Сайдууд санал хураалтад оролцох уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Сайдууд санал хураалтад оролцох уу?

Шинэчлэлийн Засгийн газар 19 сайдтай. Тэднээс хоёр нь буюу Зам тээврийн сайд А.Гансүх, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар УИХ-аас гадна томилогдсон. Бусад Засгийн газрын гишүүд бүгд УИХ-аас томилогдсон билээ. МАН-ын бүлгээс УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураах үед УИХ, Засгийн газрын гишүүний алба хашиж буй 17 сайд оролцох ёсгүй, саналаа өгөхөөс татгалзах ёстой гэх шаардлага тавиад буй юм. Хэрвээ сайдууд санал хураалтад оролцвол ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг зөрчсөн үйлдэл болно хэмээн тэд үзэж байгаа. Харин дээрх шаардлагад сайдууд ямар байр суурь барьж байгааг сонирхлоо.

Ц.Оюунгэрэл: Би хувийн компанийн захирал биш

-Соёл, спорт, аялал жуулчлалын яам миний хувийн компани биш, би хувийн компанийн захирал биш, нийтийн төлөө үйлчилж байгаа нийтийн албан хаагч. Тэр утгаараа санал хураалтад орно гэдэг байр суурьтай байгаа. Нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг хүн хувийн ашиг сонирхлыг зохицуулдаг хуулиар зохицуулагдах ёсгүй гэж бодож байна.


М.Сономпил: УИХ-ын гишүүнийхээ хувиар саналаа өгнө

-УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд өөрөө шийдвэрээ гаргана. Ер нь маргааш бүх зүйлүүд тодорхой болно. УИХ-ын гишүүнийхээ хувиар би саналаа өгнө. УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр завсарлага авсан нь саналаа нэгтгэх болсонтой холбоотой.  Ирэх долоо хоногийн даваа гаригт бүлгийн хуралдаанаа нээлттэй хийх болов уу. Тэр үед бас нэлээд зүйл тодорхой болно.

Я.Санжмятав: Сонгуулийн хуулиар 76 гишүүн саналаа өгөхгүй байх уу?

-Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэлбэрээр хүлээж авч байгаа.  Хугацааны хувьд Ерөнхийлөгч улс орны нөхцөл байдал, тогтвортой байдал зэргийг олон талаас харсан байх. Одоогийн нөхцөлд парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүнээ давхар хашихад нэг их болохгүй юм байхгүй. Сайд гээд давхар цалин авдаггүй, төсөв мөнгө хүндэрчихсэн үед дарамт үүсгэх нь бага шүү дээ. Хэрвээ гаднаас сайд томилно гэвэл ахиад нэг сайдын цалин нэмэгдэнэ. Нөгөө талдаа Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад 1.7 жил болж байна, сайд нар хийж байгаа ажлаа үр дүнд хүргэхийн төлөө зорьж яваа.  Санал хураалтад оролцох эсэхийн тухайд, сайд нарыг УИХ-аас томилсон ч ард түмнээс сонгогдсон төлөөлөл. Үндсэн хуулиар олгогдсон эрхээр саналаа өгөх эрхтэй. Өөрсөнтэйгээ холбоотой Засгийн газрын асуудалд оролцохгүй байя гэтэл… УИХ-аар Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд гишүүд бүгд саналаа өгөх үүрэгтэй, эрх ашиг нуугдаж байгаа юу гэвэл нуугдаж байгаа, дахиад дараагийн сонгуультай холбоотой асуудал гарна. Тэгэхээр Сонгуулийн хуульд саналаа өгөхгүй гээд УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ танхимаас гарах уу, энэ хуулийг хэн хэлэлцэх вэ гэх мэт зовлонтой асуудлууд бий. Тийм учраас өнөөгийн нөхцөл байдал, улс орны тогтвортой байдал, аль алиныгаа харахад энэ хуулиа хэлэлцэх нь зөв, хэрэгжүүлэх хугацаагаа 2016 оны сонгуулийн дараа гэх нь зөв байх аа гэж бодож байна.

Л.Гантөмөр: Засгийн газрыг огцруулах нь алдаатай алхам

-Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хашиж болно гээд заачихсан. Тийм учраас бид УИХ-аас томилогдоод ажлаа хийж байгаа. Ашиг сонирхлын зөрчлийн асуудал хувь хүн дээр гарна. Өөрийнх нь бизнес хувийнх нь амьдрал сайдын албан тушаалд нөлөөлж байгаа бол сонирхлын зөрчил гарна. Бид бол нийтийн төлөө ажил хийж байгаа, УИХ-аас томилогдсон, намынхаа мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээр УИХ-аас тогтоосон хуулийн хүрээнд нийтэд үйлчилдэг хүмүүс. Тийм учраас Засгийн газартай холбоотой аливаа асуудалд Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа хүмүүст сонирхлын зөрчил гарахгүй гэж үзэж байна. Энэ удаад Ерөнийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг баталчих хэрэгтэй. Энэ хууль хэрэгжихээс өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хүрээнд Ерөнхий сайдад эрх мэдлийг өгч хариуцлагатай болгох ёстой. Тэгэхгүй бол  Ерөнхий сайддаа ч хариуцлага хүлээлгэдэггүй, салбар хариуцсан сайддаа хариуцлага хүлээлгэдэггүй хариуцлагагүйн зуд гарна. Салгая гэж байгаа зарчмыг дэмжиж байгаа. Гол нь үүгээр далимдуулаад одоо Засгийн газрыг огцруулах нь маш алдаатай алхам болно. 

Сайд С.Эрдэнэ: Сөрөг хүчин улсын хувь заяагаар тоглож болохгүй

Засаглалын хуваарилалтыг өөрчлөх нь зөв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ нэг юмыг нөгөөгөөр цохиж унагаах гэж байгаа юм шиг хандах нь буруу. Өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл хамгийн гол нь гадаад дотоод нөхцөл байдал маш хүнд байна. Түүхэн ээдрээтэй цаг үед Монголын төр тогтвортой байх ёстой. 1996-2000 оны хооронд намын дарга нь Ерөнхий сайд байна гэж бужигнуулж байгаад одоогийн МАН, тухайн үеийн МАХН Засгийн газрыг дөрвөн удаа унагааж тоглосон. Одоо яг тэр тоглоомоо давтах гээд байна. Сөрөг хүчин улс орны хувь заяагаар тоглож болохгүй. МАХН олонхи байх үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, өнөөдрийн "Давхар" гэж яриад байгаа юмыг өөрсдөө хуульчилсан. Тэгчихээд одоо энэ хуулиар далимдуулж, Засгийг унагаах бодлого явж байгааг би хүлээж авахгүй. Би үгээ хэлнэ, санал хураалтад оролцоно. Яагаад гэвэл надад Үндсэн хуулиар олгогдсон эрх нь байгаа учраас.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж