
Хууль зүйн ухааны доктор, хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатарын "Монгол төрийн мэргэн өвөө" номын нээлт өчигдөр боллоо. Нэмж тодотгосон уг ном аман түүх-ярилцлагаас бүтжээ. Монгол орныг ноён нуруутай удирдаж, ард түмэнд жинхэнэ төрийн хүн хэмээн хүндлэгдэж явсан Ж.Самбуу гэдэг агуу хүний тухай өгүүлэх аж. Ж.Самбуу гуай төрд тасралтгүй тавин жил зүтгэсэн бөгөөд хошуу тамгын хавсраа бичээчээс Гадаад яаманд хэлтсийн дарга, Гадаад яамны орлогч сайдаар ажиллаж байв. Мөн ОХУ-д есөн жил, хойд Солонгост хоёр жил Элчин сайдаар суусан дипломат хүн. Монгол төрийн тэргүүнээр 18 жил ажилласан энэ хүний тухай баримт материал аман хууч яриаг "Монгол төрийн мэргэн өвөө" номд багтаажээ.
Төрийн албыг төвшин, мэргэн ухаантай, буурьтай, суурьтай хэрхэн хашдагийн үлгэр жишээ болсон Ж.Самбуу даргын тухай өгүүлэх энэ ном орчин цагийн төрийн түшээдийн ширээн дээр заавал байвал зохилтой. "Монголын төрд Самбуулаг хүнийг олон болгох санаа зорилгын үүднээс энэхүү номоо бичлээ" гэж номын зохиогч Ш.Сүхбаатар онцлов. Тэрбээр номын нээлтийн үйл ажиллагааны үеэр "Намайг хүүхэд байхад Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэн сумандаа ирдэг байлаа. Түүнийг ирэхээр хүмүүс олноор цугларч, гэрт багтахгүй болдог байсан сан. Өнөөдөр энд биднийг Ж.Самбуу гуай цуглуулсан. Ж.Самбуугийн амьдрал санаж, сэрэхийн ухаарал юм" гэлээ.
"Монгол төрийн мэргэн өвөө" номын нээлтэд олон хүндтэй зочид ирсэн байлаа. Тухайлбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Содном, Ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч, яруу найрагч Ш.Бадарч, Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат хуульч С.Нарангэрэл, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Р.Раш, "Өдрийн сонин"-ы орлогч эрхлэгч Ж.Сандагдорж, ардын их эмч Х.Хатанбаатар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Ж.Самбуу гуайн хамаатнууд болох Сосорбарам хурандаа, УИХ-ын гишүүн асан Н.Тогтох нарын олон хүн уригдан ирсэн байв. Мөн номын зохиогчийн аав, ээж болоод гэр бүлийнхэн нь, Төв аймгийн Бүрэн сумын ахмадууд, нутгийн иргэдийн төлөөлөл гээд заал дүүрэн хүн хуран цугларсан байлаа.
МУГЖ Д.Явгаан гуай аялгуут магтаалаар эхэлсэн энэхүү номын хурим ирсэн зочдын сэтгэгдэл хийгээд Ж.Самбуу гуайн тухай дурсамжаар үргэлжлэв. Ерөнхийлөгч асан П.Очирбат номын зохиогч Ш.Сүхбаатарыг "Их гарын дарап" гэж онцолж олныг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр түүнийг Самбуу судлалын төлөөлөгч хэмээн тодотгосон. Мөн" Самбуу судлалд хязгаар төгсгөл гэж байхгүй. Хөгшин залуугүй түүн шиг болохоор хичээцгээе" хэмээв.
Ж.Самбуу гуайн талаарх дурсамжаа Ерөнхий сайд асан Д.Содном ингэж хуваалцсан юм. "Ж.Самбуу дарга их бодож байж цөөн үгээр жинтэй хэлдэг байв. Түүнийг хараад би маш их биширдэг байлаа. Ж.Самбуу гуай Хойд Солонгосын дайны үед Элчин сайдаар сууж байсан. Тухайн үед бусад орны Элчин сайдууд тус улсыг орхиж байсан гэдэг. Харин Ж.Самбуу гуай тийм хүнд үед нь орхиод явчихаагүй. Үнэхээр Монголынхоо төрийн төлөө найрсаг харилцаатай улстайгаа яаж зөв харилцах вэ гэдэгт ёстой мэргэн ухаан гаргаж байсан хүн юм. Түүний тухай хоёр зүйлийг тод санадаг юм. Би Сангийн яаманд ажиллаж байлаа л даа. Ж.Самбуу гуай нэг хурал дээр илтгэл тавих болсон. Ингээд би тэр илтгэлийнх нь материалыг хамт бэлдсэн юм.
Их л хичээн сууж, гурав хоног ажиллав. Сүүлд Ж.Самбуу дарга намайг дуудаад "Надаас хүсэх юм байна уу" гэж асууж билээ. Би ч "Байхгүй" гэлээ. Ингэж доод албан тушаатнаа анхаардаг хүн байсан юм. Бас Ж.Самбуу гуайн 70 насны ой боллоо. Би очоод дуулсан юм. Тэгтэл Ж.Самбуу дарга "Баярлалаа" гэж миний духан дээр үнсэж байв. Ингэж энэ агуу хүнтэй хоёр удаа нүүр тулж байлаа. "Монгол төрийн мэргэн өвөө" ном бол төр засгаа удирдаж байгаа хүмүүс Ж.Самбуу гуай шиг байх тухай сайхан бүтээл боллоо" гэв.

Энэ орой Ж.Самбуу даргын тухай сонирхолтой баримт өгүүлсэн хүн бол эрдэмтэн Б.Сумъяабаатар юм. Тэрбээр Ж.Самбуу даргыг Хойд Солонгост айлчлахад албан ёсны орчуулагчаар ажиллаж байжээ. "Тухайн үед орчуулга хийхэд хатуу шаардлагатай байсан. Таван үг хэлбэл яг тэр таван үгээр нь орчуулах ёстой. Ж.Самбуу дарга Ким Ир Сен гуай хоёртой хамт явж байв. Гэтэл Ким Ир Сен инээдэг юм байна. Тэгсэн Ж.Самбуу гуай надаас "Энэ дарга яагаад инээв" гэж асуулаа. Би ч пал хийгээд явчихав. Ямар яагаад инээснийг нь сөргүүлэн асуултай биш. Их л сандарлаа. Тэрнийг Ким Ир Сен анзаарсан бололтой. "Ж.Самбуу дарга бол баатар хүн" гээд дайны үеэр болсон явдлын талаар ингэж ярьсан юм. "Маргааш өглөө үүрээр Монголын Элчин сайдын яамыг бөмбөгдөх гэж байна" гэсэн мэдээ надад ирлээ. Тэр дор нь тушаал өгөөд Элчин сайдын яамыг шилжүүлэх болсон юм. Тэгээд шилжүүлээд уулын хавцалд аваачсан. Агаарын бөмбөгдөх дохио ч өгсөн. Тэр үед танай дарга шатар өрчихсөн сууж байсан. Дохио өгөхөд даргын бие хамгаалагч, нарийн бичиг нар нь бүгд аюулгүй байдлаа бодоод түүнийг орхисон байсан. Харин Ж.Самбуу гуай шатраа бариад тайван алхаж явсан. Тэгэнгүүт "Монголын Элчин сайдын баатарлаг үйл" гэсэн гарчигтай нийтлэлийг Солонгосын бүх хэвлэлд гаргах тушаал өгч байсан юм. Тэрээр дайны үед манай солонгосчуудыг зоригжуулсан хүн. Тэгээд бид тусгайлан урьж байгаа юм. Улсынхаа тугийн одонг гардуулж байна" гэж Ким Ир Сен гуай хэлж байлаа. Бас нэг удаа Хойд Солонгост очсон юм. Даргын хажууд Сосорбарам гуай, Удвал гуай хоёр явж байсан. Би орчуулагч учраас нөгөө талд нь явж байлаа. Галт тэргээр очсон л доо. Гэтэл хаалгаар орох гэтэл Монголын тугийг буруу харуулаад өлгөчихсөн байна. Би даргадаа хэллээ. Гэтэл дарга үг дуугаралгүй хаалганых нь урд очоод зогсчихсон. Солонгосын тал сандарчихсан, надаас "Та сая юу гээд хэлчихэв" гэлээ. Би Монголын тугийг уруу харуулчихсан байна гэтэл тэд дор нь зассан. Дараа нь Ж.Самбуу дарга чив чимээгүй цаашаа алхаад явж байлаа. Ж.Самбуу дарга бол хүнийг мартдаггүй байсан. Би ШУА-д туслах ажилтнаар ажиллаж байлаа. Нэг өдөр Ж.Самбуу дарга ороод ирсэн. Тэгээд тэр олон хүнээс зөвхөн надтай гар барьчихаад, юу ч дуугаралгүй яваад өгч билээ" гэж Б.Сумъяабаатар эрдэмтэн дурслаа.

XX зууны дунд үеэс хойш Монголын хүн ам өсөхөд Ж.Самбуу даргын гавьяа их байжээ. Энэ тухай хуульч О.Нарангэрэл ярихдаа "Нэг удаа хурал дээр үр хөндүүлэх тухай асуудал яригдаж. Өдөржин хуралдсан гэдэг. Тэгэхэд Ж.Самбуу гуай чив чимээгүй сууж байжээ. Эцсийн шийдвэрийг тэр хүн гаргах учиртай. Гэтэл тэрбээр "Монголын үрс маш олон болтугай. Ингээд хурал дууслаа" гээд гараад явчихсан аж. Ийм л агуу хүн байсан байгаа юм" хэмээв.
Ж.Самбуу 1895 онд төрсөн хүн. Ирэх онд түүний мэндэлсний 120 насны ой тохиох юм. Энэхүү түүхэн арга хэмжээг угтаж "Монгол төрийн мэргэн өвөө" ном мэндэлжээ. Нэмж тодотгосон уг бүтээлд Ж.Самбуу гуайн талаарх олон шинэ баримт тусгагдсан байна лээ. Тухайлбал, түүний төрсөн охиных нь тухай сонирхолтой баримтыг унших боломжтой. "Ш.Сүхбаатарын ном цагаа олсон бүтээл боллоо. Энэ төрд Ж.Самбуу гуай дутаж байна" гэж хэлсэн Ардын уран зохиолч Д.Цоодол гуайтай тэнд цугларсан хүмүүс адилхан бодолтой байв.
Эх сурвалж: www.dnn.mn