Ж.Батсуурь БНХАУ-ын Ляонин мужид айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь БНХАУ-ын Ляонин мужид айлчиллаа

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИД АЙЛЧИЛЛАА

Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ляонин мужид айлчлах үеэр Сүхбаатар аймаг болон Ляонин муж нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт харилцан ашигтайгаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Санамж бичигт тусгагдсан асуудлын хүрээнд хоёр талд ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм.

Энэ сарын эхээр Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь, МУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Ц.Сүхбаатар тэргүүтэй албаны хүмүүс Ляонин мужид айлчлал хийлээ. Айлчлалын үеэр тус мужаас Монгол улсад хийх хөрөнгө оруулалтыг танилцуулах уулзалт зохион байгуулагдаж, 400 гаруй төлөөлөгч оролцсон юм. Уг уулзалтад Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Ц.Сүхбаатар “Монгол Хятад хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”, Сүхбааатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь “Сүхбаатар аймгийн танилцуулга, бүтээн байгуулалт”, ЭСЯ-ны Эдийн засаг худалдаа хариуцсан зөвлөх Б.Хүрэнбаатар “Монгол улсад хийгдэж болох хөрөнгө оруулалтын салбар” сэдвээр илтгэл тавьж, Монгол улс болон Сүхбаатар аймагт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой компаниудын удирдлагуудын сонирхсон асуултын хүрээнд чөлөөт ярилцлага хийсэн юм.

Мөн Ляонин мужийн удирдлагуудтай уулзах үеэр Сүхбаатар аймаг өөрийн бүс нутагтаа тохируулан боловсруулсан “Хил орчимын зохион байгуулалттай аялал жуулчлал”-ыг нэвтрүүлж, улмаар энэ онд 5000 жуулчин хүлээн авах зорилго тавьж буйгаа мэдэгдэхэд, Ляонин мужийн удирдлага таатайгаар хүлээн авч, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлон илэрхийлж байлаа.

Айлчлалын томоохон олз нь Монгол улсын далайд гарах дөт зам хэмээн нэрлэгдээд буй Бичигт боомтыг хатуу хучилтат авто замаар холбох асуудлыг шийдвэрлэх эхний алхмыг хийсэн явдал юм. Баруун-Уртаас Бичигт чиглэлийн 272,3 км авто замын ажлыг Монгол улсын “Арж-капиал” ХХК, БНАХУ-ын зам гүүрийн SenYuan компани, Bank of China, Sinosure даатгалын компаниуд хамтрал үүсгэж, гүйцэтгэхээр “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, энэ саналаа Монгол улсын Засгийн газарт уламжлахаар тогтов.

О.ОДНОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж