
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, ерөнхийд нь дэмжлээ. Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төслийн хавсралтын 5.3 дахь “суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь тусдаа хуулийн этгээд байх бөгөөд” гэснийг “байж болох бөгөөд”, 4.1-ийн “Монгол улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийн шугам 1520 мм-ийн царигтай байна” гэснийг “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол улсад шинээр баригдах төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын орд газарт боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалтай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар тухай бүрт нь УИХ-д танилцуулан шийдвэрлүүлж байна” гэсэн найруулгын өөрчлөлт хийж, байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
А.Тэлмэн