Манай улс гурван жил дараалан жил бүр гадаад худалдаан дээрээ 2 тэрбум ам.долларын алдагдалтай явсаар ирсэн. Энэ алдагдлаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаар балансжуулж байсан. Гэтэл 2012 оны сүүлээс гадаад секторын нөхцөл байдал муудаж гарах урсгал хэвээр байвч, орох урсгал 50 гаруй хувиар татарсан. Иймд нөхцөлд ямар арга хэмжээ авах нь зөв бэ? Үүнийг яаж засах вэ? Ийм их алдагдалтай яваад байвал эдийн засагт ямар үр дагавар учрах вэ?
Олсон мөнгөнөөсөө илүү ихийг импортоор гаргаад байгаа болохоор манайд үлдэж байгаа мөнгө багасаад байна гэсэн үг л дээ. Нэг ёсондоо импортын бараанаас хэтэрхий хамааралтай байна. Энэ бол гажуудал. Мэдээж гаднаас импортоор бараа бүтээгдэхүүн худалдаж авч болно, гэхдээ энэ нь дотооддоо үйлдвэрлэх боломжгүй зайлшгүй зүйл байх ёстой. Тухайлбал, Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг импортоор авах нь зүйн хэрэг. Гэтэл эх орондоо үйлдвэрлээд хэрэгцээгээ хангаад байх боломжтой бараа бүтээгдэхүүнээ дотооддоо л үйлдвэрлэх хэрэгтэй. Ийм байдлаар дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай. Ингэж байж л тэр мөнгөө дотооддоо үлдээж чадна. Дээрээс нь импортоор орж ирж буй бараандаа шинжилгээ хийх шаардлагатай байна.
Арилжааны банкууд гадны импортыг бараанд лизингийн зээл өгөхөө болих хэрэгтэй. Ингэж хэрэглээг өөгшүүлсэн, импортыг дэмжсэн байдлаар ажиллах нь зохисгүй. Монголын брэнд болсон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс бий. Гэхдээ үүнийг нэг цогц болгож, бодлогоор дэмжин, хөгжүүлэх нь урт хугацааны хөгжлийн гарц болох учиртай.
2014 оны 1 дүгээр улиралд гадаад худалдааны алдагдал 9.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 97.7 хувиар буюу 386.8 сая ам.доллараар буурлаа. Гадаад худалдааны алдагдал багасч, тэнцэл эерэг болох нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ? Цаашид гадаад урсгал сайжирч, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдвэл ямар бодлого баримтлах нь зүйтэй вэ?
1 дүгээр улирын статистикаас харахад гадаад худалдааны алдагдал буурч тэнцэл эерэг гарах хандлага ажиглагдаж байна л даа. Үүнийг шууд сайн гэж хэлэхэд хэцүү. Ирэх саруудын тоог мөн харах хэрэгтэй. Урт хугацаанд эерэг гараад эхэлвэл эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Тансаг хэрэглээний импорт буурч байгаа бол сайн хэрэг. Цаашид гадаад валютын урсгал сайжирч манайд орж ирэх валютын урсгал нэмэгдвэл тэргүүн ээлжинд хөгжүүлэх ёстой салбарууд руу мөнгө хувиарлах хэрэгтэй. Харин эсрэгээрээ халамжийн хавтгайруулсан бодлогоо явуулаад эхэлвэл манай улс эргээд юу ч үйлдвэрлэдэггүй, эрээний бараагаар угжуулсан гажиг бүтэцтэй хэвээр үлдэнэ. Тэгэж ард түмнээ угжиж амьтан болгосон бодлого явуулж болохгүй. Мэдээж тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих тусгай бодлого явуулах хэрэгтэй. Тэрнээс биш хөдөлмөрийн насны залуучуудаа бэлэнчлэх сэтгэлгээнд сургах нь буруу. Хамгийн гол нь орж ирэх мөнгөө дотооддоо үлдээж ажлын байр бий болгосон, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого явуулж, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтөө бий болгох, гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлэх нь чухал.
Манай улс гурван жил дараалан жил бүр гадаад худалдаан дээрээ 2 тэрбум ам.долларын алдагдалтай явсаар ирсэн. Энэ алдагдлаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаар балансжуулж байсан. Гэтэл 2012 оны сүүлээс гадаад секторын нөхцөл байдал муудаж гарах урсгал хэвээр байвч, орох урсгал 50 гаруй хувиар татарсан. Иймд нөхцөлд ямар арга хэмжээ авах нь зөв бэ? Үүнийг яаж засах вэ? Ийм их алдагдалтай яваад байвал эдийн засагт ямар үр дагавар учрах вэ?
Алдагдал өндөр байвал үндсэндээ эдийн засгийн аюулгүй байдал гэдэг зүйл алдагдана. Өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй, уул уурхайд тулгуурласан эдийн засагтай. Дан ганц уул уурхайг шүтээд байвал Голланд өвчинд нэрвэгдэж уул уурхайн түүхий эдийн дэлхийн зах зээл дэх үнэ унахад дагаад хямарна л гэсэн үг. Манай улс бүх бараагаа шахуу импортоор авдаг. Олон жил ингэж явлаа, одоо өөрчлөх цаг нь болсон. Эдийн засгийн гол салбартаа хөрөнгө оруулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортоо дэмжиж байж л манай улс цаашдаа хөгжинө.
2014 оны 1 дүгээр улиралд гадаад худалдааны алдагдал 9.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 97.7 хувиар буюу 386.8 сая ам.доллараар буурлаа. Гадаад худалдааны алдагдал багасч, тэнцэл эерэг болох нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ? Цаашид гадаад урсгал сайжирч, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдвэл ямар бодлого баримтлах нь зүйтэй вэ?
Гадаад худалдааны алдагдал багасч байгаа нь сайн хэрэг, эдийн засаг эмчлэгдэж байна гэсэн үг. Манай улс хэдий чинээ өрсөлдөх чадвар сайтай сайн бүтээгдэхүүн гаргана, экспортын орлого сайжирч тэр хирээр эдийн засгийн чадавхи нэмэгдэнэ. Гадаад худалдааны алдагдал буурч байгаа нь манай үйлдвэрлэгчид экспорт руу чиглэж байгаатай холбоотой, түүнчлэн импорт хумигдаж байна. Манайх шиг бүх юмаа импортолдог орон бараг байхгүй байх. Дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг импортолно гэдэг бол бодлогогүй алхам. Төрийн бодлого цэгцтэй, хүнд сурталгүй, тодорхой, гаргасан шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй. Ингэж байж хөрөнгө оруулалт тогтвортойгоор нэмэгдэнэ. Харин үүнийг зөв зарцуулж хуримтлуулах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
Манай улс гурван жил дараалан жил бүр гадаад худалдаан дээрээ 2 тэрбум ам.долларын алдагдалтай явсаар ирсэн. Энэ алдагдлаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаар балансжуулж байсан. Гэтэл 2012 оны сүүлээс гадаад секторын нөхцөл байдал муудаж гарах урсгал хэвээр байвч, орох урсгал 50 гаруй хувиар татарсан. Ийм их алдагдалтай яваад байвал эдийн засагт ямар үр дагавар учрах вэ? Үүнийг яаж засах вэ?
Гадаад худалааны өндөр алдагдалтай удаан явбал эдийн засаг сульдана. Өөрөөр хэлбэл энэ нь эдийн засгийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах сөрөг нөлөөтэй. Бид мэдэж байгаа. 2012 оноос эдийн засгийн нөхцөл байдал муудаж валютын орох урсгал өнгөрсөн оны мөн үеэс үндсэндээ 50 гаруй хувиар буурсан. Ингэж валютын орох урсгал багасах нь долларын ханшийг чангаруулж, импортын барааны үнийг нэмэгдүүлсэн. Импортоос хүчтэй хамааралтай манайх шиг эдийн засагтай улсын хувьд энэ нь хүндээр туссан нь ойлгомжтой.
Урт хугацаанд импортыг орлох бүтээгдэхүүн хийх нь чухал. Харин богино хугацаандаа доллар орж ирэх шууд урсгалыг сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал, Таван толгой, Оюутолгой зэрэг том төслүүдээ яаралтай ажиллуулах шаардлагатай. Ингэж байж манай улсад доллар орж ирнэ. Өөр нэг гарц нь гадаад зах зээлээс доллараар зээл авахаас өөр гарцгүй. Эсвэл импортын урсгалыг хязгаарлах хэрэгтэй.
2014 оны 1 дүгээр улиралд гадаад худалдааны алдагдал 9.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 97.7 хувиар буюу 386.8 сая ам.доллараар буурлаа. Гадаад худалдааны алдагдал багасч, тэнцэл эерэг болох нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ? Цаашид гадаад урсгал сайжирч, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдвэл ямар бодлого баримтлах нь зүйтэй вэ?
Гадаад худалдааны алдагдал буурч, төлбөрийн тэнцэл эерэг болох нь мэдээж сайн үзэгдэл. Гэхдээ шууд сайн гэж хэлэхэд хэцүү. Ямар бүтцээр буурч байна вэ гэдгийг нь сайн ажиглах хэрэгтэй. Үнэхээр хэрэглээнд чиглэсэн импорт буурч байгаа бол сайн хэрэг. Манай улсын хувьд үйлдвэрлэлийн бүтцээ зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Тэгэж байж импортыг орлох бүтээгдэхүүн гаргаж, дотоодын үйлдвэрлэлээ сайжруулах боломжтой. Ер нь валютын орох урсгал Монголд тогтохгүй байна. Валютын орох урсгал нэмэгдсэн тохиолдолд Төвбанкныхаа нөөцөө нэмэгдүүлэх нөгөө талаас талаас урт хугацаанд үр ашиг өгөх салбаруудыг санхүүжүүлэх, тухайлбал хөдөө аж ахуйн салбарт суурилсан хөрөнгө оруулалтуудыг хийх нэн шаардлагатай байна. Тэрнээс биш өмнөх жилүүдийн алдааг давтаж бэлэн мөнгө тараах гэх мэтээр хэрэглээг дэмжих нь зохисгүй.