
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хоёр улсын эдийн засаг худалдааны эргэлтэд асар их зөрүү байна. Монгол Улс Японоос 400 гаад сая ам.долларын импорт хийсэн ч түүнийх нь ихэнхийг хуучин машин, хуучин дугуй эзэлжээ. Мөн 24 жилийн хугацаанд Япон улсын 500 гаруй компани Монгол Улсад 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь чамлалттай байна. Хөрөнгө оруулалт бага хийгдсэний шалтгаан юу вэ, дэд бүтэц хөгжөөгүй нь гол алдаа болж байна уу. Монголоос Япон руу экспортолж болох бүтээгдэхүүн юу байна вэ. Дэд бүтцээ шийдэж чадаагүй нөхцөлд Монгол Улс Япон руу эрчим хүчний нүүрс экспортлох боломж хязгаарлагдмал байна" гэсэн юм.
Үүнд Элчин сайд С.Хүрэлбаатар:
-Худалдааны зөрүү асар их байгаа, экспортын барааны нэр төрлийг олшруулах чиглэлээр бид зах зээлийн судалгаа хийсэн. Гол нь манай улсын бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй байна. Барааны чанар муу, үнэ өртөг өндөртэй. Япон улс ноолууран бүтээгдэхүүний импортоо Монголоос хангая гэхнээ манай үйлдвэрүүд бүгд нийлээд эрэлтийг нь хангахгүйн зэрэгцээ чанарт тавьж буй шаардлагыг биелүүлж чаддаггүй. Тиймээс ноолууран бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, мөн мал аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа мах, сүү, цагаан идээг экспортлоход голлож анхаарч монгол малын мах халуун нөхцлийг тэсвэрлэх чадвартай болгох, сав баглаа боодлыг нь сайжруулахад Японы компаниудтай хамтарч ажиллавал худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бололцоо бий. Мөн Япон улс эрчим хүчний хэрэглээгээ нүүрсээр хангах сонирхол бий. Тиймээс энэ хэрэгцээг нь хангахын тулд дэд бүтцээ байгуулах шаардлага тулгарч байна. Ер нь тус улс 10 гаруй жилийн өмнө Тавантолгойн нүүрсийг авах сонирхолтойгоо Монголын талд илэрхийлсэн байдаг. Цаашдын хөгжлийг харвал Монгол Улс Япон улстай нүүрсийг хуурай аргаар боловсруулах, нүүрснээс газ гаргах чиглэлээр хамтран ажиллах бололцоотой.
24 жилийн хугацаанд Японы талаас 186 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн нь нэг талдаа албан ёсны зээл тусламжаар ажил гүйцэтгэх компаниуд түлхүү орж ирсэнтэй холбоотой. Нөгөө талаар Монгол Улсын улстөрийн нөхцөл байдал тогтворгүй, хууль эрх зүйн орчин байнга өөрчлөгддөг, зах зээлийн багтаамж багатай, дэд бүтэц нь хөгжөөгүй, монголчуудад ажил хэрэгч чанар дутагдалтай, дээр нь авлигын асуудал хүчтэй яригдах болсон нь Японы бизнес эрхлэгчдийн хувьд болгоомжлоход хүргэж байна" гэсэн юм.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.