Д.Ганхуягийн популизмын &#34үнэ цэнэ&#34

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Д.Ганхуягийн популизмын &#34үнэ цэнэ&#34

УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй
зэрэгцээд Засгийн газрыг огцруулах төслийг сөрөг хүчний зүгээс өргөн
барих тухай бор шувуу нисч эхэллээ. Эдийн засгийн хямрал нүүрлэж, улс
орон бүхэлдээ санхүүгийн том асуудалд  орчихоод байгаа өнөөгийн нөхцөлд
төр засгаараа оролдоно гэдэг сайхан санаа биш байх.  Энэ санааг цөөнх анх
удаагаа ч цухалзуулж буй ч юм биш л дээ.
  Засгийн газарт алдаач бий, оноо ч бий.  Гэхдээ  Шинэчлэлийн Засгийн газрыг бүхэлд огцруулах
хэмжээнд аваачих ноцтой асуудал өнөөдрийн хувьд харагдахгүй байгаа.  Харин Засгийн газрын үйл
ажиллагаанд халгаатай, салбарынхаа ажлыг олигтойхон хийж чадахгүй
байгаа зарим нэг сайдуудыг “шүд сугалах” маягаар шинэчлэх нь байж болох
хувилбар. Магадгүй Засгийн газартай хариуцлага тооцох хамгийн зөв санаа
энэ байж болох. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газрын рейтингт
сөргөөр нөлөөлж буй Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэтчилэнгийн үүрэгт
ажилдаа тэнцэхгүй байгаа нөхдүүдэд хариуцлага тооцоход гэмгүй юм.
Салбарын ажил нь урагшгүй явж байгаа нь сайдын бодлогын алдаа. Тэр хүн
энэ ажилд тэнцэхгүй байгаагийн илэрхийлэл.

Чухамдаа бол хамгийн
хариуцлагатай, Монголын эдийн засгийн гол чухал салбараа хамгийн их
популизм хийдэг, гадаадын хөрөнгө оруулагчдад харшилтай хүнээр
толгойлуулсан нь Шинэчлэлийн Засгийн газрын том алдаа гэж дүгнэж болно. 
Тиймээс энэ алдааг засахаас Засгийн газарт хариуцлага тооцох ажлаа
эхлүүлэх нь сөрөг хүчний үүрэг хийх ажил болов уу.  Уул уурхайн салбарын
өнөөгийн уналтын байдал Д.Ганхуяг сайдтай ямарч холбоогүй гэж хэлж
боломгүй. Салбарын асуудлыг бүхэлд нь хариуцаж байгаа хүний хувьд
бодлогоо зөв тодорхойлох нь Д.Ганхуягийн үүрэг.

Гадаадын хөрөнгө
оруулалт царцаж,  нүүрсний экспорт тэг зогссон гээд уул уурхайн салбар
болж байгаа үйл явдлыг дэс дараалан хөөвөл Д.Ганхуяг сайд энэ ажилдаа
тэнцэх хүн мөн үү гэсэн асуулт тавигдахад хүрч байна. Сайдын сэнтийд
дөнгөж залрах үедээ “Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй бол огцорно” гэж
мэдэгдсэн түүний ноцтой  хийрхэл Монголд хөрөнгө оруулалт хийхээр
харзнаж байсан олон хөрөнгө оруулагчийг бодлоо өөрчлөхөд хүргэсэн юм. 
Түүний энэ л ганц үг Монголын хөрөнгө оруулалтыг 55 хувиар унах гол
шалтаг болсон гэхэд буруудахгүй биз. Учир нь УИХ-ын сул гишүүн байхдаа
Д.Ганхуягийн ганц ярьдаг сэдэв нь “Оюутолгой”-н гэрээг өөрчлөх асуудал
байлаа.  Хөрөнгө оруулагчдыг  үзэн яддаг, тэдний эсрэг хүчтэй ухуулага
явуулдаг хүн салбарын бодлогыг нь атгана тэднийг “яв” гэж хөөсөнтэй
ялгаагүй сонсогдсон байлгүй.  Ядаж дэлхий бөөрөнхий, гадаадын хөрөнгө
оруулагчидтай ганц хэлээр ярихаас өөр аргагүй гэдгээ өдий болтол
ухамсарлаагүй л яваа хүн шүү дээ. Ямар сайндаа бизнесийн хамтрагч
Ц.Сэдваанчигийг “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирлаар томилж хөрөнгө
оруулагчдыг дарамтлах ажлаа далдуур гүйцэтгүүлэх билээ. Өнгөрсөн намар,
Засгийн газрын гишүүдийг амрах хойгуур “чоно борооноор” гэгчээр
Ц.Сэдваанчигийг “Рио Тинто”-д хаягласан захидлын ард байгаа гол эзэн нь
Д.Ганхуяг сайд гэж харах хүмүүс ч байгаа юм. Гайтай захидал “Рио
Тинто”-гийн хувьцааны ханшид сөргөөр, уур нь хүрсэн хөрөнгө оруулагчид
2000 монгол ажилтныг гэрт нь буцаах маягаар Засгийн газарт сануулга
өгсөн байхав. Энэ бүхнийг гэм зэмгүйхэн хүний дүрээр харж суусан
Д.Ганхуяг сайдыг өөрчлөхгүйгээр уул уурхайн салбар хөрөнгө оруулалтын
орчин сайжрахгүй гэдгийг учир мэдэх хүмүүсч ярьж байгаа юм. Уул уурхайн
салбарыг толгойлсон түүний бодлого байгаа онож чадахгүй байгаагийн
хамгийн наад захын илэрхийлэл нь нүүрсний салбарын тэг зогсолт.  Үнэндээ
энэ бүхэн ч салбарын сайдын бодлогогүй тоглолтуудын алдаа байв.

Д.Ганхуяг
сайдын сэнтийд заларсний дараа хийсэн хамгийн том алдаа нь “Эрдэнэс
Тавантолгой” болон Хятадын төрийн өмчит Чалко компанитай хийсэн гэрээг 
өөрчилсөн явдал. Өмнөх удирдлагуудаа муулчилж байж шинэчилсэн гэрээ нь
хамгийн муугийг муу хувилар болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй 
Тухайн үед нэг тонн нүүрсийг  70 ам.доллараар тооцож байсан гэрээг
шинэчилснээр “Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр хоёр дахин бага үнээр буюу 35
ам.доллараар нүүрсээ борлуулж байгааг нуухыг нь авах гээд нүдийг
сохолсонтой л адилхан болсон.  Үнэндээ бол гурван сар сул зогсолт хийн
байж өөрчилсөн шинэ гэрээ хятадуудад хамаагүй ашигтай, монголчуудад асар
их алдагдалтай болсон. Үүнээс болоод Монголын нүүрсний зах зээл үнэ нь
хямдарч, хуувийн компаниудын санхүүд ч муугаар нөлөөлөх болсныг хэлэхгүй
өнгөрч боломгүй. Тэгэхээр салбарын гол “саад, тээг”-ийг нь
цэвэрлэхгүйгээр салбарт нь зөв бодлого хэрэгжүүлж чадах нь эргэлзээтэй.
Иймэрхүү   “Эх оронч түшээд”-ийн балаг эдийн засагт илүү хортой байдгийг
уул уурхайн салбарын уналтууд харуулж байна.

Н.ХҮСЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж