С.Бямбацогтыг Халдашгүй байдлын дэд хороонд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

С.Бямбацогтыг Халдашгүй байдлын дэд хороонд өгнө гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын 17 сайдад хандан санал хураалтад оролцохгүй байх шаардах бичгийг хүргүүлсэн юм. Энэ нь Монгол Улсын Их хурлын тухай хууль, мөн Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг ёс зүйгүй үйлдэл хийж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд халдсан гэх үндэслэлээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд өгөх болсон байна.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс хийж буй үйлдлүүд нь ёс зүйгүй, ашиг хонжоо хайсан үйлдэл болж хувирч байна гэдгийг хэлж байна. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед Засгийн газрыг чадамжгүй болгох нь эргээд улам гүнзгий хямралд хүргэх аюултай гэнэ.

Түүнчлэн УИХ -ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хөрөнгө оруулалтыг нь царцаасан 243 обьекттой холбоотой Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсч тодорхой шийдвэр гаргах болоход УИХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авсан нь ойлгомжгүй байдал үүсгэсэн гэж хэллээ. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа үед ажлаа урагшлуулах ёстой атал, түүнд тээг тавьж буй нь улс орны хөгжлөөс чангаахаас өөрөөр юунд ч хүргэхгүйг онцоллоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж