Гурван гишүүний асуулгад сайд нар хариулт өглөө

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Гурван гишүүний асуулгад сайд нар хариулт өглөө

УИХ-ын баасан гаригийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдээс Засгийн газарт хүргүүлсэн асуулгын хариуг сонсдог уламжлалтай. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Су.Батболд, Д.Сумъяабазар нарын гишүүдийн асуулгад Засгийн газрын сайд нар хариулт өглөө.

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбатын Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтай холбоотой асуудлаар тавьсан асуулгын хариуг Уул уурхайн сайд Д.Ганхуяг  өглөө.  Гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан гурван төрлийн гэрээний асуудлаар хийсэн шалгалтын явц, үр дүн нь “Оюутолгой” ордын хөрөнгө оруулалт болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах шаардлагатай заалтын жагсаалт болон хэлэлцээний явцад тохирсон асуудлыг гэрээний зүйл заалттай холбосон дүгнэлтийн талаар тайлбар өгсөн юм. Энэхүү тайлбарт, “Уул уурхайн яамнаас 2012 оны аравдугаар сарын 2-ны өдрийн тоотоор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар хөрөнгө оруулагч талтай өмнө нь хийж байсан яриа хэлэлцээг үргэлжлүүлэх нь зүйтэй” гээд, “Эрх бүхий төлөөлөгчдийг томилон ажиллуулах тухай албан бичиг хүргүүлсэн. Үүний хариуд “Оюутолгой” ХХК-аас “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт нь бүх талуудад, түүний дотор Оюутолгой төсөл болон бусад төслүүдэд түүнчлэн Монгол Улсын засгийн газар, Монгол оронд эдийн засаг, нэр хүндийн хувьд ихээхэн сөрөг үр дагавар авчрах болно” гэлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Су.Батболдын  тавьсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн талаар Үйлдвэр хөдөө аж ахуй сайд Х.Баттулга  хариулт өглөө. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд махны үнийг тогворжуулах, нөөцийн махны бүрдүүлэлтээр гишүүд асуулт асуусан юм. Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгөөгүй гэдгийг зарим гишүүд шүүмжилж байсан юм. Энэ талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Нийт махны 30 хувь нь 1-7 сарын хооронд нийлүүлдэг. Мах болон гурил нь инфляцид хамгийн ихээр өртдөг бүтээгдэхүүн учраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн онтойгоо харьцуулахад үнийн өсөлтийг хязгаарлаж чадсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн. Хэрэв нөөцийн махыг нийлүүлэхгүй бол махны үнэ бүр өсөх байсан. Эрчимжсэн аж ахуйг хот суурингаа тойруулаад босгоод эхэлбэл хангалтын асуудлаа цогцоор нь шийдэх боломжтой” гэв. Мөн шүлхий гарсантай холбогдуулан тавьсан асуултад “Бид төрөөс малчдад урамшуулал өгөхдөө малаа 100 хувь вакцинжуулсан байх шаардлага тавих нь зүйтэй” гэсэн тайлбар өгсөн.

Мөн энэ өдрийн нэг сэдэв УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас тавьсан “Агаарын бохирдлоос шалтгаалж хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа түүнээс урьчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын талаар” Эрүүл мэндэд сайдад хаягласан байлаа. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын танилцуулснаар, манай улсад 1976 оноос хойш гадаад орчны агаарт азотын давхар исэл, хүхрийн хоёрч исэл, нийт тоосны хэмжээг шинжилж, хянаж ирсэн бөгөөд хотжил, үйлдвэржилт, бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж улмаар хүн амын шилжилт хөдөлгөөн, хотын гэр хорооллын оршин суугчдын тоо нэмэгдсэнтэй уялдуулан хүрээлэн буй орчны агаарын чанарын асуудал нь орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж ирсэн. Үүнтэй уялдуулан судалгаагаар хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл нэгдүгээр байр эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар түүний эзлэх хувь нэмэгдэж байгаа. Манай улсын томоохон хотуудад хийгдсэн судалгаагаар амьсгалын замын өвчлөл нь цаг агаарын үзүүлэлтүүд болон агаарын бохирдолтоос хамааралтай болох нь тогтоогдсон. Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, ялангуяа хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоосон. Судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүд амьсгалын эрхтний өвчнөөр агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдүүдтэй харьцуулахд 7-8 дахин илүү өвчилж, арьс, салстын микрофлорын төрөл, нянгийн бүрэлдэхүүний (арьсны аутофлор, хамрын салстын нянгийн ургалт, кандид) үзүүлэлт Улаанбаатар хотод илүү байгаа аж. Хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдолт, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлахад Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин 10 мкг/дл илэрч байгаа нь хүүхдийн дархлалын хариу урвалд сөрөг нөлөө үзүүлж өвчлөлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг сайд дурьдсан.

Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчлан хийсэн судалгаа Манай оронд эхлэл төдий байгаа. ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канад улсын Саймон Фрейзерийн их сургуультай хамтран "Агаарын бохирдлын ургийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг судлах-УГААР” судалгааг 2013-2015 онуудад хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажпыг хангуулаад байгаа талаар асуулгынхаа хариуд онцолжээ. 

Ийнхүү чуулган өнөөдрийн хэлэлцэх асуудал буюу УИХ-ын гишүүд Засгийн газарт тавьсан асуулгынхаа хариуг авснаар өндөрлөлөө.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж