Д.Бадамхатан: Медальд тойрч биш дөтөлж хүрнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Д.Бадамхатан: Медальд тойрч биш дөтөлж хүрнэ

Д.Бадамхатан: Зорилгодоо үнэнч хүн медальд тойрч биш дөтөлж хүрнэ

Хэт холын марафон гүйлтийн 13 дахь удаагийн Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд 100 км замыг найман цаг 6 минутад туулж 258 тамирчныг ардаа орхиж, алтан медаль хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Дондогийн Бадамхатантай ярилцлаа.


-Монголын тамирчдаас хэт холын Олон улсын марафонд түрүүлсэн анхны тамирчин нь та боллоо. Баяр хүргэе?

-Баярлалаа. БНСУ-ын Чежү хотод болсон марафонд 28 орны 258 тамирчин 100 км-ын шулуун замд уралдсан юм. Энэ марафон хэт холынх гэдгээрээ шалгуур өндөртэй. Тэднээс ердөө 172 тамирчин нь барианд орлоо. Өмнөх жилүүдийг бодвол олон тамирчин уралдсан. Холын зайн бүтэн марафонд баргийн тамирчин уралдаад байдаггүй. Тамирчин хүний тэсвэр тэвчээр, эр зориг, сэтгэл зүйг шавхдагаараа энэ спорт онцлогтой. Нэг үгээр хэлбэл, универсал спорт юм даа.

-Та энэ тэмцээнд хэдэн жилийн өмнөөс бэлдсэн бэ?

-Өнгөрсөн намар марафон гүйлтийн 100 км-ын зайн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр  тэмцээнд анх удаа уралдахдаа 10 цаг 57 минутын өмнөх дээд амжилтыг есөн цаг 16 минутаар шинэчилэн тогтоосон юм. Тэр тэмцээнээс хойш Чежүгийн марафонд бэлдэж эхэлсэн дээ. Багш бид хоёрын жилийн хөдөлмөр алтан медаль болчихлоо гэж бодохоор сайхан санагдаж байна.  

-Чежүгийн марафонд дээд амжилтаа дахин шинэчилсэн байх аа?

-Тэгсэн. Би найман цаг 35 минутанд 100 км замыг туулсан.

-Та нэлээд хойноос гарч уралдах шиг болсон. Замын хэд дэх км-ээс өмнөх тамирчдаа гүйцсэн бэ?

-Би толгой хэсгийн  группт Азийн арав орчим тамирчинтай хамт уралдсан. Тэгээд 40-50 дахь км-т тэднийг гүйцсэн. Гэвч замын 85 дахь км-т хөлийн шөрмөс татаж уралдаанаа дуусгая гэхэд багш хажуу талаас “Одоо 15 км үлдээд байна. Гүрий, шүд зуугаад гүрий” гэж хэлсэн. Тэгээд л зүтгэсэн дээ.

-Таныг энэ спорт руу ороход хэн нөлөөлсөн бэ?

-Би бага байхын гүйх дуртай хүүхэд байсан. Намрын спартикиад, янз бүрийн уралдаанд анги, сургуулиа төлөөлж гүйдэг байлаа. Уралдаан болох сургаар өөрийгөө бэлдэнэ шүү дээ. Эргээд бодоход хөнгөн атлетик, миний  сонирхол хоёр яг нэг шугаманд огтолцсон юм шиг. Түүнээс биш намайг хөнгөн атлетик руу ор гэж хэн ч ятгаагүй.

-А.Гантулга багшийн удирдлагад  хэзээнээс бэлтгэл хийж эхэлсэн бэ?

-Би одоо МУИС-ийн Эдийн засгийн хоёрдугаар дамжаанд сурч байна. Намайг энэ сургуульд анх ордог жил А.Гантулга багш өөрийнхөө бэлтгэлд орох хүсэлтийг надад тавьж билээ. Энэ үеэс хөнгөн атлетикийн спортоор тууштай хичээллэх болсон.

-Таныг анзаараад байхад бусад өрсөлдөгчдөөсөө биеэр жижиг. Тэгсэн хэрнээ салхи шиг хурдан гүйж харагдсан. Хурдан гүйдгийн чинь нууц нь юу вэ?

-Хурдан гүйдэг болоход хоол, хүнс чухал үүрэг гүйцэтгэдэг гэж зарим хүн ярьдаг. Тэр ч үнэний ортой байж мэднэ. Жишээ нь,  саяхны нэг тэмцээнд гадны мундаг тамирчид арвайн гурилыг хоол, хүнсний оронд хэрэглэж байсан. Гэтэл манайхан арвайн гурилаа тоож хэрэглэхгүй байна шүү дээ. Энэ буруу. Арвайн гурил тамирчин хүний кальц, нүүрс ус, амин дэмийг тогтворжуулдаг увидастай юм билээ. Би үүнийг хожуу олж мэдсэн. Харин сүүлийн үед би хүнд бэлтгэлийн дараа арвайн гурилыг түлхүү хэрэглэдэг болсон.      

-Олимп, дэлхийн аварга Усейн Болт хэвлэлд өгсөн ярилцлагадаа чанасан төмс идсээр байгаад хурдан гүйдэг болсон хэмээн ярьсан удаатай. Харин та төмс идэх дуртай юу?

-Төмсний ид шидийг  би сайн мэдэхгүй. Магадгүй тухайн улсын цаг агаарт төмс илүү нийцдэг байж болох талтай. Хоол хүнсний тэжээллэг бодис тамирчдын амжилтанд нэг их нөлөөлнө гэж юу байхав. Хамгийн чухал нь тамирчдаас гарсан хөлс, бэлтгэлийн ачааллыг тогтворжуулдаг байх. Хөлс гаргасан хэрээр тэжээллэг хоол идэх ёстой.

-250 гаруй тамирчныг ардаа орхин түрүүлэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Саяын тэмцээнд түрүүлэхэд миний хүсэл зорилгод нэгэн шинэ хавар ирэх  шиг болсон. Бие хүчний хувьд тэр. Дараагийн уралдаан, тэгээд олимп холгүй гэдгийг мэдэрлээ. Хүн ер нь өөртөө зорилго тавиад түүндээ үнэнч байж чадвал медальд тойрч биш, дөтөлж хүрч болдгийг ойлгосон.    

-Олимп болоход хоёрхон жил үлдлээ. Таныг 100 км-ын зайд торохгүй түрүүлсэн болохоор манай спорт сонирхогчид өөрөөс тань  дараагийн удаа арай илүү амжилтыг хүлээх болов уу?

-Олимпод хамгийн холдоо 42 км-ын марафон уралдааныг зөвшөөрсөн байдаг. Харин 2020 оны олимпийн наадамд энэ зайг ахиулж 100 км-ын марафон уралдааныг нэмж оруулах саналыг өнгөрсөн тэмцээний үеэр нөлөө бүхий хүмүүс санал болгож байна лээ. Хэт холын 100 км-ын марафонд уралддаг тамирчин 42 км-ын дундын зайд хол тасархай амжилт гаргах албагүй. Тэгэх боломж ч тун хомс юм. Уралдах замынхаа зайнаас хамаарч тамирчдын бэлтгэл янз бүр хангагддаг. Олимпийн эрх олгох тэмцээн 2015 онд эхлэнэ. Тэгэхээр би 2016 оны олимпийн эрхийн уралдаанд арай өөр бэлтгэл, өөр сэтгэл зүйтэй оролцох ёстой байх аа.

-Өөрөө Хөвсгөлийнх гэв үү?

-Тийм ээ. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумынх.

-Хэдхэн хоногийн дараа урд хөршид марафон гүйлтийн олон улсын тэмцээн болох гэнэ лээ. Та уралдах уу?

-Ирэх сарын 1-нд БНХАУ-ын Шань Дун мужид болох 42 км-ын бүтэн марафонд оролцох бодолтой байгаа. Өнөөдрөөс тэмцээний бэлтгэлд гарсан.  

-Та ойрын зайн гараанд уралдаж байв уу?

-Би ихэвчлэн тав, арван км-ын зайд уралддаг байсан. Холын зайд уралдахад надад амар байдаг юм. Цаашдаа энэ зайд уралдах бодолтой байгаа.

-Монголд гүйлтийн   замгүйгээс тамирчдын амжилт ахихгүй байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

-Манай хөнгөн атлетикийн тамирчид Спортын ордон, Олимпийн хорооны үүднээс бэлтгэлд гардаг. Тэгээд ихэвчлэн авто зам дагуу гүйж бэлтгэлээ хийдэг. Машинд шүргүүлчих гээд тун хэцүү. Харин саяхнаас Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Зоригтбаатар олон жил хөөцөлдсөний эцэст Монголд битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн бариулахаар болсон. Энэ нь сайшаалтай боловч Эрдэнэт хотод цэнгэлдэхээ барих гэнэ лээ. Уг нь Улаанбаатартаа цэнгэлдэх хүрээлэнтэй болчихвол хамрах хүрээгээ ч бодсон арай илүү байх байсан болов уу.

-Стандартад нийцсэн гүйлтийн замд бэлтгэл хийхийн давуу талыг хэлэхгүй юу?

-Өнөөдрийн хувьд Монголын тамирчид цементэн зам дээр бэлтгэл хийж байна шүү дээ. Биднээс өмнөх үеийнхэн ч мөн ялгаагүй. Тартаан зам дээр бэлтгэл хийхэд хөлний түлхэлт, аюулгүй байдал талаас нь бодоход их дөхөмтэй юм.

-Монголд хэт холын марафон гүйлтээр хэдэн тамирчин хичээллэж байна вэ?

-Гуравхан хүн хичээллэж байна. Спортын дэд мастер Г.Хишигсүрэн, Б.Доржпалам тэгээд миний бие. Тамирчдын тоог ахиулахын хэрээр амжилт дагаад өсдөг бичигдээгүй хуультай.

-Мэргэжлийн тамирчдын өмсдөг пүүз хэд орчим төгрөгийн ханштай вэ?

-Хамгийн багадаа гэхэд 400 ам.доллараас эхлэнэ. Хэт холын марафонд уралддаг тамирчдын өмсдөг пүүзний чанар, үнэ өөр байдаг. Зориулалтын пүүз олон цагаар тасралтгүй гүйхэд хөл холгодоггүй юм. Харин би саяын тэмцээнд хуучин пүүзтэйгээ уралдаад түрүүллээ. Хөл бага зэрэг холгосныг эс тооцвол тасарч уначихаагүй барианд орж чадлаа.  

-Өөрөө тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд уралдаж байсан уу?

-Чежүгийн марафонд түрүүлснээр ирэх аравдугаар сард зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээн оролцох эрхээ авсан.

-Та өнгөрсөн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр спортын мастер цолтой болсон. Харин одоо…?

-Намайг Монголд ирмэгц Олон улсын хэмжээний мастер цолыг холбооны удирдлагууд маань гардуулсан.

-Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсэе?

-Намайг дэмжиж явдаг бүх хүмүүст  баярлалаа. Та нартаа улам олон медалиар бэлэг барина аа.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж