Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ноён Д.Бат-Эрдэнэ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ноён Чак Хейгелтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний цаашдын төлвийн талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжиж өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв. Албан ёсны хэлэлцээрийн дараа Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ноён Д.Бат-Эрдэнэ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ноён Чак Хейгел нар “Монгол Улс, АНУ-ын Аюулгүй байдлын асуудлаарх хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, ярилцлага өглөө.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел Ирак, Афганистан улсад болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл 25 цэргийн алба хаагчидтай уулзан, талархлаа илэрхийлж, дурсгалын зураг татууллаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хүндэт зочиндоо бэлэг бэлгийн дээд хурдан морь бэлэглэсэн юм. Ноён Чак Хейгл энэхүү бэлгийг билэгшээн хүлээн авлаа. Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел тэргүүтэй Америкийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид мөн Төрийн ордонд айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан юм.