Уул уурхайн яамнаас няцаалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Уул уурхайн яамнаас няцаалт хийжээ

2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Tsag.mn 24 цаг mn, Fact.mn, сайт дээр “Financial times” сонин Уул уурхайн сайдыг “тэнэг толгой” гэж тодорхойлов” гарчигтай нийтлэл гарсан байна. Энэхүү нийтлэлд баримтын ноцтой алдаа гарсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг 3 дугаар сард Канад улсын Торонто хотод зохион байгууллагддаг “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-үзэсгэлэн”-д оролцохдоо “Ройтерс”, “Блүүмберг” телевизүүдэд албан ёсоор ярилцлага өгсөн. Гадаадын өөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-үзэсгэлэн”-д оролцох үеэр Канад Улсын Байгалийн нөөцийн сайд Жо Оливер “Блүүмберг” телевизүүдэд ярилцлага өгөх үеэрээ ”Монгол улс хөгжлийнхөө зөв замаар явж байгаа, Канад Улс Монгол Улстай харилцах харилцааг чухалчилж үздэг” гэдгээ илэрхийлсэн. Мөн Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал асан Камерон Макрэй “Монголын уул уурхайн салбар зөв зам дээрээ гарч ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчид ямар ч эргэлзээгүй монголд хөрөнгө оруулах цаг” гэж, мөн манайд хамгийн анх хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байгаа Канадын “Сентерра гоулд” компанийн санхүү эрхэлсэн захирал “Монголын уул уурхайн салбарт итгэх итгэл сэргэж байна. Бид Гацууртын ордод 50 сая ам. долларын хөрөнгө оруулсан, цаашид 270-320 сая ам. долларын хөрөнгө нэмж оруулахад бэлэн байна" гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Канад Улсын Байгалийн нөөцийн сайд Жо Оливерын Блүүмберг телевизүүдэд өгсөн ярилцлагыг эндээс үзнэ үү?

Дэлхийн нэр хүндтэй “Financial times” сонинд Монгол Улсын Уул уурхайн сайдын талаар ийм нийтлэл гарсан эсэхийг судалж үзэхэд дээрх сонинд албан ёсоор ийм нийтлэл нийтлэгдээгүй, блог дээр бичсэн хувь хүний сэтгэгдэл байна.

“Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-үзэсгэлэн”-ийн үеэр олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад эерэг уур амьсгалтай болсныг онцлон тэмдэглэж байсан.

Ийнхүү баримт нотолгоогүй нийтлэл гаргасан tsag.mn, 24 цаг mn, Fact.mn сайт Уул уурхайн сайдаас уучлал хүсч албан ёсоор залруулга гаргана уу.

Уул уурхайн яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж