
Гэвч эдгээр лоозонгуудын дунд “Өсвөр үеийн 40,9 хувь хар тамхинд умбалаа” гэх лоозонг харсан хүмүүс “За даа, энэ ч арай л хэтэрчихэж” гэцгээж байсан юм. Хаанаас авсан, ямар судалгааны үр дүн юм бүү мэд. Хэрэв өсвөр үеийн 40 хувь нь хар тамхинд умбаж буй бол юун гишүүдийн давхар дээл, юун засаг байх шууд л үндэсний аюулгүй байдлын асуудал, засаг төрийн гэлтгүй улс орны оршин тогтнохтой холбогдох асуудал болох юм. Уриа үг гэдэг нь угтаа бол бодит байдлыг илэрхийлсэн шулуухан, шударга, элдэв хачиргүй байдгаараа онцлогтой. Ийм байж л хүний сэтгэлд шууд хүрч, ямар асуудлын төлөө, юуны төлөө тэмцэж буйг нь харуулдаг. Гэвч улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулагчид уриа үгсээ хяналгүйгээр, хэн нэгэндээ даатгаад л орхичдогоос дэгсдүүлсэн энэ мэт үгс ч жагсаалын үеэр харагдах нь бий. Нээрээ л арай ч хэтэрнэ шүү, өсвөр үеийнхнээс арай ч 40,9 хувь нь хар тамхичид биш байх аа.