УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч гишүүд ирээгүй, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг хурал зарласан тул хойшлуулж, 14.00 цагт хийхээр товлосон билээ. Гэвч одоо 14.40 цаг болж байхад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Батцогт, Б.Ганбат нар л ирээд байна.
Энэ янзаар ирц бүрдэхийг хүлээвэл лав л 30 минутаар хурал хойшлох шинжтэй байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар валютын ханшийг тогтворжуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Эл асуудлаар гишүүдэд хариулт өгөхөөр Монголбанкийг төлөөлөн төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын зөвлөх С.Болд хүрэлцэн ирсэн байна.
Эх сурвалжаас авсан мэдээллээр бол өнөөдөр дээрх байнгын хорооны хуралдаан болсон нөхцөлд Хятадын “Bank of China”-гийн талаарх асуудал түлхүү хөндөгдөж мэдэх аж. Эл асуудалд УИХ-ын гишүүд нэлээд анхаарал хандуулж, зарим талаар байр суурь зөрөлдсөн гэх мэдээлэл байна.
НЭМЭЛТ: Гишүүдийг нилээд хүлээсний эцэст Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15:10 цагийн үед эхэлж, хэлэлцэх асуудлуудаа дарааллын дагуу хэлэлцэж эхлэв.
Г.ДАРЬ