С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг эргэж харах ёстой

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг эргэж харах ёстой

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилт авах хугацаа нь өнгөрчихлөө. Мөн тайлангаа танилцуулсан. Энэ бүхнээс болоод Оюутолгойд шинэ нөхцөл байдал үүслээ гэж дүгнэж болох уу?

-Оюутолгой дээр өнөөдөр цоо шинэ нөхцөл байдал үүсчихээд байна. Хөрөнгө оруулагчид яагаад бидэнтэй гэрээ хийсэн юм бэ гэвэл өнөөдрийнх шиг шинэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд үүнийг зохицуулна гэж гэрээ хийсэн. Бүх юм сайн сайхан байвал гэрээний шаардлага байхгүй шүү дээ. Харин ямар нэгэн үл ойлголцол, гаднын нөлөөлөл үүссэн тохиолдолд эв найртайгаар асуудлаа яаж шийдэх вэ гэдэгт л гэрээ хэрэгтэй. Гэрээний туйлын зорилго энэ.

Саяхан Оюутолгой компани тайлангаа тавилаа. Энэ тайландаа Монголын төр, ард түмнийг маш их гутаасан олон зүйлийг тусгасан байна. Тайлан дотор гэрээгээ зөрчсөн зүйлүүд ч байна гэж үзэж байгаа. Тиймээс УИХ энэхүү гэрээг эргэж харж ярилцах цаг нь болсон. Хоёрдугаарт, монголчуудын толгойг угаах алхам хийж байгаа нь бас л гэрээгээ зөрчиж байгаа явдал. Гуравдугаарт, Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилт авах хугацаа нь өнгөрчихлөө. Эцсийн дүндээ "Рио Тинто” компани санхүүжилт, хөрөнгө оруулалтаа бүрэн даах ёстой. Гэтэл одоо үүнийгээ яагаад Монголын тал руу бухаад байна вэ. Энэ бол тус компанийн дэндүү увайгүй үйлдлийн илрэл.

-Энэ бүхний эсрэг Монголын талаас ямар алхам хийх ёстой вэ?

-Ямар шийдэл хийж болох вэ гэдэг дээр надад өөрийн гэсэн хувилбар бий. Гэхдээ энэ хувилбараа минийх л зөв гэж гаргаж тавихаасаа илүүтэйгээр “Рио Тинто"-гийн дураараа авирлаж байгаа явдал, гэрээ зөрчсөн үйлдэл, ярьж хэлснээсээ буцсан алхам бүрийг бүгдээрээ ширээний ард сууж ярилцах цаг нь болсон. Би ингэмээр байна, тэгмээр байна гээд ярихад бэлэн. Гэхдээ ингэхийг хүсэхгүй байна. Бүгдээрээ ширээний ард бөөнөөрөө суугаад ярилцах нь чухал. Би ийм л санаачилга гаргаж байгаа.

-Та Оюутолгой төсөл зогсонги байдалд шилжсэн нь манай улсын эдийн засагт хэр нөлөөлсөн гэж үзэж байгаа вэ?

-Оюутолгой төсөл Монголын эдийн засагт сайнаар эсвэл муугаар нөлөөлсөн гэж дүгнэхээс илүү “Рио Тинто” гэрээгээ биелүүлсэн үү гэдгийг л дүгнэх хэрэгтэй. Хятадын эдийн засаг удааширсны улмаас энэ зах зээл рүү түүхий эд нийлүүлдэг манай олон компани хүнд байдалд орсон. Эдгээр компани дотор “Оюутолгой” компани орж байгаа. Энэ байдлыг ашиглаж “Рио Тинто” өөртөө давуу байдлыг бий болгож барьцаа хангаж байгаа нь увайгүй явдал.

Оюутолгой төсөл Монголын эдийн засагт сайнаар эсвэл муугаар нөлөөлсөн гэж дүгнэхээс илүү “Рио Тинто” гэрээгээ биелүүлсэн үү гэдгийг л дүгнэх хэрэгтэй.

Дээр нь “Рио Тинто”-гийн “бууны нохой” болсон зарим судлаач, эдийн засагч буруу ярьж  байгааг хараад гайхаж байна. Жишээ нь, Монголын эдийн засаг “Рио Тинто”-гоос болж сөхрөөд байгаа юм шиг ярьж байна. Үүн шиг худлаа юм байхгүй.

Австралийн Уул уурхайн судалгааны институтаас гаргасан нэг судалгаа байдаг юм. Аливаа улс оронд томоохон уул уурхайн төсөл хэрэгжиж эхэлснээр дөрвөн үйл явц болдог тухай тэр судалгаанд дурдсан байдаг юм. Нэгдүгээрт, валютын ханш огцом өсдөг. Манайхан болохоор гадаадын хөрөнгө оруулагчид гараад явахаар валютын ханш өсдөг гэж яриад байгаа. Гэтэл орж ирэхэд нь огцом өсдөг байхгүй юу. Хоёрдугаарт, боловсон хүчний үнэлэмж өсдөг.

Яг валюттай адил. Гуравдугаарт, барилгын үнэ өсдөг. Маш их хэмжээний арматур, цемент хэрэглэдэг. Ингэснээрээ зах зээл дээрх барилгын материалын үнэ өсдөг. Үүнийг дагаад барилгын үнэ өсдөг. Дөрөвдүгээрт, 16 төрлийн үйлчилгээний үнэ өсдөг. Тиймээс эдийн засагчид буруу тайлбарлах хэрэггүй.

-Танд “Оюутолгой” компани хэдэн ажилчнаа халсан, ханган нийлүүлэгчдээсээ бараа бүтээгдэхүүн авахаа больсон тухай мэдээлэл ирж байгаа юу?

-Хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дахин байгуулна гэсэн заалт байдаг. Гэтэл өнөөдөр тэр гэрээгээ байгуулаагүй. Улмаар маш олон монгол ажилчныг хална гэдгээр сүрдүүлж байна. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоон дээр ажлаасаа халагдсан, халагдах гэж байгаа хүмүүсээс ирсэн мэдээлэл их бий.

Жилийн өмнөөс ханган нийлүүлэгч олон компанийн үйл ажиллагааг өөрсдийнхөө дур зоргоор зогсоож байгаа талаар аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл ирж байгаа. Харин гэрээ байгуулсан ганц нэг улстөрчдийн таниг талын компани л “Рио Тинто”-р бараа бүтээгдэхүүн шахаж байна, Гэрээгүй юм шиг дураараа загна» байгаа явдлыг шинэ нөхцөг байдал үүссэн дээр нь Засгийн газар дахин авч үзэж ярилцах цаг болсон. Үүнийг нийт улстөрчдөд хандан уриалж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж