АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтон өчигдөр /IV.10/ Лас Вегас хотноо хог хаягдлыг дахин боловсруулах худалдааны байгууллагын /ISR/ хуралд оролцжээ. Хурлын үеэр Хиллари Клинтоныг тайзан дээр үг хэлж байхад нэгэн эмэгтэй түүн рүү халдахыг завдсан байна. Энэ үед хамгаалагчид шаргал үст тэр эмэгтэйг тайз руу гарахаас өмнө зогсоосон аж. Гэвч тэрээр шазруун зангаар өрөөсөн гутлаа тайлж, Хиллари Клинтон руу нүүлгэж орхисон байна. Азаар АНУ-ын экс тэргүүн хатагтай Хиллари Клинтоны зүг нисч ирсэн гутал түүнийг оноогүй аж. Үүний дараа хаалттай хуралд зөвшөөрөлгүй шургалж, Хиллари Клинтон руу халдахыг завдсан эмэгтэйг цагдаа нар баривчилж оджээ.
Өдгөө 66 настай Хиллари Клинтон нь АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий гэдгээрээ олны танил нэгэн билээ. Үүнээс өмнө 2008 онд АНУ-ын экс Ерөнхийлөгч Жорж Бушийг Иракийн нийслэл Багдад хотод хэвлэлийн бага хурал хийж байх үеэр Мунтазер аль-Зайди гэх сэтгүүлч түүн рүү гутал шидэж байсан юм. Энэ хэргийн улмаас Мунтазер аль-Зайди гурван жил шоронд хорих ял сонссон аж. Гэхдээ тэрээр сайн хүмүүжигч байсан тул жилийн дараа шоронгоос суллагдаж байжээ.
Б.АНХТУЯА