МАН-ын гишүүд мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд мэдээлэл хийв

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордноо мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийх болсон шалтгаанаа "УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашиж байгаа нь засаглалын хямралд хүргэж байна. Эдийн засаг хямарч байгаа нь ажлаа хийж чадахгүй сайд нартай холбоотой. 17 сайд, гишүүдийг бид энэ асуудлаарх санал хураалтад оролцохгүй байхыг хүссэн шаардлага хүргүүлсэн, УИХ-ын даргад ч мөн хуулиа биелүүлэхийг шаардсан бичиг хүргүүлсэн. Өмнө нь их, дээд сургуулийн асуудлыг хэлэлцэх үед гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарыг сонирхлын зөрчилтэй хэмээн хуралдааны танхимаас гаргаж байсан шигээ хуулиа биелүүлэхийг шаардаж байна. Хэрэв энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ-тай ч хариуцлага ярих болно. Хуулийг хэрэгжүүлэх хугацааг Ерөнхийлөгч 2016 он байхаар заасан нь энэ засгийн газрын гишүүдийг сайн ажиллана гэж итгэснийх байх. Гэвч тэд сайн ажиллаж чадахгүй байна. Эдийн засгийг хямралд хүргэсэн сайд нарт итгэл үзүүлэх шаардлагагүй тул хэрэгжүүлэх хугацааг наашлуулахаас Ерөнхийлөгч ч татгалзахгүй байх” хэмээн тайлбарлав.

Дараагаар нь гишүүн Д.Дэмбэрэл “Давхар дээлийг халах нь зүйтэй гэдэгт бүгд санал нэгдэж байна. Энэ давхардлыг салгах цаг болсныг олон жишээ харуулж байна. Сайд хүн УИХ-ын гишүүн байх нь Засгийн газарт тустай, бодлогоо дэмжихэд сайн үр нөлөөтэй гэдэг нь үнэн. Гэхдээ давхар байхын сөрөг тал илүү эрсдэлтэй байна. Тэгээд ч өмнө нь арай ч 17 сайдыг гишүүнээр ажиллуулж байгаагүй юм. Буруу гэдгийг нь л хүлээн зөвшөөрч байгаа юм бол яагаад дахиад хоёр жил буруу зүйлтэйгээ байх ёстой гэж. Харин ч бидний хувьд хуулийг хэрэгжүүлэх хугацааг долдугаар сарын 1 байхаар, бэлтгэх хэрэгжүүлэх боломжийг хангах хугацааг нь хүртэл бодолцож байна” гэсэн болон бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Монгол Улсын нийгэмд бий болсон засаглалын хямралыг Ардчилсан нам маргааш шийдэх байх. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр зайдлаад суучихсан энэ байдлыг засахаас аргагүй болжээ. Өөрсдийнх нь асуудлыг шийдэх гэж байхад өөрсдөө санал өгөөд сууж байж болохгүй биз дээ. Сонирхлын зөрчлийн хууль бүгдэд нь үйлчлэх ёстой биш үү” гэв. Харин Д.Лүндээжанцан “Гишүүн нь сайд байх боломжийг олгосон Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт алдаа байсныг засъя нэж байгаа нь ололт. Харин хэрэгжих хугацааг нь хойшлуулья гэж байгаа нь ухралт” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж