Урлаг нийгэмдээ автаад байвал хөгжихгүй

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Урлаг нийгэмдээ автаад байвал хөгжихгүй

Долоон найруулагчийн дотоод ертөнцийн аялал өнөөдрөөс Драмын театрын тайзнаа эхэлж байгаа билээ. Тэдний дотоод ертөнц өөр өөрсдийн гэсэн онцлог, зөрчлийг өгүүлэх бөгөөд тус аялалын салхийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдорж “Хэрээт төгөл” хэмээх уран бүтээлээрээ хагалж буй.

Түүнтэй УДЭТ-аас хэрэгжүүлж буй “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн талаар ярилцлаа. Энэ төслийн хүрээнд тус театр долоон найруулагчийн долоон өөр бүтээлийг олны хүртээл болгож байгаа юм.

-Яагаад заавал “Хэрээт төгөл” жүжгийн зохиолыг та сонгох болсон бэ?

-Сэтгэлзүйн хувьд энэ зохиол тун сонирхолтой. Хүний амьдралын торгон цэгүүд дээр хүрдэг сонирхолтой бүтээл. Хүн хүнээрээ байх, хүний ёс жудаг гэдэг зүйлийг түлхүү харуулсан. Ялангуяа өнөөгийн нийгэмд энэ асуудлыг дахин нэг сөхөх хэрэгтэй юм шүү дээ. Хувь хүн талаасаа уран бүтээлч, найруулагч хүнийхээ хувьд ч тэр энэ зүйлд маш их эмзэглэж байгаа. Энэ зүйлийг бид ярихгүй юм бол Театрын урлагийн соён гэгээрүүлэх боловсрол, чадал, чадвар нь хаана орших билээ. Энэ талаас нь энэ жүжгийг сонгосон юм. 19-р зууны үед Чехов жүжгийн зохиолуудаараа томоохон өөрчлөлт хийсэн хүн шүү дээ. Дүрүүдийн хувьд их эмзэг, санаа нь их ил хэрнээ нуугдмал, зөрчил ихтэй. Жүжгийн зөрчил ихтэй байгаа хэрнээ цаад санаа нь их нуугдмал юм. 

-Долоон найруулагчийн ертөнцөөр урлаг сонирхогчид аялна гэж ойлгож байгаа. Гэвч эдгээр найруулагчид үзэгч, урлаг сонирхогчдод жүжгүүдээрээ юуг илүү өгөхийг, мэдрүүлэхийг зорьсон бэ. Мэдээж урлаг өөрөө мэдрэмж шүү дээ?

-Долоон найруулагч эдгээр жүжгүүдээр өөрсдийгөө хэрхэн гаргаж байгаа нь, үзэгчдийн сэтгэлд цаашлаад зүрхэнд яаж хүрч байна вэ гэдгээрээ уг жүжгийн агуулга ач холбогдол нь хүрнэ гэж бодож байгаа. Мэдээж долоон хүн долоон өөрөөр харна, бодно, сэтгэнэ. Зохиолын мөн чанарыг ямар аргаар илэрхийлж, ямар жүжигчдийг сонгож тоглуулах вэ, юуг үзэгчдийн сэтгэл зүрхэнд шингээх вэ гэдэг зүйлийг эрж, хайх хайгуул шүү дээ. Эдгээр найруулагч маань ямар нэгэн зүйлийг хүн төрөлхтөнд, хүмүүст илэрхийлж хэлэхийн тулд сонгож авсан зохиолууд байгаа. Мэдээж найруулагч бүрийн оюуны эрэл, хайгуул найруулагч бүрийн өнцөг, найруулагч бүрийн урлагийн “лабораторит” өөр өөрөөр тусна. Тэдгээр найруулагч бүрийн дотоод ертөнцийн лабораторид боловсорсон бүтээлийг сонин, содноор илэрхийлэх биз ээ. Түүгээрээ үзэгчдийн дотоод ертөнцөд эерэг эсрэг зөрчлүүдийг үүсгэж мэднэ. Гэхдээ ямар нэгэн байдлаар эдгээр уран бүтээлчдийн бүтээл үзэгчдэд их бага хэмжээгээр ямар нэгэн зүйлийг өгнө гэж бодож байгаа. Хүн өөрөө нийгмийн бүтээгдэхүүн учраас нийгэмд тусгалаа олсон бүтээлүүдийг найруулагчид маань гаргах байх.

-Сүүлийн үед драмын урлагийн хөгжил өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй эрчимтэй хөгжиж байна. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?

-Драмын урлаг эрчимтэй хөгжихөөр барах уу даа. Цаг хугацаатай уралдаж шинэ зүйлийг эрэлхийлэх шаардлага гарч байгаа юм. Ер нь театрын урлаг жаахан авангард, урагшаа харсан байж байж амьд хөгжиж байдаг. Нийгмээ дагаад нийгмийнхээ байдалд автаад байх юм бол хөгжихгүй. Тиймээс нийгмийг урагшина чиглүүлж авч явдаг зүйл чинь амьд театрын урлаг шүү дээ. Өөрсдөө ч хошуучлагчид байж гэмээнэ энэ салбарын урлаг эрчимтэй хөгжинө. Хамгийн чухал зүйл бол залуу найруулагчид хүчтэй байх ёстой гэж бодож байгаа.

-Дунд сургуулийн хүүхдүүдийн урлагийн боловсрол тэр дундаа Драмын урлагийн боловсрол хэр байгаа бол. Тэр болгон залуучууд, өсвөр насны хүүхдүүдэд драмын жүжиг үзээд байх нь ховор шүү дээ?

-Өсвөр насны хүүхдүүдийн хувьд хамгийн эхэнд уран зохиолын хичээлийг ярих хэрэгтэй. Тэр боловсролын дараанаас драмын урлагийг ярих хэрэгтэй. Уран зохиолоор дамжиж жүжгийн боловсролыг ярина. Уран зохиолоор аялаагүй байж жүжгийн ертөнцөд аялана гэдэг худлаа. Тэр битгий хэл драмын төрлийн жүжигчдийг бэлтгэх, урлагийн ертөнцийг ойлгох суурьгүй болно гэсэн үг л дээ. Энэ асуудал дээр би тун эмзэг байна гэж бодож байгаа. Уг нь авьяастай хүүхдүүд олон бий, аль ч салбарт. Гэхдээ мэдлэггүй байна. Энэ зүйлийг хөгжүүлж ивээн тэтгэж байдаг зүйл бол уран зохиол шүү дээ. Өөрийн үндэсний болон гадаадын, дэлхийн уран зохиолын ертөнцөөр аялсаны дараа урлагийн ертөнцийн зах зухаас мэддэг болдог. Тиймээс энэ хүүхдүүдийн хөгжих үндэс нь уран зохиол.

-Мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх боловсролын байгууллагуудыг хүмүүс нилээд шүүмжилдэг. Тиймээс драм болон урлагийн бусад салбарт чадварлаг уран бүтээлчид тэр болгон төрөхгүй байна гэсэн яриа бас бий. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Чадварлаг төрөх үү, төрөхгүй юу гэдэг нь хувь хүнээс шууд шалтгаалана. Эдгээр залуучуудыг олж төрүүлнэ гэдэг бол мэргэжлийн урлагийн байгууллагуудаас мөн шууд хамааралтай. Манай сургуулиуд найруулагчдыг, жүжигчдийг төрүүлж байгаа хүлээж аваад тэр хөрсөн дээр ажиллаад, тэтгээд ааваад ажиллуулах байгууллага бага байна. Олон салбарт театруудын хөгжил уран бүтээлчдийн хөгжил яригдаж байгаа. Орон нутгийн театрын хөгжил бол тасархай үлдэж байна. Яагаад гэхлээр яам нь бодлого байхгүй учраас орхигдож байна л даа. Мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудтай яам маань хамтарч ажиллах, тэднийг бэлтгэх хэрэгтэй. Боловсролын яам болон ССАЖЯ-ны дунд дахиад нэг яам байх хэрэгтэй болов уу. Төгсөгчдийг боловсруулж, чадварлаг уран бүтээлч болгоход нь яалт ч үгүй хамтийн ажиллагаа хэрэгтэй. Эдгээр уран бүтээлчдийг бэлтгэх бааз байхгүйгээс залуучууд өөрсдөө  хувиараа уран бүтээл хийхийг илүү үздэг болжээ. Тэгэхлээр урлагийн улсын байгууллага орхигдоно. Танхимаас олсон мэдлэгийг дадлага хийж амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал гэвч тэр орчин байхгүй . Нөгөө талаар хавтгайрсан урлагийн боловсон хүчин бэлтгэх байгууллага олон болсон шүү. Жүжигчин бэлтгэх нь зөв боловч хаана ажиллах нь тодорхойгүй.

-Мэргэжлийн томоохон уран бүтээлчид ССАЖЯ-ыг тааруу ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Та юу гэж боддог вэ?

-Яг мэргэжлийн уран бүтээлч удирдлагууд дунд цөөхөн байна л даа. Ажиллах хэрэгтэй. Мэргэжилтнүүд өндөр чадвартай байж урлагийн салбарт байгаа асуудлуудыг шийдэж чадна. Тэгээд мэдээж сайдад хүрч, сайдад ойлголт өгөх байх л даа.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж