АНУ, Английн багууд шөвгийн 16-д

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

АНУ, Английн багууд шөвгийн 16-д

АНУ, Английн багууд шөвгийн 16-д

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “С” хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, энэ хэсгээс АНУ болон Английн багууд хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Англичууд Порт-Элизабет хотноо Словенийн багийг 1:0-ээр хожсон бол Америкчууд Претория хотод Алжирийн багтай тоглож, нэмэлт цагт Лэндон Донован гоолдсоноор 1:0 харьцаатай ялалт байгуулжээ.

Хэрэв АНУ, Алжирийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн бол Словени Английг дагаж, шөвгийн 16-д шалгарах боломжтой байсан ч Америкчууд өрсөлдөгчөө буулган авснаар гоолын зөрүүгээр Английн багийг ардаа орхиж, хэсгээ манлайлсан юм.

Хэсгийн сүүлийн тоглолтын өмнө аль ч багууд шөвгийн 16-д шалгарах боломжтой байсан бөгөөд ялангуяа дэлхийн аваргад оролцож буй багуудаас хамгийн цөөн хүн амтай нь болох Словень тэргүүн эгнээнд бичигдэж байсан билээ.

АНУ 1:0 Алжир
Тоглолтын үндсэн цагт багууд өрсөлдөгчийнхаа хаалганд гоол оруулж чадаагүй. Үндсэн цаг өндөрлөж, шүүгч гурван минут сунгасан бөгөөд нэмэлт цагийн эхний минутад “ЛА Галакси”-гийн супер од Лэндон Донован багтаа ялалт авчирсан чухал гоолыг оруулсан юм. Тэрбээр Жози Альтидорт дамжуулалт өгч, Альтидор хаалга руу цохисон боловч Алжирийн хаалгач Расис М’Болхи амжилттай хааж, улмаар ойсон бөмбөгийг Донован оруулсан байна.

Тэрбээр тоглолтын дараа “Өнгөрсөн дөрвөн жил миний хувьд үнэхээр урт удаан аялал байлаа. Харин өнөөдөр би үнэхээр баярлаж, бахархаж байна. Алжир хүчтэй байлаа. Тэд тэдэнтэй тэмцэх гэж л талбайд гарч ирсэн. Гоол оруулсны дараа цаг зогсчихсон юм шиг л санагдсан. Гэхдээ бид хаалгандаа гоол алдаагүй” гэжээ.

Америкийн шигшээ шөвгийн 16-д “D” хэсгийн хоёроор гарсан Ганын багтай тоглоно.

Словень 0:1 Англи

АНУ болон Словенийн багтай дараалан тэнцсэн Фабио Капеллогийн цэргүүд Порт-Элизабет хотын цэнгэлдэхэд гарцаагүй хожлын төлөө талбайд гарсан. Тоглолтын 22 дахь минутад Жермейн Дефо гоолдсоноор англичууд хүссэн ялалтаа авч чадсан юм. Итали мэргэжилтэн гарааны бүрэлдэхүүндээ бага зэрэг өөрчлөлт оруулсан бөгөөд “Тоттенхэм”-ийн довтлогч Жеймс Милнерийг гаргасан нь зөвдөж, үнэхээр мэдрэмжтэй гоолын дамжуулалтыг Дефод өгчээ.

Тоглолтын дараа ноён Капелло “Энэ чинь л миний мэдэх Английн шигшээ. Энэ баг хол явж чадна. Багийн бүх тоглогчид, дасгалжуулагч, оюун санаа гээд бүх юм чөлөөтэй байна. Бид ямар ч айдасгүйгээр урагшлах болно” гэжээ.

Гэхдээ тэднийг дараагийн шатанд хатуу учраа хүлээж байгаа, өөрөөр хэлбэл, Гурван арслангууд хасагдах шатанд “D” хэсгийн ялагч Германы багтай халз тулна.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж