![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/6/309bd1e2a232c822/5c098069d18bdb35original.jpg)
Өнгөрсөн жилийн хувьд манай улсад ная гаруй мянган эх амаржсан гэсэн тооцоо гарчээ. Ингэж төрөлтийн тоо нэмэгдсэнийг дагаад төрөхийн хүндрэл, төрсний дараах цус алдалт мөн нэмэгддэг байна. Тиймээс эхчүүдийн амь насыг аврах хамгийн гол зүйл бол цус, цусан бүтээгдэхүүн байдаг аж. Мөн сүүлийн жилүүдэд зүрх судас, хавдар, осол гэмтэл зэрэг өвчлөл нэмэгдсэнээс цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгджээ. Өндөр технологийн мэс заслуудыг эх орондоо хийж эхэлсэн нь бас нөлөөлөх болсон байна. 2003 онд 11800 орчим донор цусаа бэлэглэж байсан бол 2013 оны сүүлээр 23 мянга орчим донор цусаа өгсөн байна. Гэсэн хэдий ч өндөр хөгжилтэй орнуудын донорын тоо хүн амынхаа гурван хувьтай дүйж байдаг бол манай улсын донорын хүн амынхаа 0,8 хувьтай тэнцэж байгаа юм.
Нийт цусны хэрэгцээний 30 гаруй хувийг 1100 орчим байнгын донорууд хангадаг бол үлдсэн 60 гаруй хувийг нь анх удаа цусаа бэлэглэж байгаа донорууд нөхдөг байна. Эдгээр донорууд насны хувьд харьцангуй залуу хүмүүс байдаг гэдгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр хэлж байлаа. Ер нь цус, цусан бүтээгдэхүүний тайван үеийн нөөц буюу 7-10 хоногийн нөөцтэй байх ёстой бөгөөд дөрвөн бүлгийн цус нөөцөлдөг байна. Өнөөдрийн байдлаар энэ нөөц хангалттай байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд жараад мянган нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг улсын хэмжээнд хэрэглэсэн байна.
Улс орны онцлог буюу дөрвөн улирлаас шалтгаалаад энэхүү нөөц зарим тохиолдолд багасдаг байна. Ихэвчлэн зуны буюу хүмүүсийн амралт, зугаалгын цагаар нөөц ихээхэн багасдаг аж. Нэг хүний бэлэглэсэн цус шаардлагатай тохиолдолд 2-3 том хүн, таван хүүхдийн амь насыг аварч чаддаг байна. Тиймээс хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлонгийн үед өрөөл нэгний амь насыг аврахын тулд хүн бүр цусаа бэлэглэх хэрэгтэй аж.
Таны цус бусдад амьдрал бэлэглэнэ.