“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Хөрөнгө оруулалтын газрын Тамгын хэлтсийн дарга Д.Төмөрбаатартай ярилцлаа.
-Хөрөнгө оруулалтын газар хамгийн “залуу” буюу өнгөрсөн оны сүүлээр байгуулагдсан агентлаг. Ажил хэр урагштай байна вэ?
-Манай байгууллага 2013 оны 11 дүгээр сард байгуулагдсан. Одоогийн байдлаар гурван хэлтэс, 21 алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын шинэ орчинг сурталчлах үндсэн чиг үүрэгтэй.
Үүний зэрэгцээ дэлхий нийтэд болж буй олон улсын шинжтэй хурал, чуулга уулзалтад идэвхтэй оролцож, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжуудыг сурталчлах, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх болон биднийг зорьж ирсэн үйлчлүүлэгчдэд хүндрэл үүсгэхгүйн тулд бусад агентлагтай санамж бичигт гарын үсэг зурснаар хамтран ажиллах болоод байгаа.
Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч бид олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж, шинэ санал, санаачилга дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал дэлхий нийтэд хөрөнгө оруулагчийн менежер гэж байдаг. Үүнийг нэвтрүүлж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулахаар сонирхож буй аж ахуйн нэгж, хүнийг татаж, салбар санал болгох, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тохиолдож болох саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, бизнесээ өргөжүүлэх бол цаашид гарах хууль зүйн туслалцаа гэх зэрэгт зөвлөгөө өгөх юм.
Хөрөнгө оруулагчдын анхаарлыг эх орон руугаа татаж ирүүлэн, арга эвээ олох хүртлэх эхлэлээ тавьтал манай менежер хамт байж зөвлөгөө өгнө гэсэн үг.
Ингэснээр тухайн хөрөнгө оруулагчид бизнесийн хамтрагч олж өгөх болон өөрсдийнх нь хүсэлтээр УИХ, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, Төрийн бусад байгууллагын төлөөлөгчтэй уулзах хүсэлттэй бол түүнийг зохион байгуулах зэрэг ажил гүйцэтгэдэг.
-Бид таны өмнөөс гүйе гэдэгтэй адил гэсэн үг үү?
-Товчхондоо бол нисэх буудлаас тосч аваад үйл ажиллагаа эхлээд, тогтворжтол нь туслалцаа үзүүлнэ гэсэн үг. Иргэдийг олон дамжлагаар явуулалгүй шууд харилцах хэлбэрт орох гээд бэлтгэл ажлаа хийж байна даа. Түүнчлэн дэлхийн хаанаас ч бидэнтэй холбогдох боломж олгохын тулд бүх ажилчдынхаа утасны дугаарыг сайтдаа байршуулсан байгаа.
Мөн хэн нэгний туслалцаагүйгээр бидний талаарх мэдээллийг авдаг болгохын тулд байгууллагын сайт дахь мэдээллээ 10 гаруй орны хэл дээр орчуулж байна.
-Гадаад, дотоодод болж буй уулзалт, семинаруудад идэвхтэйгээр оролцож байгаа гэлээ. Өнгөрсөн жилийн хувьд хөрөнгө оруулалт буурсан гэсэн тооцоо судалгаа гарсан. Тиймээс дэлхийн зах зээлд манай улсын нэр хүнд хэр байгаа бол?
-Тооны хувьд буурсан үзүүлэлт харагдаж байгаа ч нарийвчлан үзвэл чанартай хөрөнгө оруулагч нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар хөрөнгө оруулагч тус бүр 100 мянган ам.доллар гэж босго тогтоосон. Ингэснээр чанаргүй хөрөнгө оруулагчид гарсан.
Үнэхээр Монгол Улстай хамтарч ажиллаад, ашиг өгөх бизнесүүдийг манайхан нээлттэйгээр хүлээн авсаар байна.
Үнэн хэрэгтээ тоон үзүүлэлтээс илүү чанарыг харах хэрэгтэй. Гэтэл олон нийтийн дунд зөвхөн статистик тоонд тулгуурлан Монгол Улсын гадаад нэр хүнд унасан мэтээр ярьж байгаа нь өрөөсгөл ойлголт гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Түүнчлэн өнөөгийн байдлаар манай улсад төсөл хэрэгжүүлж байгаа гадны компаниудын хувьцааны үнэ сүүлийн үед нэмэгдэж байна. Эдгээрээс харахад бизнесийн орчин өөрчлөгдсөн гэдгийг мэдрэх боломж нээгдэж байгаа.
-Танай байгууллагын зүгээс хууль сурталчлах болон бизнесийн таатай орчин бий боллоо гэх зэргээр рекламдаж байгаа гэж ойлгож болох уу?
-Хөрөнгө оруулалтын газрын тухайд интернэтийн болон бусад мэдээллийн сувгуудыг ашиглан шинэ хуультай болж, шинэ орчин бүрдүүлж, ийм давуу талтай боллоо гэдгээ илэрхийлж байна. Хуулийн заалтууд маань хөрөнгө оруулагчдыг аль болох дэмжсэн гэдгийг сурталчилж байгаа.
Ингэснээр гадаад зах зээлд манай улсын нэр хүнд өсч байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд чанартай хөрөнгө оруулагч компаниудын тоо өссөн.
-Зөвхөн гадаадаас хөрөнгө оруулагч татах гээд дотоодын аж ахуйн нэгжүүдээ мартчихаад байгаа юм биш биз. Үндэсний хөрөнгө оруулагчид танай байгууллагад хэр их хандаж байгаа вэ?
-Бидний чиг үүрэг бол зөвхөн шинэ хөрөнгө оруулагч нарыг татах бус. Үндэсний хөрөнгө оруулагчдыг бий болгох, өмнө нь хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдтэй ч хамтарна.
Тиймээс дээрх үйлчилгээнүүдээр үндэсний хөрөнгө оруулагчдаа татах, тэдэнд зөвлөгөө өгч, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг байсан бол одоогийн хуулиар гадаад, дотоодын гэж ялгахааргүй болгосон.
Харин босго хэмжээний хувьд гадаадын хөрөнгө оруулагчид босготой, дотоодынх бол хэмжээ, хязгаар тавиагүй. Компанийн тухай хуулиар зохицуулагдана.
Одоогийн байдлаар тогтворжуулах гэрчилгээ авахаар дөрвөн компани хүсэлтээ өгчихсөн байгаа.
-Аливаа тохиолдолд гадны хөрөнгө оруулагчдыг мөнгө угаах зорилготой юм биш биз гэх зэргээр хардах асуудал их байдаг. Өмнө нь өөр компанитай байж байгаад нэрээ өөрчлөн орж ирж байх юм уу?
-Шинэ хуулиа хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ тодорхой журмууд баталсан. Тухайлбал тогтвортой ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүддээ бид дээр хэлсэнчлэн тогтвортой байдлын тохирлын гэрчилгээ олгодог болсон.
-Үндсэндээ найдвартай түншүүддээ олгох нь гэсэн үг үү. Эсвэл журмын дагуу өөр ямар нэгэн шалгуур тавьж байгаа юу?
-Хуульд бол үйл ажиллагаа болон татварын орчинг тогтворжуулах тухай заасан байдаг. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай журмыг баталж өгсөн. Үүнийг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцан ажилладаг. Харин манайх тогтворжуулах гэрчилгээ олгох асуудлыг хариуцаж байгаа.
Энэхүү гэрчилгээг авахын тулд хуульд заасан босго хэмжээг давсан хөрөнгө оруулалт хийсэн байх, үйл ажиллагаа нь Монгол Улсын газар нутаг, байгаль орчинд ээлтэй, Монгол иргэдэд тогтвортой ажлын байр олноор бий болгох, дэвшилтэт технологи ашиглах гэсэн шалгууруудыг хангасан байх ёстой.
Ингээд гэрчилгээ авах хүсэлтээ илэрхийлсний дагуу Хөрөнгө оруулалтын орон тооны бус зөвлөл материалтай нь танилцаж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
-Үүнийг чинь дагаад тэр гэрчилгээг амар хялбар аргаар авахын тулд танил талаа хайж эхлэх байх даа?
-Манай агентлагийн дэргэд байгаа Хөрөнгө оруулалтын орон тооны бус зөвлөлд бүх салбар яамд болон хувийн хэвшлийн төлөөлөл багтдаг. Тэгээд ч зөвлөлийн гишүүд нь тухайн төслөөс шалтгаалаад солигдох зарчмаар ажиллана. Гишүүд гэрчилгээ хүссэн аж ахуйн нэгжийн төлөөлөгчтэй шууд харилцах боломжгүй. Зөвхөн зөвлөлийн нарийн бичгийн дарга эсвэл нэмэлт мэдээлэл шаардлагатай бол агентлагийн шугамаар дамжуулж харилцаж байгаа. Тэдний шийдвэрийн дагуу манайх гэрчилгээг олгоно. Өөрөөр хэлбэл олон нийтийн оролцоог нэмэгдүүлж байгаа юм. Ингэснээр авлига, хээл хахууль гэх асуудал үүсэхгүй.
-Зөвлөлийн гишүүдийг авлигаас ангид байлгахын тулд тодорхой арга хэмжээ авсан бол агентлагийн ажилтнуудын хувьд ямар арга хэмжээ авч байгаа юм бол?
-Хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг хуульд заасны дагуу мэдээллүүд өгч байгаа. Мөн байнга сургалт зохион байгуулж, танилцуулан гарын үсэг зуруулдаг. Бид хүнд суртал гаргах эрхгүй хүмүүс. Улсын нэрийн өмнөөс хөрөнгө оруулагчдыг татах зорилготой сурталчилгааны гэж болохоор байгууллага учраас мөнгө, санхүүгээс хол байдаг.
Тиймээс авлига гэдэг зүйл манайд байхгүй гэж итгэлтэйгээр хэлж чадна. Хөрөнгө оруулалтын газрынхан үйлчлүүлэгчдээ инээж угтаад, гар барилцаж, амжилт хүсэн үддэг.
-Та бүхэн одоогийн байдлаар чанартай хөрөнгө оруулагч нэмэгдсэн гэж үзээд байгаа. Жилийн дараа хэрхэн нэмэгдэх бол. Үүний тулд ямар ажил түлхүү хийх вэ?
-Мэдээж бидний гол зорилго бол одоо байгаа чанартай тоог нэмэгдүүлэх. Үүний тулд дорвитой алхмуудыг шат дараатайгаар хийж, хэрэгжүүлж байна. Хамгийн гол нь Монгол Улсыг дэлхийд дахин таниулах. Үүний тулд “Яагаад заавал Монголыг сонгох ёстой гэж” гэдэг таван таатай шалтгааныг танилцуулж байгаа.
Сурталчилгааны ажлын хүрээг илүү чанаржуулахын тулд Тони Блейр сангийнхантай хамтран ажиллаж байна. Мөн гадаадад айлчилж буй сайд, дарга нарын илтгэлүүдэд анхаарал хандуулан, нухацтай ажилладаг. Энэ нь эргээд Монгол Улсыг гадаадад сурталчлах нүүр царай болдог. Ингэснээр гадныхан “одоо өөрчлөгдсөн байна, шинэчлэгдэж” гэж мэдэж авдаг.
Өмнө нь хууль эрх зүйн орчин тодорхой бус байсан. Харин одоо хууль маш тодорхой болсон. Хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл олгож байгаагийн хэрээр шүүлтүүрээ ч сайжруулсан. Энэ нь хөрөнгө оруулагчдын чанартай холбоотой.
Мөн нэгэнт хөрөнгө оруулсан бол ямар бэрхшээл тулгарч байгааг судалж байна. Ингэснээр дараа дараагийн хөрөнгө оруулагчдад тэрхүү бэрхшээл давтагдахгүй, тухайн орчныг сайжруулсан байхаар зорьж байна.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин