
Дорны орнууд тэр дундаа монголчууд өсч томорсон хүүхдээ хажуудаа байлгах гэдэг нь үнэн. Гэхдээ дорны Япон, Энэтхэг, Өмнөд Солонгосын төр нь ард иргэдээ халамжлаад байсан нь үгүй. Дорно дахинд хэтэрхий халамжлагч төртэй гурван улс л тодрон гараад байна. Хятад, Хойд Солонгос, сүүлийн үед манай Монгол. Шинэ хүүхдийн 100 мянга, шинэ гэр бүлийн 500 мянга, хүүхдийн 10 мянга, эх орны хишиг 120 мянга, ядуу өрхийн 40 мянга гэхчилэн Монгол төрийн халамж ар, араасаа цуварсаар. Гэтэл ард иргэдийн амьдрал дээшлэхгүй, дээрдэхгүй байгаа нь сонин. Социализмын замаар замнаж буй тоталитар, авторитар засаглалтай улс гүрнүүд л олон нийтэд хүчтэй төртэй юм шиг харагдахын тулд энэ дүрд тоглодог юм. Гэтэл манайх шиг ардчилсан улсууд бас мөнгө тараагаад байдаг гэж улстөрчид мэдэмхийрэх. Тэд тэгвэл ямар улс байдаг вэ АНУ, Англи, Швед, Австри, Герман, Франц, бүгд “түрийвч зузаан”-тай, хамгийн гол нь баялаг бүтээдэг орнууд. Манайхаас баян хэдий ч тэд төрөл бүрийн халамжийг үзүүлээд байдаггүй. Хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст л “халамжаа” хайрладаг.
Гэтэл манай төр өнөөдөр баялаг бүтээдэггүй, хөгжлийн төвшин доор, нэг хүнд ногдох ДНБ бага мөртлөө яагаад халамжийг төрөл, төрлөөр нь үзүүлээд байна вэ? Нэгдүгээрт социалист үзэл монгол төрд амь бөхтэй байна, хоёрдугаарт гэнэт газар доороо их баялагтай гэж сонсоод монгол төр хүчээ үзүүлж байгаагийн шинж. Халамжлагч дүрийг бүтээж байсан улс гүрнүүд хөгжлийн оргилд хүрсэн гэвэл үгүй. Үүнийг дэлхийн түүх харуулна. Тухайлбал, Аргентинд 1940-өөд оны эхэн үед газрын тосоор баяжиж, Өмнөд Америкын баян улс болох боломж байлаа. Гэтэл төрийн толгойд Хуан Перон гэгч нөхөр гарч ирээд иргэдийнхээ цалинг өндөр болгож, залуус, хөгшид, хүүхдүүдэд зориулсан тэтгэмжийг тарааж, аргентины гудмаар “амбас”-ын үеийн баатруудын хөшөөг босгож, 20 жил амар сайхандаа жаргав. Өмнөд Америкийн хамгийн өндөр хөгжилтэй орон гэж өөрсдийгөө зарлаж байлаа. Гэтэл энэ тансаглалынхаа горыг тэд 1950-иад оны сүүлд амссан юм. Инфляцийн төвшин 20 хувийг давж, мөнгөний ханш нь унаж, үйлдвэрлэлт нь зогсож, ард, иргэддээ цалингаа ч тавьж чадахааргүй тийм хэмжээнд хүрлээ. Аргентины хаа сайгүй жагсаал цуглаан болж цалингаа авах хүсэлтэй хүмүүс ажлынхаа байранд уртаас урт дараалал үүсгэж байв. Аргентины тухайн үеийн удирдлагууд “сарын өмнө л цалин өндөр байсан биз дээ, яагаад ийм юм болчихов” гэж уулга алдаж байсан гэдэг. Тэд улсаа нэг том компани гэж зарлаад бүх компанийг төрийн мэдэлд шилжүүлж байжээ. “Мөн бид гадны худалдаачдаас эрх чөлөөгөө олох ёстой” гэсэн уриаг гарган хөрөнгө оруулах гэж байсан компани, Аргентинд үйл ажиллагаагаа явуулдаг байсан бүх орны аж ахуйн нэгжийг нутгаасаа хөөж байсан юм. Хэрвээ газрын тосны тэр их ашгийг зөв зохистойгоор ашигласан бол Аргентин өнөөдөр Өмнөд Америк болоод дэлхийн томоохон гүрнүүдийн нэг байх байлаа. Аргентины “тэнэглэл” эдүгээ “Перонизм” гэдэг нэрээрээ дэлхийд алдартай. Түүний араас замнасан олон орон, удирдагч бий. Францын Франческо Франко, Италийн Бенито Муссолини, орчин үед Венесуэлийн Уго Чавес гээд дурьдаад байвал олон. Хамгийн сүүлийн “перонист” Уго Чавес яг Пероны бодлогыг хуулж байгаа. Улсаа нэг том компани гэж зарласан бөгөөд АНУ, Европын орнуудад худалдааны хориг тавьж улс орны ганц түншийг Куба гэж зарласан юм. Мөн цалин тэтгэвэрийг нэмж, төрийн “халамж”-ийн төрлийг нь нэмжээ. Улс орныг хөгжүүлэх ганц салбартай болгож, түүнийгээ хөдөө аж ахуй, газар тариалан гэж зарлалаа. Гэхдээ тэд өнгөрсөн жилээс эхлэсэн эдийн засгийн хямралд өртөж, замнасан замнал нь буруу байсныг сануулсан. Тэгсэн хэдий ч Уго Чавес гэгч “перонизм”-ыг цэцэглүүлсээр байгаа юм. Венесуэль улсад одоо ашигт малтмал болоод газрын тосны нөөц байгаа. Гэхдээ Уго Чавес гадны компаниудыг улс орноосоо түлхэж иргэддээ өмчлүүлнэ гэж мэдэгдэн, “эх орны хишиг”-ээ тараагаад эхэлжээ.
Эдэн дундаас утга учиртай “халамжлал”-ыг үзүүлж буй ганц орон нь Хятад. Хүн амаа цөөлөх үүднээс нэг хүүхэдтэй айлд тэтгэмж олгож, багш, цагдаа, эмч зэрэг тусгай мэргэжлийн хүмүүст цалин дээрээс нь нэмж тэтгэмж өгөн, “ажилчин анги” болж бэлтгэгдэж байгаа хүмүүстэй ч тусгай тэтгэмжийг өгч байна. Төрийн гадаад, дотоод бүх бодлого нь “халамжлал”-тайгаа хамааралтай байгаа нь тэдний хөгжлийг улам хурдасгаж байгаа гэж гадны ажиглагчид үзэж байна.
Монгол төрийн халамжлал улс орноо хөгжүүлэх гэхээсээ илүүтэйгээр дараагийн сонгуулын “шоу” болж байгаа нь дээр өгүүлсэн “утга учиргүй халамжлал”-ын эгнээг зузаатгаж байна. “Халамжлал”-ыг утга учиргүй тарааж, улс орноо сүйрүүлсэн нь нэг хүний ухаангүй толгой байсныг бид мартах учиргүй.
Уг нь манайд муу ч, сайн ч 76 толгой байгаа юмсан.
Б. Болорсүх