
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэргийг шалгаж дууссан уу?
-Ё.Отгонбаярыг БСШУ-ы сайдаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан, бусдыг айлган сүрдүүлж, дээрэмдэх хэргийг захиалсан гэх хэргүүдийг шалгаж байгаа. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын явцад татварын байгууллагаас шаардагдах материал, баримтуудыг авч, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна.
-“Нийслэл өргөө” компанийн захирлын тендерийн мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалт ямар шатандаа байна вэ?
-“Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг барилга барих тендерт шалгарч, төрөөс авсан их хэмжээний мөнгөөр хувийн өр ширээ дарж, үрэн таран хийж шамшигдуулсан, тендер сонгон шалгаруулалтад хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх хэрэгт сэжигтнээр татсан. “Нийслэл өргөө” компани нь Яармагт баригдаж байгаа 300 ортой IV амаржих газар, Үндэсний архивын газрын барилга, Баян-Өлгий аймагт баригдаж байгаа зэрэг олон барилгын ажлын тендерт шалгарсан хэрнээ мөнгөө үрчихээд барилгаа барихгүй байгаа юм. Ийм зүйл байж болохгүй шүү дээ.
-МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Билэгсайхан өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулахаар болсон гэж мэдээлээд байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай гэж үзсэн үү?
-Тийм, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг МИАТ компанийг төлөөлж, БНСУ-ын “Se You” компанитай гэрээ хийсэн гэх асуудлаар шалгаж эхлээд байна.
-Энэ хэрэгт МИАТ-ийн бусад удирдлагуудыг шалгаж байгаа юу?
-БНСУ-ын компанитай гэрээ байгуулахад оролцсон МИАТ-ийн удирдах төвшний бусад ажилтнууд, хэлтсийн дарга нарыг шалгаж байгаа.
-Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний суудлаас эргүүлэн татах тухай хүсэлтийг АТГ-аас УИХ-д хүргүүлсэн гэж үнэн үү?
-Тэгсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай холбоотой гомдол цагдаагийн байгууллагаас мөрдөж байгаа хэрэгтэй холбоотой, мөн зарим хөрөнгө орлогоо Д.Сугар мэдүүлээгүй байна гэсэн асуудлыг ирүүлсэн. Үүний дагуу хяналт шалгалтыг явуулсан. Мөрдөн байцаалтын явцад Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор данс, томоохон хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон. Хуулиар бол албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг тавьж шийдвэрлүүлэх ёстой байдаг.
-“Хөтөлийн цемент шохой”-н захирлуудын хэргийг прокурорт шилжүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-АТГ-аас “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын 20 хүнийг тус компанид их хэмжээний төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт шилжүүлээд байгаа.