Авлигачид авлигын эсрэг

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

("УНИАН" агентлаг, Украин)

Авлигын эсрэг шинэчлэл нь Украины ерөнхийлөгчийн сонгуулийн гол трэнд болж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч 23 хүн бүгд л өөрсдийн сонгуулийн хөтөлбөрт ямар нэгэн хэлбэрээр авлигатай тэмцэх тухай амлав.
 
Олон нийтийн санал асуулгаах Украины иргэдийн 50 гаруй хувь нь ирээдүйн ерөнхийлөгчийн санал хураалтын хамгийн чухал шалгуур бол авлигын асуудалд нэр холбогдоогүй эсэх байх гэнэ. Тухайлбал, нийгмийн судалгааны “Рейтинг” бүлгийн явуулсан санал асуулгад оролцогсдын 51 хувь нь ирэх тавдугаар сарын 25-ны сонгуулиар авлигад нэр нь бохирдоогүй хүнийг, 40 хувь нь улстөрчийн хувийн чанарыг,  31 хувь нь улс төрийн хөтөлбөрийг нь, 28 хувь нь улс төрийн байр суурийнх нь тууштай байдлыг харгалзан үзнэ гэжээ.

Нэр дэвшигчдийн авлигын эсрэг  хөтөлбөрийн тухайд бол сонгууль бүрт л ийм  амлалт байсаар ирсэн. Жишээлбэл, 1999 оны сонгуульд төрийн дээд тушаалын төлөөх хоёр гол өрсөлдөгч  Леонид Кучма, Петр Симоненко нар өөрсдийн хөтөлбөрт авлигатай зүгээр нэг тэмцэх биш, харин үндсээр нь устгана гэж байлаа. 2004 онд авлигын эсрэг буухиаг Виктор Ющенко,  Виктор Янукович нар үргэлжлүүлэв.

Виктор Ющенко нь “Өнөөгийн засаг, төрийн оршин тогтнох үндэс болоод буй авлигын эсрэг тууштай зогсоно” гэсэн бол Виктор Янукович “Төр засгийг иргэдийн төлөө ажиллуулна, авлигын эсрэг шийдвэртэй тэмцэнэ” гэсэн юм. Мөн тэрээр энэ зорилгодоо “Ерөнхийлөгчийн институтын нөлөөний бүхий л хөшүүрэг, нэр хүндийг чиглүүлнэ” гэж амлаж байлаа.  

Дараагийн таван жилд нь энэ хоёр зүтгэлтэн өөрсдийн өгсөн амлалтынхаа төлөө “ажиллах шиг л” болсон. Нэг удаа Ющенко ерөнхийлөгч, Янукович ерөнхий сайд болж ч үзлээ. Үр дүнд нь  улсын сан хөмрөгөөс хумслагчид, авлигачдын цуглуулга улам бүр нэмэгдсэн юм.

2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахиад л “авлигын эсрэг  тууштай тэмцэгчид” болох Виктор Янукович, Юлия Тимошенко нар өрсөлдлөө.

Виктор сонгуулийн хөтөлбөртөө “Эдгээр улбар шар засаглал, чадваргүй улстөрчдөд ард түмэн өөрсдийн үнэлгээгээ өгөх ёстой” гэсэн бөгөөд “Украины засгийг популистууд болон авлигачдаас цэвэрлэнэ” гэсэн юм. Хэрэв ерөнхийлөгчөөр сонгогдвол “Олон жилийн туршлага, мэдлэгээ улс орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зориулна” хэмээн амлажээ. Тэрбээр өндөр мэргэжлийн гэх хариуцлагатай хүмүүсээр багаа бүрдүүлсэн байв.

Харин Юлия “Засаг ба олигархийн хоорондын авлигын сүлжээтэй тэмцэнэ” гэх үгийг гол уриагаа болгов. “Улсын нөөц, боломжийг ашиглан олигархиуд бохир мөнгө угааж байна. Энэ нь орчин цагийн Украин улсын хорт хавдар бөгөөд ардчилалтай нийцэхгүй” гэж хатагтай хэлж байлаа. Төрийн тэргүүн болбол Үндсэн хууль болон бусад хууль дүрэм зөрчих авлигыг үндсээр нь устгахын тулд засгийн хариуцлагыг нэмэгдүүлнэ, авлигын хэргийн цээрлүүлэлтийг чангатган, бүх насаар нь хорих ял хүртэл болгоно хэмээж байв.

Энэ хоёрын амлалт үнэхээр гайхал төрүүлэхээр байв. Учир нь сонгуулийн тэд хоёулаа өөрсдийн шүүмжилж буй засгийн бүтэц бүрэлдэхүүнд шууд хамааралтай байв. Хоёулаа ерөнхий сайд байсан, хоёулаа хоёр хоёр удаа.

Амласныг гурван жил хүлээдэг

Өнөөгийн сонгуулийн кампанийн нэр дэвшигчид дахиад л авлигатай тэмцэхээ амлаж байна. Тэд өөрсдөө ч ямар нэг байдлаар авлигын сүлжээнд холбогдож байсан, эсвэл сэжиглэгдэж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь ч инээдтэй.

Тухайлбал, экс-ерөнхий сайд Юлия Тимошенко өөрийн мэдүүлэгтээ 2013 оны ашиг орлого нь Харьковын эмнэлэгт өнгөрөөсөн 2013 онд 180 мянган гривен болсон гэжээ. Мөнгийг тэрээр цалин шагнал мөн бусад төлбөрөөс олсон гэв. Энэ мөнгөнөөс гадна 59,4 кв.метр байртай өөр ямар ч хөрөнгөгүй, хадгаламжгүй  гэсэн байв.

Юлия Владимировна авлигатай тэмцэх талаар мөрийн хөтөлбөрийнхөө бүхэл бүтэн бүлгийг зориулжээ. Ихэнх заалтууд нь уламжлалт популизмаар дүүрэн. Тухайлбал, “Украины олигархиудын гадагш гаргаж буй оффшор дансны урсгалыг таслах” гэнэ. Ер нь бол Tax Justice Network гэх  төрийн бус байгууллагын мэдээгээр, Украины тусгаар тогтнолын он жилүүдэд оффшорт гаргасан мөнгөний хэмжээ нь 165 тэрбум ам.доллар болж байна. Тэгэхлээр Юлия Владимировна  засагт байхад Украины мөнгөний оффшорт гарах зам хаалтгүй л байж дээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн  санал болгосон  ашиг орлогын мэдүүлгийн дагуу албан тушаалтнууд ба тэдний гэр бүлийн хөрөнгийн үнэлгээг шалгах нь шинэ содон зүйл болж чадсангүй. Тийм журам 2012 оны Украины Авлигын эсрэг хуульд багтсан бөгөөд түүнийг зөрчсөн албан тушаалтнууд яагаа ч үгүй. Энэ асуудалтай засаг төр нь ч, сөрөг хүчин ч тэмцээгүй билээ.

Үүний зэрэгцээ тансаг хэрэглээний татвар тогтоох санааг Тимошенко дэвшүүлж байна. Гэтэл яагаад ч юм бэ бүү мэд, тийм нэгэн хуулийн төсөл Дээд радад хоёр жилийн турш тоосонд дарагдан хэвтэж байна.

 Буулгах, багасгах, хаах

Ерөнхийлөгч болох магадлал өндөртэй  Петр Порошенко  авлигын эсрэг тэмцэл хийх талаар Тимошенкогоос дутахааргүй амлалттай.

Өнгөрсөн оны ашгаа 51,83 сая гривен гэж мэдүүлсэн тэрбээр мөрийн хөтөлбөртөө авлига гэх ойлголтыг үндсээр нь сугалж хаяхаар амлажээ. “Нийгмийн харицлагатай бизнес татвараа  албан тушаалтнуудад биш төсөвт төлж байх ёстой” гэж тэр бичсэн байгаа. Татварын хэмжээг Порошенкогийн үзсэнээр, ихэсгэх биш буулгах, хүүг багасгах, оффшорыг хаах хэрэгтэй ажээ.

Нэр дэвшигчийн хөтөлбөрийн нэг заалтад украинчуудын ухаарах ёстой “авлига өгөх, санал болгох нь түүнийг шаардаж авахтай адилхан ёс зүйгүй” гэсэн зүйл байгаа. Петр Алексеевич үзэхдээ авлигыг тэвчихгүй байх нь үндэсний үзэл санаа болох ёстой гэжээ.

Гэхдээ авлигатай тэмцэх тодорхой механизмын талаар ганц ч санааг Порошенко хөтөлбөртөө тусгаагүй байна.

Зөгий балнаас татгалзаж чадах уу

Хуучин эрх баригчдын тухайд авлигатай тэмцэх талаар төдийлөн дуугарсангүй. Тухайлбал, Сергей Тигипко авлигатай тэмцэх асуудлаар ердөө ганцхан мөрийг л мөрийн хөтөлбөртөө бичжээ. Тэр “авлига гарах үндэс болсон төрийн аппаратыг өөрчлөх” санааг дэвшүүлжээ. Харьцуулахад, Сергей Леонидович  2010 оны сонгуулийн хөтөлбөртөө “авлигатай шат дараалалтайгаар, тууштай тэмцэнэ” гэсэн  ганц мөрийг тусгасан байлаа.  Өөрийн банкийг зараад хөрөнгөө Кипрээр дамжуулан гаргаж татвараас зугтсан гэж тэр буруутгагдаж байсан ч ерөнхийлөгчийн сонгуульд гуравдугаар байрт орж байлаа.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Юрий Бойко авлигатай тэмцэхэд хоёр бүтэн өгүүлбэр зориулжээ. Тухайн цагтаа РосУкрЭнерго компанитай дуулиант холбоо үүсгэн Туркмений байгалийн хийг залилангийн сүлжээгээр нийлүүлж байсан, тендер будилаантуулсан, мужуудын хийн компаниудыг дампууруулсан гэх мэтийн олон хэрэгт холбогдсон хүн “авлигыг бөөнөөр нь устган өнгөрсөн үеийн өвчин болгоно” гэж амлав. Тэр өвчнийг  гатлах Бойкогийн жор нь тун энгийн. “Төр засаг бизнесийн  харилцан үйлчилгээ ил тод байх ёстой бөгөөд тэр нь авлигын оролдлогын эсрэг иргэдийн татгалзсан хандлагаар бэхжсэн байх” явдал ажээ.

Бүс нутгийн намын гол нэр дэвшигч Михаил Добкинд ч шинэлэг зүйл байхгүй. Хамгийн ядуу гэж хэлэгдэхгүй Харьковын захирагч асан Добкины орлого өнгөрсөн онд 21 сая гривен болсон байна. Эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа гэж тэрээр багагүй хэлэгдэж ирсэн хүн. Хотын аж ахуй болон газрын хувиарлалттай холбоотой нэрээ “дуурсгаж” иржээ.

Михаил Маркович тодорхой хөтөлбөртэйгээр сонгуульд орж байгаа гэх авч түүний хөтөлбөрт нь тодорхой санаа оноо огт гарсангүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ хүн болох “Барууны сектор”-ын лидер Дмитрий Ярош авлигатай тэмцэхээр амлаж байгаа нь сонирхолтой. Түүний хөтөлбөрт энэ талаар гурван заалт оруулжээ. Үүнд нь бүртгэлийн ажиллагааг хялбарчлах, захиргааны үйл ажиллагааг авлигатай тэмцэх гол зүйл болгон хялбарчлах, мөн лоббийн тухай хууль гаргах, авлигын шийтгэлийг чангатган гэм буруутанг бүх насаар нь төрийн ажилд зүтгэхийг хориглох зэрэг санааг тусгаж өгчээ. Тэрээр өнгөрсөн оныхоо ашиг орлогыг 803 гривен гэж мэдүүлэн олны гайхлыг төрүүллээ. Гэхдээ хууль бус орлого байсныг тэр үгүйсгэсэнгүй. Тэрээр Януковичийн багийг тэжээж байх сонирхолгүй байснаас татвар өгөхгүй гээд ажиллаагүй гэнэ.

Ер нь бол ийм “шударга” байхыг сонгогчид дэмжих эсэх нь тавдугаар сарын 25-ны дараа тодорхой болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Нийтлэлийн эх сурвалж: УНИАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж