-Та хэдэн жил номын худалдаа хийж байна даа. Хүмүүс ямар чиглэлийн номыг илүү авдаг вэ?
-Би 1989 оноос хойш 24 жил номын худалдаа хийж байна. “Мөнгөн завъяа” дэлгүүрийн үүдэнд, Төв шуудангийн дэргэд 18 жил зогсож байна. Нэгэн үе хуучин шинэ номны алийг ч хүмүүс авдаггүй байсан. 1990-2008 оны үед эдийн засаг ч тааруу, хүмүүсийн ахуй амьдрал ч сайнгүй байва. Харин 2010 оноос худалдан авалт сайжирч байна. Хүмүүсийн хэл яриа,боловсрол өөр болжээ. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс цөөнгүй байгаа нь мэдрэгдэж байна. Ном унших сонирхол ч нэг үеэ бодвол сайжирсан бололтой. Ихэвчлэн түүх, угсаатан,уранзохиол, ардын эмчилгээний номыг худалдан авч байна.
– Хүүхэд залуучуудыг ном уншдаггүй гэдэг шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?
– Дээр хэлсэнчлэн ерээд оны сүүлчээс ном унших хүн их цөөрсөн. Харанхуй бүдүүлэг үе хэсэг үргэлжилсэн гэх үү дээ. Хүүхэд залуусыг ном уншаач гэхлээр толгойгоо сэгсрээд солонгос сериал үзээд л, компьютер тоглоод л, баар саванд орж зугаацах байдал түлхүү байсан. Одоо бол өөр болж. Кино театр нь цэгцэрч, зугаа цэнгэлийн газар нь учраа олж.Хүүхэд залуучууд маань ч номын санд орж ном унших, хий дэмий сэлгүүцэх гэхээсээ цагийг зөв өнгөөрөхөд илүү анхаардаг болсон. Түүнийг дагаад номын худалдаа ч сэргэсэн шүү.
– Хүүхэд, залуус ямар төрлийн номыг илүү сонирхож, эрж хайж байна даа?
-Сүүлийн жилүүдээс 2,3-р ангийн гэмээр хүүхдүүд унших ном хайчихсан явж байдаг болсон. Бидний үед хэвлэгдэж байсан хүүхдийн номнууд одоогийн номыг бодвол мэдлэг өгөх, хүний амьдралыг ойлгуулах, утга санаа агуулга сайтай байсан. Тийм л сайхан номыг тэд эрж хайж байна. Сүүлийн үед гарч байгаа зарим номнууд хүнд өгөөжөө өгөхөөс илүү мөнгө олох гэсэн хүсэлд хөтлөгдсөн нь мэдрэгдэж байна. Гэтэл хүүхдүүд хуучны үлгэр туульс их асууж байна.
– Танд хамгийн эртнийх нь хэдэн оны ном байна вэ. Энд байгаа номнуудаас харвал голдуу хуучны номнууд харагдах юм?
– Тийм ээ. 1960-2013 оныг хүртэлх номнууд байна. Хамгийн хуучны ном гэвэл, Р.Ренчин багшийн дөрвөлжин бичгээр бичсэн “Алтан аялгууны толь”, Ц.Дамдинсүрэнгийн “Зуун билэг” хэмээх 1964 оны энэ хоёр ном юм уу даа. Хүнд хэрэгтэй олон ном байгаа шүү. Уран зохиол, түүх, эрүүл мэнд, анагаах ухаан гээд, сүүлийн үеийнх гэвэл монгол хэл дээр орчуулагдаагүй байгаа Лас Вегасийн “Казиногийн түүх” гээд ном ч байна.
– Таны өмссөн хувцас их содон харагдлаа. Үндэсний хувцас яагаад өмсдөг юм?
-Дээлний хувьд хүннү загварын дээл, энэ хантааз малгай бол их түүхтэй. Энэ хантааз малгай хоёрыг угсаатны судлаач Нямбуу багш судалсан байдаг. Одоо хүртэл энэ малгай хантааз үндэсний хувцасны цомогт ороогүйн учир нь 1600-аад оны үед манжууд Монголыг дарангуйлснаас хойш нударгатай дээлийг Монголд хэрэглэж ирсэн. Дээлний захны хувьд монголчуудыг гинжилсэн дарангуйллаас салж чадахгүй, гинжээр нь боож ална гэсэн далд утгатай. Нударгыг ч малын туурайн хэлбэртэйгээр хийлгэдэг байсан гэхчилэн ярилцдаг. “Та нар бидний нударганд байна. Бидний захиргаанд юу л хийнэ гэснийг хий” гэх утга илэрхийлсэн хувцсыг манжууд манайд нэвтрүүлсэн гэдэг. Түүний сүр хүчийг нь дарахын тулд монгол түмэн маань энэ малгай хантаазыг дүүлэн нисэх шувуу мэтээр хийсэн гэдэг юм. Энэ хантаазны мөр нь шувууны даль далавч шиг харагдахаар хийсэн нь“Манжийн дарангуйллаас хэзээ нэгэн цагт ард түмэн минь гарна” гэсэн утгатай. Нямбуу багшийн тэрхүү судалгааг уншсанаас хойш би ийм дээл малгай өмсөж байна.
-Таны энэ өвөрмөц дэгжин хувцаслалт ном худалдах маркетинг тань болчихсон юм шиг санагдлаа?
– Би чинь олны өмнө зогсож ном зардаг хүн. Европ хувцас, эсвэл хятадаас оруулж ирсэн хувцас өмсөөд халх монгол гээд зогсож байх уу. Нөгөөтэйгүүр 1989 оны өвлөөс хойш би дээл өмсөж байгаа. Дээлний хувьд хар багаасаа дээл өмсөж олон түмны өмнө Монголынхоо нүүр царай болж явна гэж боддог. Монгол үндэсний хувцсаа өмсдөг маань ном борлуулалтад нөлөөлдөг байж болох юм.
-Гадаадын иргэд сонирхоно биз?
-Их сонирхдог шүү. Би гэдэг хүн хилийн дээс алхаж үзээгүй. Гэхдээ гадаадын жуулчид надтай хамт зургаа авахуулсаар байгаад миний зураг маш олон оронд очсон байдаг юм билээ. Өчигдөр хүртэл гурван хүн ирээд хамтдаа зургаа авахуулаад явсан. Хамгийн гол нь монгол хүн гэдэг чинь ийм сайхан үндэсний хувцастай гэдгийг харуулах гээд би өөрөө амьд “модель” болоод байна шүү дээ.
-Ил задгай худалдааг болиулна гэх боллоо. Цагдаа нар таныг хөөдөг үү?
-Үгүй ээ. Эхэн үедээ жаахан тиймэрхүү асуудал байсан. Сүүлийн жилүүдэд тийм зүйл байхгүй л байна. Хүн арддаа гай болоогүй, харин ч хэрэгтэй зүйл худалдаж байгаа болохоор сайхан найз нөхөд ах дүүс болцгоодог шүү. Харин татварын хувьд авалгүй л яах вэ, өгөлгүй ч яах вэ.
-Нууц биш бол ашиг орлогын хувьд ямар байдаг вэ?
-Сүүлийн үед жаахан буурч байна. Яг жилийн өмнөхтэй харьцуулахад их буурсан байна лээ. Гэр бүлийнхнээ хоёр идүүлэхгүй ч хоосон хонуулахгүй юмсан гэж хичээж байна. Сүүлийн хэдэн сар гал алдах гээд л байна шүү. Он гарснаас хойш Монголын эдийн засаг уналтанд ороод байна. Дарга нар л амьдрал сайхан байна гэдэг. Түүнээс биш ард түмний хувьд хэцүү л байна. Би 2012 оны арваннэгдүгээр сард өдрийн хэрэглээгээ тооцсон юм. Тэр үед өдрийн 18 мянган төгрөгөөр амьдардаг байж. Гэтэл одоо тэдгээрийг 32 мянган төгрөгөөр авч байна. Хоёрхон жилийн дотор ийм хурдан өөрчлөгдсөн байна. Ингэхээр бүсээ чангалахаас яах вэ.
-Та өөрийн гэсэн худалдан авагчтай болчихсон уу?
-Өнгөрсөн 24 жилд бараг олон хүүхдийг сурах бичгээр хангасан. Маш олон таньдаг хүнтэй болж. Надад тэд тусална, би ч тусална. Надад ном захина, би хэрэгтэй номыг олоод өгдөг.
-Таньд одоо хэдэн ном байгаа вэ?
-Нийтдээ 4300 орчим ном байгаа.
-Та залуучууддаа хандаж манай сайтаар дамжуулан сургаал айлдаж болно шүү.
-Залуучууддаа хэлэх үг их байна. Адаглаад мэндлэх хүндлэх ёсноос эхэлье. Уулзаад л “юу байна” гэж мэндэлнэ. Автобусанд явж байхад өөрөөс нь настай хүнд суудал тавьж өгөхгүй. Залуучууд маань автобусанд настай хүн харсан даруйдаа худлаа унтаж байгаа мэт царайлна . “Жирэмсэн, настай хүнд суудлаа тавиад өгөөч” гэж хэлэхээр тоохгүй сууна. Ингэж настай хүнээ хүндлэх ёс, уламжлалаа алджээ. Залууд маань Д.Маам гуайн “Гишгэх газаргүй хөл” гэх номыг заавал уншуулдаг байлаа. Тэр номыг залуу хүн бүр уншаасай хэмээн хүсч байна.
Б.БАТ