Тавантолгойд анхаарах асуудал олон байсан

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Тавантолгойд анхаарах асуудал олон байсан

Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх бөгөөд Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх П.Цагаантай уулзаж ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт болсон “Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалтаар Оюутолгойн гэрээний талаар  нухацтай ярилцсан байсан. Тавантолгойн талаар ярилц­сан уу? Гадаадын төлөөллүүдээс ямар зөвлөмж өгсөн юм бол оо?

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч уул уурхайн салбарт хөрөнгө оруулах загвар гэрээний төсөл боловсруулах  саналыг энэ онд Давост болсон эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо дэвшүүлсэн юм. Уг санал Давосын  Эдийн засгийн форум  буюу  Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дэмжлэг хүлээсэн. Уг байгууллага  Монголын Улсын Ерөн­хий­лөгчийн Тамгын газар хамтраад “Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” сэдэв дугуй ширээний уулзалт, ярилцлагыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтад Дэлхийн банк, эрдэс баялагтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, Засгийн газар, хувийн хэвшил  гээд бүх төлөөлөл оролцсон нь хурлын уур амьсгалыг илүү ажил хэрэгч, бодитой, нээлттэй болгосон. Олон улсын загвар гэрээний  агуулга, хэлэлцээрт оролцогч талууд, гэрээгээр зохицуулах харилцаа, гэрээний  хугацаа, ил тод байдал, маргаан шийдвэрлэх, гэрээг хянах нөхцөл, гэрээ хэлэлцээр байгуулах чадамж гээд олон чухал асуудал хөндөгдсөн. Шударга зарчим, зохистой хөгжлийг эрхэмлэсэн олон улсын жишиг гэрээ боловсруулах чухал ажил Монголоос эхэллээ гэж ойлгож болно. Гэрээний анхны төсөл долдугаар сард гарна. Түүний дараа 20-25 орны туршлагыг харьцуулан  судална. Ингэсний дараа загвар гэрээний төслийг Давосын чуулга уулзалтын үеэр буюу ирэх нэгдүгээр сард танилцуулна. Энэ уулзалтаар ямар нэгэн тухайлсан гэрээг сайн муу, сайхан муухай гэж ярилцаагүй. Оюутолгойн гэрээг гэрээний нэг загвар гэдэг утгаар л авч хэлэлцсэн. Тийм болохоор Тавантолгойн талаар яригдаагүй.

-Ямар улсуудын туршлагыг судлах бол. Тэдгээр улсуудад зөвхөн уул уурхайн салбарт ололт байгуулсан улсууд л орж байгаа юу?

-Ази, Африк, Латин Америкийн 20-25 оронд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн. Энэ ажилд Монгол Улсын иргэн Пүрэвдорж оролцож байгааг энэ далимд хэлчихье. Тэрбээр Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалт байгууллагад ажилд орсон анхны Монгол. Жишиг гэрээ боловсруулахын тулд асуудлыг олон талаас судлах нь ойлгомжтой. Зөвхөн сайн талыг нь судлаад зогсохгүй сөрөг нөлөөллийг судалж байж загвар болохуйц гэрээг гаргана шүү дээ. Үүнд ойролцоогоор 18 сар  шаардагдах болов уу.

-Оюутолгойн гэрээнээс Таван­толгойн гэрээг хийхэд туршлага болохуйц анхаарал татсан асуудал юу байна?

-Олон зүйл байсан. Гэхдээ хурлын зорилго ямар нэгэн гэрээний талаар  сайн эсвэл муу гэх дүгнэлт гаргаагүй. Харин ямар асуудал байна, яаж зохицуулдаг вэ гэсэн туршлага, арга механизмийн талаар ярьсан. Хүмүүсийн хэлсэн үг,  асуулт, хариултаас харахад Тавантолгойн гэрээнд анхаарах ёстой олон  асуудал хөндөгдөж  байсан.

-Жишээ нь?

-Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа болон татварын орчны тогтворжилтын хугацаа  бол хоёр өөр зүйл. Хөрөнгө оруулалтын  гэрээ урт хугацаатай байж болно. 30 байтугай 100 жил ч байж болно.  Гэхдээ татварын орчных хамаагүй богино байдаг. Товч­доо, хөрөнгө оруулалтын гэрээ бол хэрэв хөрөнгө оруулагч талд  хууль тогтоомж ноцтой зөрчөөгүй бол тухайн ашигт малтмалын орд дээр  нөөцийг нь дуустал  ажиллах боломжийг л  олгож байгаа хэрэг шүү дээ. Гэтэл манайд  татварын орчны тогтворжилтыг хөрөнгө оруулалтын  гэрээний бүхий  л хугацаанд мөрдөгдөхөөр олгож байгаа  нь зарчмын алдаа гэдэг нь харагдаж байна. Уул уурхайн аливаа төсөл 5-10 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа бүрэн нөхдөг тул татварыг тогтворжуулах гэрээний хугацаа  10  жилд багтдаг нь нийтлэг жишиг.  Энэ асуудлыг УИХ-ын түвшинд ч  анхаарах байх аа.
Бас нутгийн уугуул иргэдийн тахин шүтдэг газар, ус, гол горхийг ухаж сэндийчихгүй байх тухай гэрээнд тусгах. Эсвэл хашаа хороо нь ашиглалтын талбайд хамрагдлаа гэхэд нөхөн олговор өгөх тухай ч юм уу боловсронгуй болгох зүйл их байгаа нь харагдсан. Хуралд оролцсон олон хүний орой руу олон зүйлийн санаа бодол  орсон байх аа.

-Та Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн болохоор Оюутолгойн талаар ярихаас зайлсхийгээд байх шиг байна. Тодорхой ярихгүй байж  болно. Таны хувийн бодлоор Оюутолгойн гэрээ сайн гэрээ болж уу, муу гэрээний ангилалд орох гэрээ болсон байна уу? Хувийн бодлоо хуваалцаач, энэ хурлын дараа.

-Хэцүү гэрээ л гэж хэлье дээ.

-Саяхан Оюутолгойн ТУЗ-ийн анхны хурал болсон. Хурлын уур амьс­гал ямар байв? Энэ хуралд “Айванхоу Майнз”, “Рио Тинто”, Оюутолгойн төлөөлөгчид оролцож харагдсан?

-ТУЗ-ийн анхны хурал нэлээд ажил хэрэгч, бие биенийгээ сонссон уур амьсгалд болсон. Бүх зүйл “ОК” байсан гэвэл худал болно. Анх нэг өдрөөр төлөвлөсөн боловч хоёр өдөр хуралдсан. Ганц нэг асуудлаа  хойшлуулсан.

-Ямар асуудлыг?

-Оюутолгойн компанийн энэ оны үлдэж байгаа хугацааны төсөв бат­лах асуудал наймдугаар сар хүртэл хойшлогдсон.

-Яагаад?

-Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүдэд Оюутолгойн төсөв, зардал, бүтэц зохион байгуулалтын талаар хангалттай мэдээлэл ирүүлээгүйгээс бол­сон гэх үү дээ.

-Та нар шаардаагүй хэрэг үү, эсвэл өгөхөөс татгалзаад байгаа юм уу?

-Тавдугаар сарын 24-нөөс хойш  цувуулж авсаар л байна. Монголын талын хувь нийлүүлэгчдэд ч мэдээлэл хомс байдаг юм билээ. Оюутолгой компани шинээр өөрчлөн зохион байгуулагдаж байгаа гэдгийг нь бодоод хүлээцтэй  хандаж байгаа, бид.

-Хөрөнгө оруулагчид  та гуравтай хэл амаа олохгүй байгаа юм болов уу?

-Хувь нийлүүлэгчид гэрээгээр хүлээ­сэн үүргээ чанд биелүүлээд, Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгээд ажиллаж чадвал энэ төсөл Монгол Улсын нэн шинэ түүхэнд болоод олон улсын хэмжээнд амжилттай сайн төсөл болох боломжтой. Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Айванхоу Майнз”-ынхан ТУЗ-д тав, “Рио тинто” нэг нэг суудалтай байгаа. Бидний шаардсан мэдээлэл  бол хууль ёсных бөгөөд хэрэв гурван хүнтэй хэл амаа олж чадахгүй бол гурван сая хүнтэй  хэл амаа ололцох хэрэг гарах байх даа.

-Юу гэж ойлгох вэ?

-Өөрийнхөөрөө л ойлго.

-Канадад Хөрөнгө оруулалтын  болон татварын орчныг тогтворжуулах гэрээний хугацаа хэдэн жил  байдаг бол?

-Монголын иргэн хөрөнгө оруулагч  Дорж Канадад очоод Засгийн газар, яаманд нь очоод танайхтай  Татварын орчныг тогторжуулах гэрээ байгуулъя гэвэл нүд нь орой дээр гарах байх. Аягүй бол сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү ч явуулж магадгүй. Ийм гэрээ нь хөгжиж байгаа орнуудын  татварын орчин тогтворгүй байдаг л зовлонтой холбоотой үүссэн гэрээ.
 
-Дараагийн том төсөл бол Таван­толгой.  Засгийн газраас баримталж буй байр суурийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа юу?

-Тавантолгой болон  Оюутолгойн хоёр орд эрдэс баялгийнхаа төрлөөс гадна агуулгын хувьд огт өөр бөгөөд тус тусын онцлогтой. Тавантолгой бол Монголын төрийнх. Харин Оюутолгойг гадны хөрөнгө оруулагч олж нээсэн. Оюутолгойн гэрээний нөхцөлийг хөрөн­гө оруулагч нь Монголын Засгийн газарт тулгасан. Харин Тавантолгойн гэрээний тоглоомын дүрмийг Монгол Улс  эхлээд  гаргах бүрэн боломжтой. Гэтэл  бэлэнчилсэн үү, яасан юм гэрээний загварыг Оюутолгойн гэрээн дээр суурилаад  хийчихсэн учраас боловс­ронгуй болгох зүйл их байгаа. УИХ-аар хэлэлцэх явцад сайжрах биз ээ.  Оюутолгойн тухайд олзворлох үйл ажиллагааг  зарим хэсэгт газрын гүнд 1-2  километрийн дор явуулна. Ийм технологи дэлхийд ч ховор.  Харин нүүрс олборлоно гэдэг монголчуудын хувьд  шинэ шинжлэх ухаан биш. Гэхдээ хөрөнгө оруулалтын цар хэмжээ их, менежмент, технологийн шинэ өндөр түвшинг  шаардана.  Тий­мээс Тавантолгойн талаар олон ул­сын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах ёстой. Зөвхөн монгол хэлээр, Мон­голд хэвлэгддэг хэдэн  сониноос гадна дэлхийн нэр хүндтэй сонин хэвлэлээр дамжуулж урилга заллагаа түгээх хэрэгтэй. Ядаж Монгол Улсын хувьд эерэг сурталчилгаа болно. Өөрөөр хэлбэл аль болох гадаадын  олон хөрөнгө оруулагчдыг өрсөлдүүлэх хэрэгтэй.  Дараагийн шатанд Монголд  хамгийн их ашигтай санал өгсөн  саналуудыг урьдчилан сонгон шалгаруулж,  дараа нь хэлэлцээ явуулах хэрэгтэй. Ингэхдээ Тавантолгойн эцсийн бүтээгдэхүүн,  кокс хэрэглэгч  орнуудын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй бөгөөд  тэгш тэнцүү  хандах шаардлагатай. Ингэвэл Тавантолгойн бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл  ч баталгаажина.  Ингэхдээ дотоодын ком­па­ниудыг оролцуулж, үндэсний компаниудыг дэмжих, томруулах бодлого  давхар баримталбал зохино.  Өөр нэг онцолж хэлэх зүйл гэвэл Тавантолгойн төсөл 150- 200 жилийн настай учраас XXII зуунд Монголын нүүр царай ямар байхыг одооноос бодож, ядахдаа төсөөлж ямар стандарт баримтлахыг нэг нөхцөлөө  болгох нь зөв байх.

-Төр асуудлыг хэрхэн шийдэж байгааг харахад Монгол ер нь хөгжөөд байна уу, эвсэл гэх асуулт гарч ирдэг. Таны хэлээд байгаа тэр олон улсын стандарт манайд байхгүй шүү дээ. Бид түүнийг мөрдөж чадах уу?

-Харин хөгжсөн ч юм шиг, үгүй ч юм шиг, хоцрогдсон ч юм шиг, хагас социалист, эсвэл зах зээлийн ч юм шиг бүх зүйлийн холимог хуурга, бантан шиг юм болчихоод байна шүү дээ. Энэ заримдаг тогтолцооноос шинэ шатанд шилжье, дээд эрэмбэ рүү очьё гэвэл нэг шүүлтүүрээр л гарах хэрэгтэй болно. Тэр нь юу вэ гэхээр олон улсын, онцолж хэлбэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын яриад байгаа Европын холбооны стандартыг баримтлана гэдгээ бодлого, шийдвэр болгох хэрэгтэй. Тэгвэл зам, дэд бүтэц, станц, байшин, барилга гээд бүх зүйл  Европын шүүлтүүр, шалгуураар орж  Өмнөговьд жинхэнэ утгаараа шинэ зууны шинэ бүтээн байгуулалт сүндэрлэнэ. 

-Засгийн газраас Тавантолгойн ордыг ерөнхийд нь төр эзэмшээд 10 хувийг нь иргэдэд хувьцаа байдлаар өгнө гээд байгаа. Хоёр намын мөрийн хөтөлбөрт гэхэд л шууд иргэдэд эзэмшүүлнэ гэж байсан. Иргэд нэрээр томоохон компаниуд, эсвэл улс­төрчид эзэмшчих юм биш гэх хар бий. “Монгол 999” нэгдлийг харж байхад бизнесийнхэн гэхээсээ илүүтэй улстөрчид харагдаад байх шиг?

-Үндэсний компаниудаа оролцуулья гэдэг бол зөв. Гэхдээ хоёр тэрбум төгрөгөөр ганц нэгхэн хүнд даацын эксковатор аваад л дуусчихна. Хүсэл байвч хясал бий. Эсвэл дахиад хэдэн арван жил хүлээх үү? 

-Харин?

-Тиймээс зайлшгүй гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Гэхдээ тэр хөрөнгө оруулалтыг ямар нөхцөлөөр авах вэ гэдэг нь бодлогын чухал асуудал.
Иргэдэд олгох хувьцааны тухайд өөрийн чинь хэлдгээр яригдаж л байсан санал шүү дээ. “Эрдэнийн хувь”, “Баян Монгол” корпораци гээд. Бэлэн мөнгө  тарааснаас хувьцаа өгсөн нь дээр. Бэлэн мөнгө бол идээд дуусна. Харин хувьцаагаар дамжуулаад олон нийтийн хяналтыг бий болгоно гэдэг буруу биш. Энэ бол хийчихэж болох зүйл. Бэлэн мөнгөний нийлүүлэлт  байхгүй  бол инфляци хөөргөдөхгүй шүү дээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нь иргэдэд бэлэн мөнгөнөөс чухал.
 
-УИХ, Засгийн газар амлалтаа биелүүлэхийн тулд Тавантолгойгоос олох мөнгөнөөс иргэдэд тараана гээд байгаа шүү дээ?

– Хэрэв амласан 1,5 сая төгрөгийг иргэддээ өгнө гэх юм бол Монгол Улсын банкны системийн бүх активыг өгөөд ч хүрэлцэхгүй шүү дээ. Тийм их мөнгө гаднаас зээлээд олгох юм бол манайд гипер инфляци  болно. Ингэхээр өгсөн мөнгө нь ч үнэгүйдээд үр ашиг ч үгүй болно. Тиймээс хувьцаа хэлбэрээр өгөх нь боломжтой бөгөөд бодитой  байж болох хувилбар гэж хэлээд байгаа юмаа.

-Тавантолгойг ер нь хэрхэн ашиглах ёстой юм бэ?

-Батлагдсан нөөц нь 6,4 тэрбум тонн орд шүү дээ. Энэ бол дэлхийн хэмжээнд ашиглагдаагүй байгаа коксжих нүүрсний  хамгийн том орд. Ер нь 200 сая хүртэл бол бага, 200-800 сая тонн бол  дунд зэргийн, түүнээс дээш нөөцтэй гэхээр том орд болчихож байгаа юм. Тиймээс бид үнэхээр том үүцээ  задалж байна. Долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй байх. Өнөө маргаашийн явцуу эрх  ашигт бага л хөтлөгдөх хэрэгтэй байна. Эдийн засгийн огцом өсөлт, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилтыг улс орныхоо аюулгүй байдал,  стратегийн зорилттой уялдуулаад,  чадвал нэг сумаар гурав биш юмаа гэхэд хоёр туулайг намнах хэрэгтэй байна. Ийм том орд газар мөддөө эдийн засгийн эргэлтэнд орохгүй учраас алдах эрх шийдвэр гаргагчдад байх учиргүй. Ний нуугүй хэлэхэд,  жилийн өмнө тохиролцчихсон хэдэн компаниудад найр тавиад өгчих гээд  байгаад санаа зовинож байгаа. “Нэрээ бодье”, “удаан хүлээлгэчихсэн юм”, “урьд урилга явуулчихсан юм” энэ тэрээ гэсэн аравдугаар зэргийн ач холбогдолтой юм ярьсан албан тушаалтнууд цөөнгүй  байна. Бидэнд Монголын үндэсний язгуур эрх ашгаас өөр дээгүүр эрх ашиг байх ёсгүй.

 -Тэгээд ямар бодлогоор хандах вэ?

-Жишээ нь “МCS” групп гэхэд л гадны оператор компаниар олзворлох ажлаа хийлгэчихээд өөрсдөө маркетингийн буюу борлуулах ажлаа хийж байна. Гэтэл Засгийн газрын төслөөр бол операторт нь олборлох болон маркетингийн, бор­луулалтын ажлыг хоёуланг нь өгөхөөр байгаа. Болно л доо. Гэхдээ хэнд,  ямар болзол, нөхцөл, хугацаагаар вэ гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Төрийн нэртэй боловч нидэр дээр өөр хүнийхээс өөрцгүй ёс төдий эзэмшигч байж болохгүй. Тавантолгойг хөгжүүлэх толгой корпо­раци байгуулаад түүнд оруулсан хөрөн­гийнхөө хэмжээгээр хувь эзэмшээд тэнд­хийн зам, дэд бүтэц, тээвэрлэлт, усны асуудлыг зохицуулдаг баймаар. Нөгөө талаас олон хөрөнгө оруулагчтай болсон тохиолдолд хоорондоо үнээр өрсөлдөж үнэ ханшаа унагахгүй байх,  шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, гадаад  үнэ тариф зохицуулах  үүрэгтэй байгууллагыг байгуулаад тэр нь Засгийн газар шиг ажиллаж байж л их бүтээн байгуулалтыг цаг алдахгүй өрнүүлэх боломжтой  санаг­дана.

-Тийм чадвар бидэнд бий юу?

-Байлгахаас өөр арга байхгүй. Монгол Улс “Эрдэнэт”-ийг 1970-аад онд босгохдоо улс орноороо хөдлөж байж босгосон. Тэрнээс ч том том бүтээн байгуулалт Өмнийн говьд өрнөж байхад хэдэн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулаад орхино гэдэг  хангалтгүй бөгөөд хариуцлагагүй явдал болно. Зохион байгуулалтын том бүтэц, алба хэрэгтэй болно. Эс тэгвэл нэг замын асуудлаар дөрвөн хөрөнгө оруулагч нэг яамны нэг түшмэлийн үүд сахиад л цаг хугацаа алдаж эхлэнэ. Тэр бүхий  л  ажил төрлийг газар дээр нь зохицуулдаг, шаардлагатай зөвшөөрлийг нь өгдөг, хяналт тавьдаг, шуурхай удирдлагаар хангадаг, гааль, тээвэр, худалдаа, визний гээд түмэн янзын асуудал зохицуулах хэрэг гарна шүү дээ. Тэнд олон хүн амьдрах учраас эмнэлэг, сургууль, цагдаа, шүүх ч байх хэрэгтэй болно.  Товчдоо Өмнийн говийн хөгжил, төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтыг хариуц­сан  байнгын, эрх мэдэлтэй,  хүчтэй бүтэц хэрэгтэй болох байх. Тэгж байж өмнийн говь, Сайншандын АҮ-ийн цогцолбор босно. Санал болгоод байгаа Зөвлөл нэртэй зөвлөдөг байгууллагаар шийдүүлэх боломжгүй  асуудал үй түмээрээ бий болно.

-Төр хамгийн муу менежер гэдэг шүү дээ. Ингэхээр авлигад идэгдчихсэн хүмүүст ахиад өгөөш бэлдчихгүй байгаа?

-Төр бол бизнеснийхний хувьд үнэхээр муу менежер. Хүнээр л хийлгэх хэрэгтэй.
 Өнгөрсөн жил гаруй хугацаанд хэлэлцээр хийсэн нэртэй хэдэн компа­нидаа л бүхнийг өгчих гээд байна шүү дээ гэж олон хүн над руу ярьж байгаа. Үнэний хувь ч байгаа болов уу. Тийм учраас л гэрээнийхээ нөхцөлийг ард түмнээр, Иргэний танхимаар урьд­чилж хэлэлцүүлээд болсон гэвэл олон улсын тендер зарлаад ажлаа эхэлбэл дараа дараагийн ажил үйлс нь саад багатай хурдан явна. Тоглоомын дүрмээ буюу тендерийн нөхцөл, гэрээний төслөө ил болгож, интернетэд тавиад, өргөн хэлэлцүүлэх л хэрэгтэй. Будилаантай замаар эхэлбэл манай  иргэд мэдрэмжтэй, боловсролтой учраас эсэргүүцээд төслийг цааш алхуулахгүй. Сонин хачин зүйл их болж байна аа. Иргэндээ хувьцаа өгөх нь зөв үү? Үндэсний компаниудаа  дэмжих нь зөв үү гэсэн утгатай  санал асуулга явуулаад нийгмийн тархи угааж эхэллээ. Эрүүл хүн болгон л ЗӨВ гэсэн хариу өгөх нь ойлгомжтой. Цаг, цаасны гарз.  Зүй нь  сонгон шалгаруулалтын баримт бичиг,  нөхцөл журам, болзол, гэрээний төсөл, нөхцөлөө тоо, үсэгтэй, хугацаатай нь тавиад хүмүүсийн санал бодлыг урьдчилж сонсмоор, авмаар юм. Саяны  олон улсын хурал дээр ч хөндөгдсөн. Гэтэл манайд эсрэгээрээ.   Ганц жишээ хэлэхэд, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Тавантолгойн гэрээний төсөлд Монгол Улс аль татвараа хэдэн жилээр тогтоворжуулах юм бэ гэдэг нь хоосон, гурван цэг тавьчихсан л явж байна. Тэгэхээр ямар татварыг тогтворжуулах, эс тотворжуулахыг хө­рөн­гө оруулагчидтай хэлэлцээ хийсэн хэдэн хүн л шийдэх юм байна л даа. Энэ бол хардлаг сэрдлэг, авилгал бүх муу муухай бүхний үүр, эхлэл болоод байгаа юм. Тодорхой үг, үсэггүй гэрээний төсөл дээр хэн ямар санал өгөх вэ дээ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэл л болж байна, манай улсад. Гэрээний гарчиг буюу нэр нь чухал. Гэхдээ түүнээс илүү, түүн дотор бичигдсэн үг үсэг, тоо, цаг, хугацаа буюу гэрээ, баримт бичгийн гэдэс дотор агуулга нь чухал шүү дээ.  Хэдэн удаа алдах юм бэ, бид. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд баймааргүй байна, ард түмэн минь ээ.

-Засгийн газар нээлттэй байх дургүй байгаа юм биш үү. Өнгөрсөн долоо хоногт болсон олон улсын уулзалт, хэлэлцээрийн үеэр Д.Зоригт сайд загвар гэрээ хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэдгийг хэлж байсан шүү дээ?

-М.Зоригт сайд   өөрөө тайлбарлана биз. Гэрээний ерөнхий төсөл байвал Монгол шиг чадавхи тааруу оронд маш хэрэгтэй гэдэг нь амьдралаас харагдаад байна ш дээ. Оюутолгойн хэлэлцээр харуулсан биз дээ. Мэдээж хэрэг, улс орон  болгон, уурхай болгон  өөр өөрийн онцлогтой  учраас тухайн  гэрээн дотор ямар  тоо тавих нь, юуг авах гээх нь  тухайн орны асуудал. Хэтэрхий туйлшруулж ойлгож болохгүй шүү дээ. Загвар гэрээ муу нөлөө үзүүлнэ л гэж лав байхгүй. Тавантолгойн анхны төсөл бол яг л Оюутолгойн гэрээний загвар байсан. Сүүлд хэлэлцүүлгийн явцад Австралийн  нүүрсний загвар гэрээний төслийг ашиглаад л, хуулаад л явж байгаа шүү дээ. Тиймээс эсэргүүцээгүй байх аа.

-Тавантолгойн гэрээг байгуулахаас өмнө Ашигт малтмалын хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж та үздэг үү. Иргэний хөдөлгөөнүүд зайлшгүй өөрчлөх ёстой гээд байгаа шүү дээ?

-Аль заалтыг өөрчилнө гэж?

-Оюутолгойн гэрээг 30 жилээр байгуулсан нь хуульд тэгээд тусгачихсанаас л болсон гэдэг. Тиймээс энийг давтах юм биш үү?

-Үнэхээр дэлхийд байхгүй гэрээ байгуулах нь утгагүй шүү дээ. Татварын тогтворжуулах гэрээг бол адаглаад 10 жилээр хийх ёстой. Тавантолгойн хувьд хөрөнгө оруулагчид нь лиценз эзэмшигчид биш учраас гэрээндээ яаж ч тусгах боломжтой гэсэн үг. Оюутолгойн гэрээ бол хуулийн хүрээнд хийгдсэн л дээ. Хэрэв хуульд өөрчлөлт оруулбал төгс байдлаар л өөрчлөх хэрэгтэй. Түүнээс гадна энгийн хэрнээ бас нэг чухал асуудал бий.

-Ямар?

-Юу вэ гэхээр татварын орчныг тогтворжуулах гэрээ гэдэг бол хөрөнгө оруулагчдын хувьд даатгалд хамрагдаж байна гэсэн үг. Амь насаа даатгадгаас ялгаагүй. Бусад оронд  бол даатгалд хамрагдсаны төлөө буюу татварыг тогтворжуулсан гэрээ байгуулсныхаа төлөө Засгийн газарт  мөнгө төлдөг. Хөрөнгө оруулалтын хэмжээнийхээ үнийн дүнгээс хамаараад төлнө. Колумбад бол нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Засгийн газарт төлдөг. Гэтэл манай улс  30 жилээр гэрээ байгуулсан хэрнээ ямар ч хураамж авахгүй хэрнээ даатгал өгөөд байдаг. Даатгалын компани манай улс шиг ажиллавал  дампуурна биз дээ. Тэгэхээр манай хууль тогтоомж боловсронгуй болоогүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

-Боловсронгуй болгохгүй байх сонирхол байгаа юм биш үү, улстөрчдөд?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Гадна, дотны лобби ч байж болно. Гэхдээ боловсронгуй болгох ёстой. Тиймээс ч Ерөнхийлөгчийн санаачлагаар хайгуулын шинэ лиценз олгохыг зогсоосон. Энэ бол цаашид яах вэ гэдэг талаар бодоцгооё л гэсэн санаа. Энэ хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газарт хуулийн төсөл боловсруул гэж үүрэг өгсөн байгаа. Алдаанаас ангид хүн гэж байхгүй. Бид алдаагаа мэдсэн л бол засаад л яваад байх хэрэгтэй. Дэлхий биднийг анхаарч байна. Хууль, тогтоомжоо боловсронгуй болгохгүй байна гэдэг үндэсний эрх ашгийг хөсөрдүүлж байна л гэсэн үг. Үндэсний эрх ашгаас урвасан бодлого явуулдаг албан тушаалтантай төр нь хатуу хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Энэ талаар Төрийн тэргүүн анхаарч анзаарч, холбогдох байгууллагуудад  ч анхааруулж хэлсэн  байгаа.

-Харин ч эсрэгээрээ нууцаа алдаад дуусч байгаа юм биш үү?

-Хариуцлага тооцдог болгоно. Энэ бол шударга ёсны шаардлага. Ерөнхийлөгчийн нэг амлалт бол хууль, шударга ёсны асуудал. Үнэнийг хэлэхэд ил, далд эсэргүүцэл их байна. Алхам алхамаар ахиж, амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна.   

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж