"Монгол шилтгээн" амралтын газарт өнөөдөр 12.00 цагийн үед очиход дэлбэрэлт болсон гэх ул мөр гаднаасаа ажиглагдах зүйл байсангүй. Болсон үйл явдлын талаар тодруулах гэсэн ч дотогш нэвтрэхийг зөвшөөрөөгүй юм. Харин тус амралтын газрын ойролцоох үйлчилгээний байгууллагын ажилчид "Өчигдөр үд дунд дуу чимээ ихтэй
дэлбэрэлт болж, хүмүүс гэмтэж бэртсэн нь үнэн" гэж ярилаа.



ГССҮТ-ийн эх сурвалж өнөөдөр “Дэлбэрэлтийн улмаас өвдөгнөөсөө доош хөл нь тасарсан 54 настай эрэгтэйн бие тун тааруу байна. Харин нөгөө хоёр өвчтөний бие харьцангуй сайжирч байгаа. Манай эмнэлгийн эмч нар өвчтөнүүдийн төлөө чадах бүхнээ хийж байгаа” гэх мэдээллийг өгөөд байна.
"Монгол шилтгээн"-ийхэн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 13:12 цагт 103-т эхлээд ханджээ. Ингэхдээ "Бохирын худаг гэсгээхээр зөөврийн хийн даралтад тогоо ажиллуулж байх үед тогоо нь дэлбэрсэн" гэх тайлбар өгсөн байна. Дэлбэрэлтийн улмаас тус компанийн ажилтан, 54 настай, эрэгтэй Э-гийн зүүн хөл тасарч, 59 настай, эрэгтэй Б-гийн баруун гар хугарсан байна. Мөн 35 настай, эрэгтэй Т-гийн толгой, баруун гар гэмтжээ. Гэмтсэн иргэдэд Яаралтай тусламжийн төв 103-ын эмч нар анхан шатны тусламж үзүүлж, улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна.
Гэрэл зургийг Б.БЯМБАДЭЛГЭР