Мал төллөлт 54,5 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Мал төллөлт 54,5 хувьтай байна

Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 19,4 сая хээлтэгч мал тоологдсон талаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ. Үүнээс олон жилийн дунджаар 80,0 хувиар төл авна гэж үзвэл 15,5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарсан байна. Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээгээр 8,475 сая эх мал төллөж, 8,4 сая төл мал бойжиж байгаа бөгөөд 22,6 мянган ботго, 53,6 мянган унага, 170,9 мянган тугал, 4,37 сая хурга, 3,82 сая ишиг хүлээн авснаар төл бойжилт 99,7 хувьтай байгаа талаар ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлэв.

Оны эхний нийт хээлтэгчийн 43.8 хувь төллөсөн байгаа бол авбал зохих төлийн 54.5 хувийг одоогоор хүлээн аваад байна. Аймгуудаар нь авч үзвэл, мал төллөлт Ховд 81.1 хувь, Баян-Өлгий 71.2 хувь Дундговь 57.8 Өвөрхангай 53.9 Говсүмбэр 53.6 хувь Увс 52.2 хувьтай бусад аймгуудад 50.0 хувь хүрэхгүй байна.

Малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 60.0 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа тул хэвийн гэж үзэх ажээ. Малын зүй бус хорогдол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 220.0 мянгаар бага байгаа бөгөөд хаваржилт хэвийн байгааг албаныхан онцлов.

Одоогоор Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа боловч мөсний зузаан өмнөх долоо хоногийнхоос 5-45 см нимгэрч, мөсөнд ан цав цууралт үүсч мөсний нягт багасан хэврэгшиж буй ажээ. Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Цаашид томоохон гол мөрний сав  газрын цас, мөс эрчимтэй хайлж мөсөн бүрхүүл задрах шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж