Дэвид Мойес: Бид бэлэн

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Английн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Дэвид Мойес өнөө шөнө болох “Аваргуудын лиг”-ийн тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр “Манай багийнхан “Байерн Мюнхен” багийн талбайд тоглоход бэлэн” гэдгийг мэдэгдсэн. “Манчестер Юнайтед” их шөвөгт шалгарахын тулд өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-ийн аварга Германы “Байерн Мюнхен” багтай учраа таарсан. Эхний тоглолт “Манчестер Юнайтед” багийн талбайд болж, 1:1-ийн харьцаатай тэнцсэн юм. Хариу тоглолт ийнхүү өнөө шөнө 02:45 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхэлнэ.

Энэ тоглолтын талаар “Манчестер Юнайтед”-ийн дасгалжуулагч Дэвид Мойес:

-Германы “Байерн Мюнхен” Английн багуудтай талбай дээрээ тун муу тоглодог. Тэдний сэтгэл зүйн онцлогтой байх л даа. Манай багийнхан үүнийг давуу тал болгон тоглох болно. Бид бэлэн болсон гэж тун итгэлтэйгээр хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.

Германы “Байерн Мюнхен” талбайдаа сүүлийн дөрвөн тоглолт дараалан Английн багийг хожоогүй юм. Энэ улиралд л гэхэд Английн “Арсенал”-тай тэнцэж, “Манчестер Сити” багт хожигдсон. Харин 2013 онд “Арсенал”-д, 2012 онд “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод  “Чэлси” багт талбайдаа хожигдсон юм.

Харин “Байерн Мюнхен” багийн дасгалжуулагч Пеп Гуардиола өнөө шөнө болох тоглолтыг “хэтэрхий уйтгартай болно” гэдгийг онцолсон байна.

 -“Манчестер Юнайтед” багийнхан хамгаалалтдаа анхаарна. Тэдний хамгаалалтад 8-9 тоглогч оролцох нь бий. Тэд бидний алдааг хүлээн тоглоно. Бид мөн тэдний алдааг хүлээнэ. Тоглолт маш жижигхэн алдаанаас болж шийдвэрлэгдэх байх гэжээ. Мөн энэ тоглолттой зэрэгцэн Испанийн нийслэлийн “Атлетико Мадрид” талбайдаа Каталон үндэстний бахархал “Барселона” багийг хүлээн авна.  Эхний тоглолт “Барселона” багийн талбайд болж, 1:1-ийн харьцаатай тэнцсэн. Айлын талбайд гоол оруулсан “Атлетико Мадрид” давуу талтай тоглоно. “Атлетико Мадрид” болон “Барселона” багууд энэ жил дөрвөн удаа учраа таарахдаа бүгдэд тэнцсэн юм. Дөрвөн тоглолтод ердөө дөрвөн гоол орсон юм. 

Ийнхүү шийдвэрлэх хоёр тоглолт өнөө шөнө болсноор хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодрох учиртай. 2013-2014 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт тавдугаар сарын 25-нд Португалын нийслэл Лисабон хотноо болно. Шигшээ тоглолтыг Их аварга Асашёрюү Д.Дагвадорж үзэхээр болсон гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн юм. 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж