Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Манай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Туслан гүйцэтгэгч "Хишиг арвин индастриал" компанийн ажилтнууд бидэнтэй ирж уулзсан. Нүүрсний зах зээлийн эрэлт муу байгаа учраас тус компанид бид удаа дараа нүүрс олборлолтоо зогсоохыг хүссэн. Одоогоор нүүрс олборлолтоо бүрэн зогсоогоод байгаа. Нүүрсний салбарын байдал хүнд байгаа учраас өр авлагын сүлжээ ихэссээр байгаад, одоо нэг сая тонн нүүрс ачаастай байж байна. Бид "Хишиг арвин индастриал" компанид төлөх ёстой өрөө сар бүр хувааж төлнө. Ингэхдээ овоолоостой байгаа нүүрсээ борлуулж байж өрөө төлж барагдуулна" гэсэн юм.
Цалин нэхсэн хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-нх биш гэв
“Эрдэнэс Тавантолгой" компани ажилтнуудынхаа цалинг өгөхгүй байгаа" гэх мэдээлэлтэй холбогдуулж, өнөөдөр тус компанийн зүгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Ажилтнуудынхаа цалинг олгохгүй удсан асуудлын хувьд, гомдол гаргасан хүмүүс нь компанийн үндсэн ажилтнууд биш, “Хишиг арвин индастриал" гэх компанитай холбогдох асуудал ажээ. Тус компани нь "Эрдэнэс Тавантолгой"-н Баруун Цанхид олборлолт хийдэг туслан гүйцэтгэгч компани бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш "Эрдэнэс Тавантолгой" компаниас нүүрс олборлосны төлбөрөө авч чадаагүй тул ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрчээ. "Хишиг арвин индастриал" компанийн ажилчдын тайлбарлаж буйгаар "Эрдэнэс Тавантолгой"-н зүгээс тус компанид 60 тэрбум төгрөгийн өртэй гэнэ.
У.БОЛОР