УИХ-ын эмэгтэй гишүүд номын дуу сонсч байна

Хуучирсан мэдээ: 2014.04.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын эмэгтэй гишүүд номын дуу сонсч байна

УИХ-ын эмэгтэй гишүүд, Македон Улсын парламентын гишүүн Таня Томич болон Европын холбооны аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институци, хүний эрхийн байгууллагын төлөөлөгчдийн хамтарсан сургалт өнөөдөр /2014.04.12/ Төрийн ордонд эхэллээ.

УИХ-ын эмэгтэй гишүүд, гишүүдийн зөвлөх, туслахууд сургалтад оролцож байна

 

Сургалтыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлэв

Сургалтыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээн үг хэлсэн юм. Тэрбээр, УИХ дахь эмэгтэй гишүүдтэй туршлагаа хуваалцахаар ирсэн зочдод талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо 1990 оноос хойш тун цөөн байсан гээд өмнөх парламент гурван эмэгтэй гишүүнтэй байсныг тэмдэглэсэн. УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь болгон хуульчилсны дүнд 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй сонгогдсон хэмээгээд хэдий гурван өөр намын төлөөлөл ч гэлээ эмэгтэй гишүүд бүлэг байгуулан хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, эхчүүд, эрүүл мэнд, боловсролын асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болсон хэмээн онцолсон юм. Энэ удаагийн сургалт парламент дахь эмэгтэйчүүдийн тоог, тэдний парламент дахь үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд том түлхэц болно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

 УИХ-ын эмэгтэй гишүүд сургалтын үеэр

Өнөөдрийн сургалтаар Македон Улсын парламентын эмэгтэй гишүүдийн бүлгийн туршлагыг сургалтад оролцогчид хуваалцсан юм. Тус улсын парламентын гишүүн Таня Томич харьцуулсан кейс судалгааг танилцуулсан. Зөвшилцөл хэрхэн бий болгох, бүлгийн бүтэц зохион байгуулалт, бүтээмжийг дээшлүүлэх, тулгарсан саад бэрхшээлийг даван туулах хамтын бодлогын талаар Македоны парламентын туршлага дээр тулгуурлан гишүүд ярилцсан юм. Сургалтад УИХ-ын эмэгтэй гишүүдээс гадна тэдний туслах, зөвлөхүүд мөн оролцож байгаа юм.

Гишүүд сургалтын завсарлагаанаар

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл төлөөлөгчдийн хамт

Маргааш эмэгтэйчүүдийн бүлгийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох талаар Европын холбооны аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын сайн туршлага дээр үндэслэн ярилцах юм. Сургалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж