Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Ганбямбын ирээдүй

Онигоо бус, болсон явдал. 80-аад оны дун­дуур нэхмэлийн нэгэн суурь машин Зөвлөлт Хол­боот Улсад үйлдвэрлэн гаргажээ. Уг суурь ма­ши­ныг нь Японоос их хэмжээгээр захиалан ав­чээ. Зөвлөлтийн удирдагчид хөөрч, техник тех­нологоороо дэлхийд гайхуулдаг япончууд Зөв­лөл­тийн техникийн дэвш­лийг бахдан биширч бай­на гэх зэргээр давс нэмэн шуу­гиул­жээ. Тэгээд өөрийнх нь “гайхамшигт” суурь машин Японд хэрхэн ажиллаж байгааг сур­валж­луулахаар тусгай сурвалжлагч явуулсан аж. Мө­нөөх сурвалжлагч Японд очоод үзсэн чинь япон­чууд техникийн гайхамшиг гэгдэх суурь машиныг нь дахин хайлуулж төмрийн хайлш бэлдэж байжээ. Гайхаж цочсон сурвалжлагч маань яагаад ингэж байгааг асуухад мэгдэж гэмшсэн япон “Танай суурь машины техникийн үзүүлэлт нь манайд 60 жилийн өмнө хэрэглэж байсан машинтай адил юмаа, үнэндээ бид төмрийг нь дахин боловсруулан ашиглах гэж авсан билээ” гэжээ. Зөвлөлтөд үйлдвэрлэсэн суурь машиныг япончууд төмрийн хаягдал болгон ашиглаж байсан ажээ.
Бас нэгэн онигоо бус болсон явдал. Афганистанд болсон явдал. Зөвлөлтийн хэдэн цэрэг талибуудын отоонд яваад орчихжээ. Эргээд зугтаж явтал тэдний унаж явсан “УАЗ 469” машиных нь хорооп эвдрээд “Тоёото” пикап хөлөглөн хойноос нь хөөсөн талибууд юу юугүй гүйцэж ирээд ма­шин­тайгаа но­цол­дож байсан хөөрхий хэдийг алжээ. Зөвлөлт гүрэн дайнд явуулсан цэргүүддээ зориулаад эвдэрчихээргүй машин хийж өгч чадаагүйгээс ийм байдлаар золгүйгээр амиа алдах явдал их байсныг Афганд байлдаж асан дайчид нь телевизээрээ гомдолтойгоор ярьж байсан. Манай монголчууд ч одоо “УАЗ 469”-ыг “машин нь ч машин л юм байна, даанч хүн унахад зориулаагүй юм шив дээ” хэмээн доогтойгоор ярьдаг шүү дээ.
Социализмын үед Монгол орныг халамжлан тэжээж байсан Зөвлөлтийн үйлдвэрүүд ийм л бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байжээ. Орчин цагийн хүний хэрэгцээнд нийцэхгүй нэг хэвийн “саарал” чанаргүй бараа бүтээгдэхүүнээ үйлд­вэр­лэхдээ барууныхнаас арав хорь дахин өндөр зард­лаар үйлдвэрлэж байсныг яана. Алдагдалд орсон үйлдвэрүүдээ ажиллуулах гэж нөөцөө шавхаж байв. Тариа тариалахад тохиромжтой хар хөрсний талбай нь дэлхийн ийм хөрсний талбайн 50-аас илүү хувь байсан. Гэтэл гадаадаас импортоор оруулж ирсэн талхаар хүн амынхаа талхны хэрэг­цээг нөхөн гүйцээж байв. Хар захын эдийн засаг нь ДНБ-ний 20 хувьд хүрсэн. Үндэсний мөнгөн тэмдэгт нь барааны хомсдлоос болж үнэ цэнээ алдаад, тамхи төлбөрийн хэрэгслийн үүргийг гүй­цэтгэх явдал газар авч байв. Ийм хүнд байдалд орсон атал хирээ мэдэлгүй Афганистан руу цэрэглэн дайрч, Москвагийн олимпын тоглолтыг зохиох зэргээр бүр туйлдсан юм. Ийнхүү Зөвлөлт Холбоот Улсын эдийн засаг коммунизмын эзэнт гүрнээ чирсээр сүйрэн унасан билээ.
Зөвлөлтийн эдийн засаг дампууран унахын горыг хамгийн түрүүн хамгийн хурцаар амссан улс бол манай улс юм. Учир нь, манай улс Зөвлөлтийн эдийн засгийн нэг хэсэг нь,тодруулбал 16 дахь хэсэг нь байсан юм. Манай эдийн засгийг, үйлд­вэ­рүүдийг, аж ахуйнуудыг хэвийн байдлаар ажил­луу­лахын тулд жил бүр Зөвлөлт Холбоот Улсаас долларт хөрвүүлснээр 600-700 сая ам. доллартай тэн­цэх татаас авдаг байлаа. Энэ бол өнөөдрийн ба­раг тэрбум гаруй доллар гэсэн үг. Монгол улсын төсвийг үнэн хэрэгтээ Москвад баталж байсан юм, өнөөдрийнхөөр аймгийн төсвийг угтаа Улаан­­баатарт баталдаг шиг. Үүнээс нь болоод тэр үү, ма­най улсыг Зөвлөлтийн 16 дахь Бүгд Найрамдах Улс гэдэг үг яриа гарсан. Зөвлөлтөөс гадаад худалдааны хамаарал нь бараг 90 хувьд хүрнэ. Ийм л байлаа. Тэгээд Зөвлөлтийн эдийн засаг дампуурахад түүгээр тэжээлгэж байсан Монголын эдийн засаг үндсэндээ нурсан юм даа.
1990 оны 12 дугаар сарын 26-нд Зөвлөлт Хол­боот Улсын Коммунист Намын Улстөрийн Товчоо (одоо­ны залууст Зөвлөлт орныг хэмжээгүй эрхтэйгээр удир­даж байсан дарангуйлагч хаад гэж тайлбарлах хэрэгтэй байх) хуралдаад Мон­гол улсад өгдөг зээл тусламжаа бүрэн зогсоож, Мон­голоос Зөвлөлтөд экспортолдог байсан бүх бараанд 60-1500 хувийн гаа­лийн татвар ноог­дуулах шийдвэр гаргасан юм. Тун хорон шийдвэр байлаа. Монголын эдийн за­сагт аймшигт цохилт болно гэдгийг мэдэж байсан Бямбасүрэн гуайн тэргүүлсэн Засгийн газар ард түмэндээ хандан бүсээ чангалах хэрэгтэй болсныг мэдэгдэж билээ.
Монголын эдийн засаг аймшигт цохилтонд нэрвэгдсэн. Зөвлөлтийн татаасгүй болсон үйлд­вэр, аж ахуйн газрууд маань хаалгаа барьлаа. Зөв­лөлтөд бүтээгдэхүүнээ экспортолж амьдардаг үйлд­­вэрүүд хэт өндөр тогтоогдсон гаалийн тат­варт сөхөрлөө. Хан-Уул дүүрэгт байрлах, одоо­гийн хэлээр аж үйлдвэрийн парк хөрөнгийн эх үүс­вэргүйн ул­маас зогслоо. Түүхий эд авах тэн­хэлтэй үйлд­вэр цөөрснөөс нэгдэл, сангийн аж ахуйд бүдээг­дэхүү­нээ борлуулж чадалгүй ор­ло­гогүй болоод дам­пуур­­сан. Ийнхүү хямрал гин­жин урвалд орон таар­сан бүхнээ сүйтгэж байв. Хотод махныхаа тө­лөө алалдаж, хөдөөд гэрэл­гүй­дээд лааны эрэлд ха­­таж байлаа. ”Дайны ха­жуугаар дажин“ гэгчийн үлгэрээр Монголын ну­таг дэвсгэр дээр байрлаж байсан Зөвлөлтийн 39 дүгээр арми нутаг буцахдаа өөрийнхөө мэ­дэлд байсан төгрөгөөр хайр найргүй бараа ху­дал­дан авч инфляцийг зад хөөргөдөж орхи­сон юм. Монгол улсын Үндэсний худалдан авах чад­­вар-61,7 хувьд хүрч унасан нь орчин цагийн дэлхийн түүхэнд байгаагүй уналт юм. Бод л доо. Дэлхийн хоёрдугаар дайнд нэрвэгдсэн Японы энэ үзүүлэлт -50,7-д хүрсэн. Испани улс иргэний дайныхаа уршгаар унахдаа -25,7 хувьд хүрч бай­сан юм шүү дээ. Манай уналт “аврага амжилт” тог­тоо­сон уналт байсан. Тэгэхэд л монголчууд бид бусдаар бэлэнчлэн тэжээлгэсний гайг чухам нэг амссан юм даа.
Зөвлөлт Холбоот Улс “үхсэн”. Монгол Улсыг тэжээгч үхсэн. Монголчуудын өмнө “тэжээгчээ алд­саны тэтгэмж” хаанаас олж авах вэ гэдэг асуулт хурцаар тавигдсан. Хятад Улс бидэнд тэжээгчээ алдсаны тэтгэмж өгөхөд бэлэн байсан байж магадгүй. Хятадаас тусламж хүссэн бол Зөвлөлтийн сүйрлээс учирсан хямралыг илүү зовлон багатай давж гарах байсан биз. Гэхдээ мон­голчууд бид нэг тэжээгч хөршөө нөгөө тэ­жээгч хөршөөрөө солих нь алсуураа Хятадын дагуул улс болох аюултайг ойлгож байсан.
Чухамхүү 90 оны ардчилсан хувьсгал л монгол­чууд биднийг гарцгүй шахам мухардлаас  авч гар­сан. Япон, Холбооны Герман Улс, Америкийн Нэгдсэн Улс зэрэг ардчилсан орнууд, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг их нэ­мэр болсон. Бид ч зүгээр суусангүй. Иргэд маань ган­заганд явж хэрэгцээтэй бараагаа олж ирэх, мал­чид малаа хувьчлан авч өсгөх мэтээр зүтгэсэн юм. Ийнхүү үзэлцсээр сүйрлийг давж гарсан билээ. Хэрэв­зээ, ардчилсан хувьсгал болоогүй бол Монгол Улс Хойд Солонгос шиг болоогүй юмаа гэхэд Куба шиг өнөө хүртэл картынхаа бараатай сууж байх байлаа.
Ардчилсан хувьсгалын буянаар монголчууд бид энэ хорин жилд зуун зууныг дамжсан мөрөөдлөө олж авсан. Улс орных нь хувь заяаг нэгэн үе Бээжингээс, дараа нь Москвагаас эзэрхэн удирдаж байгаа бурангуй ёсыг эсэргүүцэн тэмц­сэн Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Данзан, Сүхбаатар, Ерөн­хий сайд Амар нарын зэрэг үе үеийн эх орончид 90 оны ардчилсан хувьсгалын ялалтын дүнд өөрийнхөө хувь заяаны эзэн болж чадсан энэ цагийн монголчуудаа харсан бол баярлахдаа магнай нь малгайдаа багтахгүй байх байсан. Бурхан багшид сүслэн залбирч шавь болсныхоо төлөө ангийн дайсан хэмээн буудуулж сүйдсэн лам нар энэ цагийн хишигт мянгантаа мөргөх байсан. Социализмын үеийн нэгдлийн малчид хадан гэрээсээ иргэж ирээд өнөөгийн малчдын амьдралыг нэг харвал сүнс нь хоргодоод лав эргэж хадан гэртээ харина гэхгүй л байсан. Хө­рөн­гөт ангийн үзэл суртлыг тээгчид хэмээн цол­луулан моодорхож өмссөн трапез өмд, гоёж ур­гуулсан үсээ тайруулаад, дурлаж сонссон дуу­ны­хаа төлөө хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс зэм сануулга сонсож явсан социализмын за­луус одоогийн залуусын эрх чөлөөндөө бялхаж явааг хараад шогшрох байлаа. Дамчин панзчин гэ­дэг нэр зүүгээд Дэнжийн мянгын захаас өөр гишгэх газаргүй ад үзэгдэж байсан тэр цагийн наймаачид энэ цагийн бизнессүүдийг аархлыг хараад атаархахдаа үгээ хэлэх байсан биз.
Өнөөдрийн манай олон иргэдийн хэргэлгээний түвшин социализмын ид үеийнхээс ч үсрэнгүй хол давсаныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Төр хүүхэд бүрдээ мөнгө өгөөд зогсохгүй иргэн бүрдээ зүгээр л 500000 төгрөг хэсэгчлэн тарааж эхлээд байна шүү дээ.
90 оны үеийг өнөөтэй харьцуулахад үзтэл ийм их өөрчлөлт гарчихаад байхад Ганбямба нар яа­гаад ардчиллыг жигшин зэвүүцэж “Ардчиллын 20 жил гэмт хэрэг” гэх мэтээр дайрч давшлаж байна вэ?
Би, энэ хүний дотроо юу бодож ардчилалд ийн хорсоод байгааг тааж чадахгүй байгаа юм. Магадгүй нийгмийн бэрхшээлтэй асуудлууд дээр дөрөөлөн улстөрийн нэр хүндээ өсгөх гэсэн ердийн нэг башир явуулага байж болох юм. Тийм хүн санаатай мэдэн будилж худлаа ярьдаг. Жишээ нь, ардчиллын хар гайгаар траншейныхан бий болсон гээд л хашгичиж байгааг нь харахад арай ч дээ гэмээр. Үнэндээ траншейгаар амьдардаг олон хүн ийм амьдралыг өөрөө сонгосон байдаг. Тэдэнд ямар ч халамж үзүүлсэн нэмэргүй. Өгсөн мөнгөөр нь архи аваад буцаад л траншей руугаа явдагийг бид бүгдээрээ л харж байна. Манай гэрийн хажуугаар байдаг траншейны “оршин суугчид” 70 мянгаа аваад, түүнийгээ нийлүүлэн авдраар нь архи аваад найрлаж суусан. Нялх хүүхдийг ээлжлэн өвөр дээрээ тавиад гуйлга гуйдаг хүмүүс байна. Ээж нь тийм хүүхдээ “түрээслэдэг” гэсэн цуу үг байдаг. Тэд мөнөөх 70 мянгыг аваад хүүхэддээ зориулахын оронд зочид буудал хөлслөн архидаж наргицгаасан тухай мэдээлэл телевизээр гарч л байсан. Зүй нь ийм хүнлэг бус үйлдлийг төр албадан таслан зогсоох ёстой юм. Гэтэл Ганбямба нар ардчиллын гэмт үйл ажиллагааны улмаас хөөрхий траншейнийхан бий болсон гэх зэргээр улаан цайм гүтгэх юм.
Ганбямбын нэр хүндээ өргөх гэсэн улстөрийн “ойрын зайн тоглолт” нь нэг их санаа зовоохгүй байна. Үзтэл худал яриад байгаа нь олонхи хүнд мэдэгдээд байгаа юм. Харин, тэр “ханцуйндаа нуусан” коммунист үзэл санаагаа, төрийн халам­жийг нэхэн “боссон” олон түмэнд чадварлагаар хүргэж чадаж байна. Үүнд сэтгэл зовж байна.
Сэтгэлээ барьж чадахгүй үедээ Ганбямбын амнаасаа алдах үгийг нь харвал мань эр коммунист үзлээсээ салаагүй яваа аж. Тэрбээр, ардчилсан хувьсгал гэдэг бол үнэндээ хөрөнгөтний хувьсгал гээдхэнэ лээ. Энэ бол коммунист үзэл суртлын сонгодог тодорхойлолт, коммунистуудын улиг болтол хэлдэг үг. Ардчилсан хувьсгал нь хүний эрх, эрх чөлөөний төлөө хийдэг хувьсгал. Хүний олон эрхүүдийн дотор баяжих эрх бас багттдаг юм. Ардчилсан нийгэмд хүн бизнесс хийж баяжих эрхтэй л болдог болохоос хөрөнгөтөн анги бий болгох зорилт төрд нь угаасаа байхгүй. Харин ч ардчилсан нийгэмд хөрөнгөтнүүд, татвар нэрээр тонуул хийж байна хэмээн төрийг байнга нүд үзүүрлэж байдаг юм. Хөрөнгөтнүүд, ардчилсан төрийг олонхийн дарангуйлал хэмээн үзэж таагүй ханддаг билээ.
Ганбямба, Гитлер социализмаар айлгадаг байсан хэмээн уцаарлана билээ. Гитлер үндэсний социализм байгуулсан гэдгийг мань эр мэдэхгүй байгаа бололтой. Аргагүй. Хүн төрөлхтний өмнө нэр нүүргүй болсон национал-социалистуудаас зайгаа барьж нэрээ цэвэрлэх гэхдээ коммунистууд Гитлерийг социализмын дайсан байсан мэтээр сурталдсаныг мань эр багшаасаа тэр жил сураад одоо хэр үнэмшсээр яваа ажээ. Геббельс “Фюрер, Сталин хоёр социализм байгуулах ижил зорилготой байсан юм, харамсалтай нь хоорондоо тулалдаад либералиудыг өөгшүүлчихлээ” гэж халаглаж байсан билээ.
Ганбямба санаатай мэдэн будилж ардчиллыг ял­лахаар түүхийн үнэнийг мушгин гуйвуулж байгаа нь ойрын болоод холын зорилготой.Ойрын зо­рилго нь нэр төрөө өсгөх, холын зорилго нь ком­мунист суртлынхаа ялагдлын хариуг авах явдал.
Намайг яагаад Ганбямбад ингэж их ач холбогдол өгч мэтгэлцээд байгаа юм бэ гэж олон хүн гайхна лээ. Надад Ганбямбын үзэл санаа ойрын ирээдүйд хүчээ авах болов уу хэмээн муу совин татаад байгаа юм. Учир нь байгалийн баялаг ихтэй оронд социалист, коммунист үзэл санаа нийгмийн санаа бодлыг эзэмдэх хандлагатай байдаг. Яагаад гэвэл байгалийн баялаг ихтэй оронд баялгийг бий болгож бүтээх бус бэлэн байгаа баялгийг хувааж идэх бэлэнчлэх зөн билэг ард олны сэтгэлд зон­хилдог. Энэ зөн билэг популист улстөрийг цэцэг­лүүлэх бөгөөд ийм улстөрчдийн өрсөлдөөнд ком­мунистуудаар манлайлуулсан зүүний хүчин ял­даг. Вэнэсүэлд Уго Чавес үүнийг харууллаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж