Дурсамж хөглөсөн “Үүлэн бор”

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Дурсамж хөглөсөн “Үүлэн бор”

Ажлаа эрт дууссаных өчигдөр орой том охиноо дагуулаад “Интерном” номын дэлгүүр орлоо. Би ч яахав угаасаа энэ дэлгүүр, хуучин номын худалдаанаас салах биш. Харин том охин маань намайг дуурайх шинжтэй. Энэ нь ч гоё, тэр ч сайхан, үүнийг ч авна гээд л… Ёстой нэг шавиагаа ханатал ном үзсэн.

Харин хүүхдийн номын тасагт нь сураг холын бодолд минь үлдсэн дурсамж сэрээсэн нэг зүйл байлаа. Энэ бол Орос ардын шидэт үлгэрүүдийн эмхтгэл “Үүлэн бор” ном. Шинээр хэвлэгдсэн гэж сонсоод л байсан болохоос өчигдрийг хүртэл гартаа барилгүй явжээ. Энэ удаагийн хэвлэлт нь хуучнаа бодоход арай л муу хэвлэгдэж. Миний багад байсан нь хатуу зузаан хавтастай байдаг байлаа.

Бид хоёр ч хөөрхөн хэдэн төгрөгөөр нилээд хэдэн ном аваад харьсан. Орой нь өнөөх номоо охиндоо уншиж өглөө. Охинд уншиж өгсөн гэхээсээ илүүтэй өөртөө уншсан ч байж магад. “Емилья миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар…”, “Халтармаа охин үнээнийхээ зүүн чихээр нь ороод баруун чихээр нь гарахад…”, “Тэнэг Иван гурав дах үсрэлтээрээ гүнжийн уруулд хүрч, тэр мөчид гүнж бөгжөөрөө дуан дээр нь тэмдэг тавьж амжлаа.” Гэх мэтчилэн өдий олон жил мартагдаагүй үлгэрүүдийн минь хэсэг хөвөрсөөр л…

1993 он. Буйдхан нэгэн тосгоны хөдөөний амьдрал. Хэдийгээр зах зээлийн нийгэмд шилжиж, хаа сайгүй амьдрал хэцүү байсан ч мал дагасан бидний хүүхдүүд түүнийг төдийлөн анзаараагүй өнгөрсөн гэж би боддог юм. Аймгийн төв ороод нилээд хэд хоносон аав маань эргэн ирэхдээ тэр үед нүдний гэм болох шахсан жаахан чихэр, хатуу хавтас, улаан хүрэн өнгөтэй том зузаан ном бас авч ирсэн байж билээ. Ингэж би анх түүнтэй танилцсан.

Тэр цагаас хойш аав, “Үүлэн бор”, бид гурав хаана л явна цуг байдаг болсон юмдаг. Сургуульд арай орох болоогүй би өөрөө уншиж чадахгүй болхоор үлгэрийн номоо ааваар байнга уншуулдаг байсан нь энэ л дээ. Муу талийгаач аав минь хэдэн зуу дахин уншсан ч залхах нь бүү хэл өөхөн дэндээ тос нэмээд чанга дуугаар уншиж өгдөг байж билээ. Би бараг ихэнх үлгэрийг нь цээжээр мэднэ. Гэвч уншуулсаар, аав ч уншсаар…

Хэзээ ч мартаж байгаагүй ч аргамж холын бодолд минь алсхан байсан дурсамжийг минь охин та хоёр л хөглөлөө. Аавыгаа юутай их санана вэ? “Үүлэн бор” үлгэрийн номыг уншуулж, уншиж байхдаа миний нэрийг нь өгсөн үүлэн бор мориороо өглөөний шүүдэр цацруулан хатирч ирэхийг тань харахыг хүснэ. Гэсэн ч амьдралын жамыг яалтай.

Би өнөөдөр гэртээ хариад дахиад л эхнээс нь охиндоо уншиж өгнө. Гэхдээ тань шигээ хэдэн зуу дахин уншсан ч залхахгүй байж чадах болов уу?
Ай даа, аялгуухан дурсамжийг минь хөглөсөн “Үүлэн бор”.   

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж