
Украины зүүн хэсгийн Донецк мужид энэ дөрөвдүгээр сарын 12, 13-нд хоёр өдрийн гашуудал зарлажээ. Гэхдээ энэ нь Укрианы зүүн хэсгийн нутагт Оросыг дэмжигчдийн үүсгэсэн нөхцөл байдалтай холбоогүй аж. Харин Донецкийн “Скочинский” нүүрсний уурхайд осолдсон уурхайчдын дурсгалыг хүндэтгэх үүднээс хоёр өдрийн гашуудал зарласан тухай мужийн захирагч Сергей Тарута мэдэгджээ. Гашуудлын өдрүүдэд Донецкийн засаг захиргааны удирдлагын байрууд дээрх Украины тугийг бөхийлгөж, бизнес, урлаг соёл, спорт албаны арга хэмжээнүүд болохгүй гэнэ.
“Скочинский” нүүрсний уурхайд өчигдөр /IV.11/ хий дэлбэрснээс том осол гарсан аж. Тухайн үед 53 хүн уурхайд ажиллаж байснаас долоо нь амь үрэгдэж, есөн хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
Үүний зэрэгцээ Украины Донецк болон Луханск хотуудад Оросын талыг баримтлагчид тусгаар тогтнуулахыг шаардан, эсэргүүцлийн жагсаал хийж, захиргааны байруудыг эзлэн, бүслээд буй юм.