Эрх чөлөөний өдөр
2006 оны эхээр Америк маягийн мөрөөдлийн Ричардын загварын хувилбар бараг биелэхэд бэлэн болоод байв. Таван жил үерхсэн найз бүсгүйдээ бөгж өгчихөөд, өөрийн амьдарч байсан байрнаасаа нүүх шийд гаргаад, Умард Техаст хотын захад хаус худалдаж аваад байв. Тэгтэл бүсгүй нь түүнийг орхилоо. “Би гэр бүлдээ зориулж хаус худалдаж аваад тэгээд нүүж орохоор бэлтгэж байлаа. Тэгээд дөнгөж нүүж ороод байтал тэр намайг орхисон. Тэгээд би амьдрахыг хүсэхгүй байгаа, ер нь байхыг ч хүсэхгүй байгаа хороололд амьдрах ёстой болсон. Сэтгэл зүйн хувьд маш их унасан. Тэгээд би машин худалдаж аваад тэгээд аялж эхэлсэн” гэж тэр ярьсан.
Гэхдээ бүх зүйл тийм ч хялбар байгаагүй. Хэн ч түүнд үлдэж хоцорсон хаусыг авахыг хүсээгүй. Тэр хаусаа зартал олон сар болсон бөгөөд дараа нь өөрт нь үлдсэн бусад зүйлсийг зарж байж зах зээл дээрх хамгийн үнэтэй “Lamborghini Gallardo”-г худалдаж авахын тулд урьдчилгаанд нь төлөх хэрэгтэй 75,000 ам.долларыг төлж чадсан. “Gallardo” нь Испанийн алдартай бухын нэрээр нэрлэгдсэн бөгөөд 512 морины хүчтэй V10 мотортой. 0-100 км цагийн хурдийг ердөө 4.0 секундын дотор авах ба Жорданы худалдаж авсан загварын дээд хурд нь 195 миль (313 км/цаг) Үнэ нь: түүнийг худалдан авах үед энэ автомашин 180,000 ам.долларын үнэтэй байв.
Өөрт таалагдсан загварыг сонгож, дилерийнх нь байршлыг тогтоож, төлбөр, санхүүгийн асуудлыг шийдсэний дараа тэр 2006 оны 7 сарын 4-нд тэрээр өөрийн хар өнгийн “Lamborghini Gallardo Coupe”-г худалдан авсан. Эрх чөлөөний өдөр нь бараг түүний хувьд санаатай сонгосон ёжтой өдөр мэт байв. Тэр өөрийн хүсээгүй бүхнээс салж байгааг тэмдэглэхээр тэр өдрийг сонгосон юм.
Би Moby биш.
Дэлхий дээрх хамгийн хурдан машинуудын нэгийг авсан хэдий ч түүнд очих газар байсангүй. Тиймээс Жордан машинаа авчаад зүгээр л давхисан. Жил гаруйн хугацаанд тэр нэг газраас нөгөө газарлуу очиж, замын буудлуудад хоноглож, шинэ найзуудтай болсон. Энэ хооронд тэр АНУ-г гурван удаа нэвт туулсан бөгөөд Охайогоос Колорадо, Техасаас Умард Каролина хүртэлх зайг замдаа ганц хоноод л туулж байв. “Надад үнэндээ ямарч гэр байхгүй гэж би бодож байсан юм. Ламбогоос маань өөр найдвартай зүйл байхгүй гэж санагдаж байсан. Гэхдээ энэ надад таатай санагдаж байсан” гэж тэр ярьсан.
Тэр замдаа үзэгдээд өнгөрөх хотуудаар дайрч, том хотуудаар орж, хүүхэд насныхаа мөрөөдлийн газруудаар явсан. Тэр аль нэг газар хэсэг байсныхаа дараа дахиад хаашаа ч юм явмаар санагдан, ачаагаа баглаад дахиад хөдөлдөг байв. Тэр Далласт байсан өөрийн байшингийнхаа зээлийн төлбөрийг төлөхөд нэг бус удаа хүндрэлтэй учирж, хэд хэдэн удаа золтой л байшингаа алдчихаагүй. “Надад хэдэн зуун ам.долларын өр ямагт байдаг байсан. Би өртэй байх дургүй ч өртэй байгаад дасчихсан. Би амьдралдаа нилээн мөнгө цуглуулсан ч дараа нь төлбөрт нилээн төлсөн”.
Түүний аялалд хөгжилтэй зүйл олон таарч байсан. Нэг удаа түүнийг Охайогийн тайчих клубт орох үед үйлчлэгч бүсгүй нь түүнийг алдарт хөгжимчин Мобитай андуурсан юм. Учир нь тэр үед 32 настай байсан тэрээр үсээ хусаж, шил зүүж, тансаг машин унасан байсан нь үйлчлэгчийг тэгж будилахад хүргэсэн байв.
“Бүсгүй над дээр ирснээ Та Моби юу тээ? гэж асуусан. Тэгэхээр нь би чиний хүссэнээр чинь болъё. Би Моби гэж хэлсэн” гэнэ. Ричард Моби биш. Гэхдээ түүнийг үнэгүй шил шампанскаар дайлж байхад тэр бүрмөсөн татгалзахгүй. “Маш инээдтэй байсан. Менежер нь бараг миний өгзгийг үнсэх дөхсөн. Би тэр үдэш тэнд бараг 100 ам.доллар үрсэн байх. Би яг л “Blues Brothers” шиг байсан” гэж тэр ярьж байна.
Улс даяараа “Lamborghini”-гээр давхина гэдэг заримдаа хурдны дээд хязгаарыг давна гэсэн үг. Ричард хурдан давхих дуртай гэдгээ нуугаагүй бөгөөд түүний машины урд татуурганд 53 ширхэг торгуулийн хуудас байгаа нь үүнийг нь батална. Гэхдээ тэр үнэндээ хурднаас болж Индианагийн мужийн цагдаад гавлуулаагүй. Тэр ихэвчлэн нэг зочид буудлын өрөөнөөс нөгөө зочид буудлын өрөөлүү явдаг байв. Гэсэн ч тэр гэр бүлийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэдэг байсан бөгөөд авгынхаа хуриманд гэрчээр оролцсон юм. Тэрээр хуриманд оролцохоор хурдтай, гэхдээ зохицуулаад давхиж байхад нь гэнэт Индина мужийн хурдны замын цагдаа түүний замыг хааж зогсоосон. Түүний машины бүртгэлийн хугацаа нь дуусаад нэг хоног болсон байсан тул цагдаа нар түүнийг зогсоож, машинийг нь нэгжээд, машинаас нь гар буу олсон.
“Би буугүй аялдаггүй. Би янз бүрийн нөхцөл байдалд олон удаа орж байсан болохоор ямагт нэг юм уу хоёр буу өөртөө авж явдаг. Ийм машинтай байхад янз бүрийн асуудал учирч магадгүй бөгөөд өмнө нь хэзээ ч таарч байгаагүй, занг нь мэдэхгүй, янз бүрийн хүмүүстэй таарч магадгүй”. Эхлээд тэр нөхцөл байдал ямар үр дагавартайг ойлгоогүй. Цагдаа нар түүнийг хар тамхи зөөж байна гэж бодож байгаа бололтой гэж бодож байв. Тиймээс тэр тайван байж, хотын талаар шог яриа ярьсан. Тэгтэл цагдаа нар түүнийг цагдаагийн машины арын суудалд дөрвөн цаг хорьсны дараа түүний машиныг хөдөлгөж чадахгүй юм байна гэдгээ мэдсэний дараа түүнийг гаргаж ирж тусламжийг нь авсан. Тэр эцэст нь хураалгасан машинаа буцаан авсан бөгөөд түүнд тулгасан ялыг хүчингүй болгосон. Гэвч тэр энэ зуур хуулийн үйлчилгээний зардал, аялал, торгууль энэ тэрд нийлээд 25,000 ам.доллар зарцуулсан.
91,807 миль
Ихэнх хүмүүс машин нь маш үнэтэй учраас өдөр бүрийнхээ хэрэгцээнд унадаггүй. “eBay Motors”-д байгаа хамгийн их миль явсан “Lamborghini Gallardo” 38,835 миль явсан бөгөөд 2004 оных байв. Ихэнх нь 10,000 милээс бага явсан байв. Харин Ричард өөрийн машинаараа 91,807 миль явсан байна.
“Би ийм машин авчихаад зөвхөн хагас бүтэн сайнд унадаг байж чадахгүй”. Ийнхүү давхисан нь үнэтэй бөгөөд түүний машин одоо өмнөхөөсөө ч бага үнэ хүрнэ. Машин нь анхныхаасаа илүү бага үнэтэй бөгөөд банк машинд нь дахин зээл олгохоос татгалзсан. “Энэ машинаа хэрэглэхгүй байх нь үргүй зарцуулж байгаатай адил гэж надад санагддаг. Үнэндээ нийгэм үүнээс өөрөөр сэтгэдэг. Ихэнх хүмүүс над шиг байж чадахгүй. Би машиныхаа бензинийг төлөхийн тулд, дөрвөн ханан доторх нэг хэвийн байдалд байхгүйн тулд бэлэн гоймон идэж мөнгөө хэмнэдэг”.
Машин авахад хүргэсэн таагүй учралтай нь харьцуулахад автомашин эвдрэх нь тийм ч ноцтой асуудал биш гэнэ. “Энэ өдөр бүр ажилласан. Яг л ажиллах ёстойгоороо ажилласан. Ганц ч удаа эвдрээгүй. Миний бүхий л хүлээлтийг давж гарсан” гэж Ричард ярьж байна.
Тэр одоо өмнөх шигээ их давхихаа больсон бөгөөд Даллас хотод өөрийн үйлчилгээний газрыг нээж байгаа бөгөөд тэндээ хэрэглэгчийн хүссэн загвараар мотоцикл, супер байк бүтээхээр ажиллаж байна. Тэр хангалттай мөнгө олсныхоо дараа шинэ хөдөлгүүр авахаар төлөвлөж байгаа бөгөөд тэр хүртэл өөрийн шинэ офиссын гол зааланд машинаа байрлуулж хэрэглэгчиддээ сонирхуулж байна. Ричард шинэ бүсгүйтэй танилцсан бөгөөд энэ удаа харин алхам алхмаар харилцаагаа дээшлүүлэхээр оролдож байна.
“Lamborghini” нь одоо өмнөх шигээ давхихгүй байгаа ч Ричард гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа гэнэ. Тэрээр өөрийнх нь моховк засалттай үстэй нь үл нийцэх зен маягийн тайван байдалд суралцсан гэж ярьж байна. “Хүн бүр хүн бүхний сэтгэлд нийцүүлж амьдарч чадахгүй. Тиймээс зөвхөн өөрийнхөө л сэтгэлд нийцүүлж амьдрах нь зүйтэй. Хэрвээ мөнгө чамд эрх чөлөө авчрахгүй юм бол түүний хэрэг гэж юу байна” гэж тэр ярьж байна. Үүнтэй нь санаа нийлэхгүй байхын аргагүй гэж “Jalopnik.com” өгүүлж байна.
Т.Бадрах