
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн хүрээнд сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр энэ талаар ярихдаа “Би Эдийн засаг, Хөгжлийн сайд Н.Батбаяртай зодолдоогүй. Нилээн ширүүн маргаан үүссэн нь бол үнэн” гэв. Тэрээр,
-Эдийн засаг, хөгжлийн яам “Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлнэ гэж яриад байгаа. “Гудамж” төсөл бол нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөх зорилготой төсөл. Энэ жил Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэцэг” төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ зам барих ажил хийнэ. Ингэж шинэ зам барьснаар “Цэцэг” төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч, замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх учиртай юм. Орон нутагт замын ачаалал бага учир “Гудамж” төслийг заавал хэрэгжүүлэх шаардлагагүй гэдэг асуудлаас болж бид хоёр маргалдсан юм” гэж тайлбарлана лээ.