Эдийн засаг яагаад маш хүнд байсныг эргэн сануулъя. Өнгөрсөн онд гадаад худалдааны алдагдал хоёр тэрбум ам.долларт хүрсэн. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурсан. Ингээд нэг ёсондоо өнгөрсөн онд Монголын эдийн засагт дөрвөн тэрбум ам.доллар “сох дутсан” юм. Үүний үр дүн ам.долларын ханшийн чангарал. Уг нь өнгөрсөн оны долоодугаар сар хүртэл инфляци сайхан буурсан. Хотын инфляци бол бүр долоон хувьд хүрч буураад байлаа. Харамсалтай долоодугаар сараас хойш ам.долларын ханш “тэсэрсэн”. Аргагүй шүү дээ. Бүтэн жил гарангийн турш тэрбум гаруй ам.долларын гадаад худалдааны алдагдал хүлээгээд, дээр нь хөрөнгө оруулалт 50 хувиар буураад, Оюутолгой төсөл урагшлахгүй гэдэг нь долоодугаар сард үндсэндээ тодорхой болсон юм. Энэхүү эдийн засгийн хүнд байдлыг нэг тийш шингээхгүй бол цаашдаа нөхцөл байдал улам л хүндрэхээр байсан. Хүндрэлийг шингээх ганц цэг нь ханш болсон юм. Монголын эдийн засагт байсан өвчлөлийн голомтыг устгах “хамгийн их өвдөлттэй” хэсэг энэ байсан.
Монголд 20 гаруй жилийн турш төгрөгийн ханш маш чанга, тэр хэрээр бүх бараа, бүтээгдэхүүнээ гаднаас импортолж ирсэн. Гэтэл импортынх нь гол валют болох ам.доллар, юанийн ханш огцом өсөнгүүт, импортлогч компаниуд тун хүнд байдалд орсон. Одоо ч хүнд байдалтай хэвээрээ л байна. Тэд одооноос эхлэн аргагүй эрхэнд импортоо багасгаж байна. Импорт багасч, экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад худалдааны алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг 20 дахин буурлаа. Өмнөх оны мөн үед 300 сая ам.долларын алдагдал хүлээж байсан гадаад худалдаа 2014 оны эхний улиралд ердөө 9 сая ам.долларын алдагдал хүлээв. Нэг ёсондоо огт алдагдалгүй гадаад худалдаа гэсэн үг.
Үнэндээ ам.долларын ханш 1400 төгрөгтэй тэнцэж байх үед үнэндээ хэнд ч үйлдвэрлэх сонирхол байсангүй. Ханш чанга учраас гадаадаас худалдаад авчих нь хямд тусаж байсан болохоор тэр. Харин өнөөдөр ханш 1780 төгрөгт хүрлээ. Одоо хүн бүр гаднаас үргэлж зөөгөөд байх бус бага ч болов юмаа дотооддоо хийдэг болъё гэж байна. Хоёр ханшийн зөрүү 380 орчим төгрөг. Найман сарын хугацаанд ханш ийнхүү чангарчээ. Ханшийн энэхүү өөрчлөлт нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах үнэ цэн юм. Импортлогчдын хувьд үнэхээр хүнд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ цаашдаа Монгол Улс үргэлж импортлоод байдаггүй бага ч болов бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болох учиртай. Энэ нь Монгол Улсын хэтийн ашиг сонирхол, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл юм. Тийм учраас энэ тохиолдолд импортлогчдод “уучлаарай” л гэж хэлэхээс өөр аргагүй болж байна.
Эх сурвалж: www.eagle.mn