөн нь өөрөө их том ололт байсан. Мэдээж гэрээ байгуулахад гарсан алдаа оноогоо өнөөдөр засч залруулах чиглэлээр иргэд, иргэний нийгэм, УИХ-ын олон гишүүн үгээ хэлдэг. Энэ бол Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудал. Гэтэл энэ уурхай маань өнөөдөр баяжмал, борлуулалтынхаа ажлыг ямар хэмжээгээр гаргаж чадаж байгаа юм бэ. Хэдий хэмжээний дэмжлэгийг эдийн засаг болон татварт үзүүлж байгаа вэ.  Төрийн зүгээс яг ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ. Төр хувийн хэвшлээ дэмжиж чадахгүй юмаа гэхэд нэрмээс болохгүй байхыг сануулмаар байна” гэсэн юм. 
Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж