Хятадын тавилганд хар тугалганы нөлөө их байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Хятадын тавилганд хар тугалганы нөлөө их байна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ нь Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн байв.

Судалгаагаар утаа, хөрсний бохирдлын улмаас гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр нийслэлийн хүүхдүүд илүүтэй өвдөж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, хөдөөгийн хүүхдүүдтэй харьцуулахад 10-15 дахин энэ өвчнөөр өвдөж байгаа нь батлагдсан байна. Түүнчлэн уушгины хатгалгаа ч багагүй хувийг эзлэх болжээ.
Ийн хүн амын эрүүл мэндэд утаа, хөрсний бохирдол сөрөг нөлөө үзүүлж байгаагийн зэрэгцээ Хятад улсад үйлдвэрлэгдэж ирсэн будагтай тавилгуудад хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байдаг нь нөлөөлж буйг эрүүл мэндийн салбарынхан онцоллоо.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд эрүүл мэндийн салбар хөдөөгийн иргэдээс хамгийн их шүүмжлэл хүлээж байгааг сануулаад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагыг сонгож чадахгүй хоёр жил дамнаж, иргэний эрүүл мэндээр тоглож байгаа нь эмгэнэл болж хувирч байна. Энэ асуудал юунаас болж шийдэгдэхгүй байгаа, мөн эрүүл мэндийн салбарт яагаад шинэчлэл хийгдэхгүй байгаад хариулт өгөхийг хүссэн юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хариултаар бол салбар нь бусдаасаа илүүтэй шүүмжлэгдэж байгаа салбар гэдэгтэй санал нэгдэнэ. Оношлууллаа ч онош нь тодордоггүй, эм тариа хийгээд ч эмчлэгддэггүй болсон. Энэ нь сүүлийн 10 гаруй жилийн турш улстөрчдийн балгаар болсон зүйл гэнэ.

Мөн шинэчлэл эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа, гагцхүү хэн ямар өнгцөөр харж байгаа вэ гэдгээс янз бүр харагддаг. Өнгөрсөн онд хүн амын өсөлт хамгийн өндөр байсан, 70 мянга орчим эх төрж, шинэ хүн мэндэлсэн, мөн хүн амын нас баралт буурсан. Энэ бол эрүүл мэндийн салбарт хамаарах нааштай мэдээний нэг гэнэ. Ер нь бол эрүүл мэндийн салбарыг эдгээж сэхээхэд цаг их орж байгааг мөн онцоллоо.

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал томилогдохгүй байгаа нь улстөрчдийн оролцоотой холбоотой, үүнээс болж эрүүл мэндийн сайдын мэдэлд байхын аргагүй, УИХ-ын мэдэлд шилжсэн байна. Эндээс гарахад та туслах хэрэгтэй байна гэсэн хариулт өгсөн юм.

Ийнхүү дээрх асуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч дууссанаар УИХ-ын чуулганы энэ өдрийн хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж