Монголын төрд нууц гэж байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Монголын төрд нууц гэж байна уу?

УИХ-ын Тамгын газрын зөвлөх, Гадаад харилцааны яамны хоёр ажилтан төрийн маш нууц зэрэглэлийн мэдээллийг гадагш нь цахим шуудангаар илгээн задруулсан хэргээр Ганц худагт суун шалгуулж байна. Чухам ямар шалтгаанаар нууц задруулсан, хэр зэргийн хохирол Монгол Улсын эрх ашигт учирсан болохыг Тагнуулын ерөнхий газрынхан хэрэг мөрдөлт дуустал хэлэх боломжгүй гэж байгаа юм. Ийм хэрэг мандсан даруйд хэвлэлийнхэн чих сортойлгож, Монголын төр яагаад нууцаа алдчихав гэдгийг эрж сурсан ч УИХ-ын Тамгын газар ч, Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлага, Хүний нөөцийн газар, Хэвлэл, мэдээллийн албанаас ч “Тийм зүйл огт болоогүй” хэмээн ам таглаж байсан юм. Гэвч төдөлгүй хариуцлагатай ажилтнууд нь нууц алдсаныг дарж байсан нь илэрсэн. Ёстой нууцлах юмаа дэлгэчихээд нуухгүйгээ далдалсан явдал болов. Энэ удаад Тагнуулын газрынхан жинхэнэ чадвараа гаргаж нууц мэдээлэл цахим шуудангаар илгээснийг илрүүлж чаджээ. Гэхдээ мэдэгдсэн нь энэ болохоос үүнээс цааш өөр ямар мэдээлэл эрх мэдэлтнүүдийн амаар дамжиж хаанахын хэнд хүрч буйг олоход бэрх. 

Алдагдсан мэдээлэл уул уурхай, ашигт малтмалын талаарх яриа хэлэлцээрүүдтэй холбоотой бололтой байгаа юм. Үнэхээр ч Монгол Улс ашигт малтмалын үүцүүдээ хөндөж, дэлхийн олон орны хөрөнгө бэлтэй компаниудын нүд, чих сүүлийн хэдэн жилд наашаа хандаад буй. Чингис их хааны өлгий, Азийн цээжинд ардчиллыг тайван замаар тогтоосон улс гэдгээрээ л саяхныг болтол нэрийн хуудас хийж явсан монголчууд одоо бол Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй арвин нөөц бүхий стратегийн ордуудаараа дэлхийн тэргүүлэх орны баян компаниудыг даллаж, тэндээс ахиухан хувь хүртэхсэн гэсэн хүслийг эздийнх нь цээжинд ноцоогоод байгаа. Зорилгодоо хүрэхийн төлөө тэд төрд ойр, эрх мэдэл , мэдээлэлтэй танил талын эрэлд хатах болжээ. Мэдээж, нууц алдуулсныхаа төлөө шан харамж чамгүй өгдөг байж таарна. Чухам ийм үед эх орныхоо баялгийг гаднынханд тавиад туучихалгүй өөрсдөдөө шингээж үлдээхийн төлөө төрийн нууц гэгчийг дээр дор гэлтгүй хадгалах хэрэгтэй болж. Тэрнээс биш хүйтэн дайны үеийнх шиг хэдэн цэрэгтэй, ямар ангиллын хэчнээн зэвсэгтэй, цэргийн ангиуд нь, уурхай ордууд нь хаана хаана байрладаг юм гээд газрын зураг барьчихаад явж байдаг тэнэг тагнуул туршуул одоо байхгүй. Тэртэй тэргүй НАСА-гийн сансраас авсан зураг дээр цэргийн анги байтугай Баянхошууны дугаар хорооны Дорж гуайн хашаанд хэдэн гэр, амбаар байгааг, мод түлшээ хаанаа хураасныг, нохойнх нь үүрийг хүртэл дурайтал гаргачихсан байх чинь билээ. “Манайх чинь хаантай бол хаантай, харцтай бол харцтай улс шиг улс мөн биз” гэдгээр бас төрийн нууцтай, түүнд зориулсан хуультай орон. Монгол Улсын Төрийн нууцын тухай хуульд "Төрийн нууц гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан техник технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гvйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд, задруулбал vндэсний аюулгvй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дvрс зураг, дохио тэмдэг, техник технологийн шийдэл болон vйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж буй мэдээ,.баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг хэлнэ" гэж заажээ.
Хамгийн сүүлд мандсан хэргийг дээрх хуулийн томъёоллоор хэлбэл “тус улсын гадаад бодлого, эдийн засагтай холбоотой, хэрэв задруулбал vндэсний аюулгvй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг техник технологийн шийдлээр” гадагш дамжуулсан явдал болсон нь ойлгогдож байна. Нууцыг задруулсан хүмүүс нь бас амархан гэнэдээд, санаандгүйгээр баримт материал тавиад туучих хүмүүс биш юм.

Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын ажилтан Г.Байгалмаа, Г.Сувдсүрэн нар төрийн албаны зохих туршлагатай хүмүүс аж. Тэднээр мэдээ гаргуулсан гэх УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайхан л гэхэд 1990-1996 онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины гадаад мэдээллийн албанд сэтгүүлч байсан, 1996-1998 онд “UB post” сонины эрхлэгч, 1998-2000 онд ЮНЕСКО-гийн төслийн ажилтан байгаад 2000 оноос УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагчаар орж ажиллажээ. Харин 2002 онд тушаал дэвшин зөвлөх болж, улмаар 2007 онд Төрийн албаны хуулийн дагуу дэд зэргийн ахлах түшмэлийн зэрэг дэв хүртжээ. Бүр 2000 оноос УИХ-ын Тамгын газарт ажилд орж, бүтэн 10 жил Хууль тогтоох байгууллагын хамгийн чухал тогоонд буцалсан хүн гэнэ алдаад төрийн нууц дэлгэнэ гэж баймгүй. Мөн тэрбээр 1994-2001 онд БНХАУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар сууж байсан Д.Цахилгааны хүү гэдгээрээ ч юуг гадагш тарааж, юуг хар хайрцагны бодлогоор нуух ёстойг сайн мэдэх эрхэм.
Гэтэл саяхан БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд хийсэн айлчлалын үеэр төрийн хар хайрцагны бодлого руу өнгийсэн хэрэг хийх нь хийчихжээ. Чухам юу болсныг ямар ч албаны эх сурвалж цухуйлгахгүй байгаа болохоор хэргийг тойрсон элдэв яриа дуулдаж байна. Эхэн үедээ Вень Зябао даргын айлчлалын өмнө тэднийх рүү мэдээлэл алдсан юм шиг байна гэснээ сүүлдээ Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр дэд бүтэц, ашигт малтмалын салбарын зарим асуудлаар Монголын талтай тохирсон, гадагш тараах ёсгүй баримтыг ОХУ руу илгээсэн гэнэ гэх яриа чих дэлсэх болов. Угаасаа албаны хүмүүс нь ямар асуудлыг задалсныг бүү хэл, “ерөөсөө тийм хэрэг болоогүй, манай хүмүүс баригдаж тавигдаагүй, ажлаа хийгээд явцгааж байна” гээд байхаар цуу яриа дэгдэхээс ч яах юм билээ. Олны үг ортой гэгчээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дүгнэлтээс урьтаад сэтгүүлчид хэргийг “илрүүлчих” юм биш үү. Равдан, Довдон хоёр наймаа тохироод байсныг хүргэн хүү нь мэдэж, нөгөө хөрш Балданд ховлоод бараа үнэгүйдүүлсэн шиг л юм хийж л дээ, нөгөө гурав. Дээрх хэргээс сэхээ авсан уу, төр маань нууцынхаа хар хайрцгийн бүтэн эсэхийг шалгаж, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан УИХ-ын гишүүдтэйгээ маш нууцын хэмжээнд хаалттай мэдээлэл солилцов. Гар утасны долгион сарниулагч тавьж, үүднийхээ харуулуудыг олшруулан ялаа, шумуул шургах завсаргүй болгож байгаад нэлээд урт хуралдав. Уг нь төрийн хар хайрцагны бодлогоо ингэж ярьж авдаг нь сайн л хэрэг. Гэтэл нөгөө 76 сайн эр нь тийм шигшмэл мундаг эх оронч мөн үү. Жирийн иргэн бидний л саналаа өгч төлөөллөө болгоод төрд илгээчихсэн нөхөд шүү дээ. Мэдээллийн гол сурвалж дээр сууж байгаагийнхаа хувьд дараагийн сонгуульд өрсөлдөх мөнгөө базааж авах гээд нууц хуралдаанаас сонссон юмнаасаа гадаадын нөхдөд ярихгүй гэхийн баталгаа бий бил үү. Манай төсвийн хөрөнгө нимгэн. Түүнээсээ болоод УИХ-ын гишүүд албан ёсны томилолттой айлчлал гэхээсээ илүү хувиараа зардлаа төлөөд гадаад орнуудаар дураараа аялдаг. Түүнийг нь УИХ сайшаадаг. “Өөрөө мөнгөө гаргасан юм, хаачсан ч яахав” гээд. Өмнөх УИХ-д л гэхэд Б.Эрдэнэбат нарын гадаадад яваад, чөлөөт цагаараа чуулгандаа суудаг гишүүд байж л байсан. Тэгж явах зууртаа мөнөөх долгион сарниулагч тавин байж хийсэн Төрийн тэргүүний мэдээллээс гадаад түншүүддээ шивнэвэл яана. Тэгэхээр 76 нөхөрт нууц мэдээлэл хийнэ гэдэг арай л задгайрсан хэрэг болжээ гэмээр.

Ганц энэ хэрэг гэлтгүй л дээ. Гадаад хүнд хачин саймширдаг зангаараа манайхан саяхан хэдэн солонгост Монголбанкны хамаг нууцыг алгандаа атгах боломж өгсөн. Хэдэн залуусаа Өмнөд Солонгос руу илгээж, тэндээс нөгөөдүүл нь  ар гэрийнхээ ахуй амьжиргааны мөнгийг нааш явуулж залгуулдаг юм, зайлуул гэж “Хангүүг сарам”-д мөнгөний бодлогоо даатгасан гэж итгэхэд бас бэрх. Төрийн нууц задалсан ойрмогхоны хэргүүдэд  хурандаа Санжаасүрэнгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан тагнуулын мэдээллийг “Тагнуулын 45 хуудас материал” хэмээн тарааж 2003 оны зун дэгдээсэн шуугиан орно. Бас Францаас манай хүчнийхний С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан хүний эрх зөрчин байж хулгайлж авчирсан Д.Энхбат мөрдүүлж байхдаа улсын  нууц задалсан ч гэдэг. Өнөөгийн УИХ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1994 онд УИХ-ын гишүүн байхдаа олон нийтийн цуглаан дээр “Манай улсад Хятадын тагнуулын 14 объект байна” гэж зарлачихаад төрийн нууц задруулсан хэргээр мөрдөгдөн, тэндээс гарч ирээд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байв. Бас л нууцтай холбоотой ажлын хэсэгт орж ажиллаад олсон мэдээллээ нийтэд цацчихсан хэрэг л дээ. Ардчиллын анхны 13-ын нэг Дарь. Сүхбаатар ардчиллын 10 жилийн ойгоор архивын материал бүрдүүлнэ хэмээн нууц архивт ороод Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдээлэгчдийг илрүүллээ гэсэн дуулиан дэгдээсэн. Түүнд нь одоогийн болоод өмнөх парламентын гишүүн цөөнгүй эрхмийн нэр дурдагдан тухайн үед шуугиулж байсан юм.

Ингээд бодохоор Монгол төрийн нууц ч гэж дээ, “Алтан өргөө” киноны Ёроов, Ёмбоо, Сүмбээ гурвын аав усны эх хадгалдаг хайрцгаа адсага хөдөсхөнөөр бүтээж орон дороо хийчихээд “Гар хүрээд үзээрэй та нар” хэмээн айлгахчаан аяддагтай  адилхан ч болсон юм уу. Ашиг унагахын төлөө аавыгаа худалдахаас сийхгүй болсон нөхөд төрийн ойр нэг биш бий гэдэг нууц биш. Аавынхаа усны эх хадгалдаг хайрцгийг хулгайлах гэж байгаад эвдэж улс гүрнээ ган гачигт унагадаг Ёроовын дүрээр л төрийнхөө хар хайрцагны нууц бодлогоос гаднынханд гулсуулагч түшмэдүүдийн төрх харагдаад горьгүй нь дээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж